БАЙР СУУРЬ: “10 саяас дээш төгрөгийн зээл их хэмжээгээр гарсныг шалга”


 “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг яг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Өчигдрийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Миний ойлгосноор 10 саяас дээш төгрөгийн зээл бүгд оны сүүлээр гарсан байна. ҮАБЗ-ийн шийдвэр гарсны дараа гэсэн үг. Маш их хэмжээний зээл гарсан байна лээ шүү” гэж хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл уг асуудлаар иргэд ч байр сууриа илэрхийлж эхэллээ.

Н.Мөнхөө: Их хэмжээний тэтгэврийн зээл гарсан бол ноцтой асуудал

 /Сүхбаатар дүүргийн иргэн/

Өчигдөр хэвлэл мэдээллээр 2019 оны сүүлээр буюу 11,12 сард их хэмжээний тэтгэврийн зээл гарсан гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байна лээ. Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа хүн бодит бус, баримтгүй мэдээлэл хийхгүй байх. Ийм шударга бус байж болдог юм уу. Байгалийн баялгаас ард иргэд  ижил тэгш хүртэх учиртай. Гэтэл мэдээлэлд хамгийн ойр байгаа хүмүүс нь хожоод, бусад нь хохирч болохгүй биз дээ. Үнэхээр ҮАБЗ гарсны дараа  их хэмжээний зээл гарсан бол хууль хяналтын байгууллага нь шалга. Энэ бол ноцтой асуудал шүү. Ер нь тэтгэврийн зээлийг төрөөс төлөхийг би дэмжээгүй, дэмжихгүй.

100%

Г.Оюунцэцэг: Их хэмжээний зээл гарсан асуудлыг нарийн шалгах хэрэгтэй

/Баянзүрх дүүргийн иргэн/

Төр засагт зээл чөлөөлөх чадвар байгаа юм уу. ОУВС-ын ач буянаар эдийн засаг арай гэж өндийж байна шүү дээ. Халамж хавтгайруулж олгох нь нийгэмд асар буруу хүлээлт үүсгэж байна гэж эдийн засагчид хэлж байна. Эдийн засагчдаа  сонсох хэрэгтэй. Зээл авсан бол төлөх нь хувь хүний үүрэг шүү дээ. Үүнээс гадна өнгөрсөн оны сүүлээр  их хэмжээний тэтгэврийн зээл олгогдсон байна гэсэн мэдээлэл тархаад байна. Энэ ер нь юу болоод байгаа юм бэ. Тэтгэвэр тэглэх нэрийн дор садан төрөлдөө зээл авч өгчхөөд, хууль гаргаад төлөх гэж байна уу гэсэн хардлага нийгэмд үүсээд байна. Тэгэхээр оны сүүлээр 10 саяас дээш төгрөгийн зээлүүд их хэмжээгээр гарсан бол нарийн шалгаж тогтоож иргэдийн эргэлзээг тайлах хэрэгтэй байх.

Г.Бадарч: Ахмадууддаа ялгавартай хандмааргүй л байна

             /Баянзүрх дүүргийн иргэн/

Нэг удаадаа тэтгэврийн зээлийг төрөөс төлж өгөх нь буруу юу байхав. Гол нь ахмадуудаа ялгавартай хандмааргүй байна. Бид чинь ихэвчлэн эмнэлэгт хэвтэх, рашаан сувилалд явахдаа  зээл авдаг хүмүүс. Зарим өндөр настнуудын хувьд үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, орон сууцны зээлийн урьдчилгаанд нь дэмжлэг үзүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Төр засагт нь эдийн засгийн боломж гарц нь байвал нэг удаадаа тэтгэврийн зээлийг төлөөд өгөх нь буруу биш.

Ё.Дашсамбуу:Тэтгэврийн зээлийг төлөх нь зөв

Хүүхдүүдийнхээ төлбөрийг төлөх, өвчин эмгэгээ эмчлүүлэх гэж л бид чинь зээл авч байгаа шүү дээ. Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс төлж өгөх шийдвэрийг дэмжиж байна. Гэхдээ зээл аваагүй үр хүүхдээсээ бага зэрэг санхүүгийн дэмжлэг аваад явж байгаа эцэг эхчүүд олон л бий байх. Аргагүй, гарцаагүй үед зээл авна гэсэн бодолтой явсан байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр  ахмадууддаа тэгш боломж олгох ёстой байсан  болов уу. Ялгаварлан гадуурхах явдал болох вий. Ахмадуудаа харж үзэх цаг нь болсон гэж зарчмын хувьд санал нийлж байна.

Н.Бүжин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.