СОНГУУЛЬ: Найм дахь удаагийн парламентын сонгуульд аль намаас, хэн хэн, хаана нэр дэвших бэ?


2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Тиймээс тун удахгүй аймаг, дүүргүүдэд хэдэн мандат оноох талаарх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ. Энэ удаагийн сонгуулийг томсгосон можаратори тогтолцоогоор явуулахаар болсон. Өөрөөр хэлбэл нийт 20 аймаг, зургаан дүүрэг гэсэн 26 тойрог бий болох нь тодорхой болсон байна.

Харин найм дахь удаагийн парламентын сонгуулийн зургийг МАН зурж байна. Ингэхдээ тэд өөрсдөдөө аль болох ашигтайгаар тойргуудад мандат оноохоор зэхжээ. Тодруулбал, өмнөх сонгуулиудаар нэг мандаттай явж ирсэн “улаан” сонголттой аймгууд болох Булган, Говь-Алтай, Дундговь аймгууд хоёр мандаттай болох төлөвтэй байна. Мөн голчлон “цэнхэр” сонголт хийдэг зарим аймгууд, нийслэлийн зарим дүүргүүдийн мандатыг багасгаж МАН-д ашигтайгаар зуржээ.

Тэгвэл найм дахь удаагийн парламентын сонгуулийн 26 тойрогт аль аль намуудаас, хэн хэн гэдэг улс төрчид, хаана нэрээ дэвшүүлж өрсөлдөх вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс манай редакцаас 2020 оны сонгуульд нэрээ дэвшүүлэх сонирхолтой байгаа. Нэр дэвших нь тодорхой болсон дэвшигчдийг тойргоор нь тоймлон танилцуулж байна.

Архангай аймаг: Тус аймгийн гурван мандат дээр МАН-аас БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар дахин дэвших гэж үзэх нь тодорхой байна. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээллээр ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр хүнд сул, дээрээс нь намын даргатайгаа таарамж тааруу байгаа учир түүнийг дэвшүүлэх, эсэх асуудал эргэлзээтэй байна. Харин АН-аас Сангийн сайд асан Б.Болор дахин дэвших сурагтай байгаа бол өөр бусад нэр дэвшигчид нь төдийлөн тодроогүй байгаа аж. Гэхдээ МАН-ын гурвыг ялчих нэр дэвшигчийг С.Эрдэнэ дарга бэлтгээд амжсан гэх юм.

Баян-Өлгий аймаг: Өлгийн гурван мандатын эзнээр МАН-аас А.Баделхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, аймгийн Засаг дарга  А.Гылымхан нар яригдаж байгаа. Гэхдээ энэ гурвын нэг нь дэвшихгүй ч байж магад. Учир нь УИХ-ын гишүүн Г.Солтан ЖДҮ багийн гишүүн учир Ерөнхий сайдаас дэмжлэг авчих магадлалтай. АН-аас одоогийн УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан А.Бакей, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан нар нэр дэвшчихэж мэднэ.

Баянхонгор аймаг: Ерөнхийлөгчийн нутагт МАН-аас нэр дэвшихээр тойргоо услаад байгаа олон хүн бий. Учир нь тэндэхийн гол өрсөлдөгч байсан Х.Баттулга Ерөнхийлөгч болсон учир бусад нэр дэвшигчдэд боломж гарч ирсэн гэсэн үг. Тэдний магнайд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, М.Билэгт нар яваа дуулдсан. Харин АН-аас УИХ-ын гишүүн асан, “бидон” хочит Д.Ганбат, Хөх хотод суух Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан нарын нэр дуулдаж буй. Мөн "ШИНЭ" намаас Лу.Болд очиж мэдэх юм.

Булган аймаг: Хоёр мандаттай болсон. Тиймээс МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй хоршиж нэгэн эрхэм дэвшинэ. Гадуур яваа таамаг дунд хамгийн өндөр магадлалтай нь УИХ-ын гишүүн “Монполимет”-ын Ц.Гарамжав гэгдэх юм. Гэхдээ тэр л биш байгаасай гэж Булганы МАН-ынхан өвөр зуураа ярьж байгаа сурагтай. Магадгүй түүнийг дэвшвэл Булган аймаг цэнхэртэж мэднэ. Учир нь Булганд АН-аас Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй шинэ, хүчирхэг залуучууд сойгдож буй.

Говь-Алтай аймаг: Тус аймгийн мандатыг МАН-ын дарга У.Хүрэлсүх “генсек”-дээ зориулж нэмсэн гэж хэлж болно. Тиймээс л МАН-ын "генсек" Д.Амарбаясгалан аль эртнээс тойргоо усалж, бэлэг сэлтээ тараачихсан. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хорших нь мадаггүй. Харин АН-аас аймагтаа рейтинг өндөр яваа аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар нарын шинэ дэвшигчид тодрох байх.

Дорноговь, Говьсүмбэр аймаг: Тус аймгуудын хоёр мандат дээр МАН-аас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг нар очих гэнэ. Харин АН-аас  Аймгийн Засаг дарга асан П.Ганхуяг, тус аймгийн АН-ын дарга Б.Төмөрхуяг нар нэр дэвших өндөр магадлал бий.

Дундговь аймаг: АН-аас УИХ-ын гишүүн, “Мон-Уран”-ын Батсүхийн Наранхүү, Монгол Улсын Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбо хоёр торойгоод гараад ирнэ гэж хүмүүс ярих юм. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир үзэхээр аль эртнээс тойргоо услаад яваа, түүнийг дагаж Аймгийн ИТХ дарга С.Сүхбаатар дэвшиж мэднэ.

Дархан-Уул аймаг: МАН-аас УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Болдын Жавхлан, Баагаагийн Баттөмөр нар дархан эрхийнхээ дагуу давхих сурагтай. Гэхдээ Д.Хаянхярвааг У.Хүрэлсүх дэвшүүлэхгүй ч байж мэдэх юм. Харин АН-аас Дарханы АН-ын Гантулга, “Бурхан Халдун” группийн Н.Мөнхдаш нарын нэр яригдаж буй. Мөн тэнд МАХН-аас "босоо" Ганбаа, Ж.Сүхбаатар нар үзэж магадгүй.

Дорнод аймаг: Энэ аймгийн хоёр мандат дээр МАН-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нараас өөр хэн дэвших вэ дээ. Тэд чухам энэ тойргийг өмчлөөд хувьчлаад авчихсан юм шиг л баруун солгойгүй бэлэг тарааж, дэвж шавж байгаа гэж хэлж болно. Гэхдээ тэднээс нэр хүндтэй эрхмүүд Дорнодод байгаа дуулддаг. АН-ын хувьд энэ хоёр мандат дээр нилээд чамбай нэр дэвшигчид тавихаар зэхэж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл тэндээ нэр цэвэр байгаа дуулдана.

Завхан аймаг: 2016 онд АН навс ялагдахад ганцаараа босоо үлдсэн тойрог бол яах аргагүй Завханы тойрог. Тэнд АН-аас Я.Санжмятав, З.Нарантуяа дахин хоршино. Тэдний хэрхэн ажилласныг энэ сонгуулиар дүгнэнэ. МАН-аас гарьд Ц.Цэрэнпунцаг, “Сонор” трейд Б.Энхболд, Н.Мөнхбаясгалан, Харин "Үнэн ба Зөв нам"-аас “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу нар л үзэх болов уу.

Орхон аймаг: Эрдэнэт хотын гурван мандатын хувь заяа МАХН-ын О.Баасанхүү, МАН-ы О.Содбилэг, АН-ын Д.Одхүү нарын дунд ч шийдэгдчих магадлалтай. Гэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн улс төрийн зөв нүүдлээс тэндэхийн өнгө тодорхойлогдоно.

Өвөрхангай аймаг: Энэ удаад Өвөрхангай аймаг дөрвөн мандаттай болох төлөв бий. МАН-аас УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар шахцалдан нэрээ дэвшүүлэх болов уу. Харин АН-аас Өвөрхангай аймгийн АН-ын дарга, хуульч Алтангэрэл, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сүмогийн их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж нарын шинэ, хүчтэй залуучууд хөгшин бурхи нартай хүч үзэх төлөвтэй.

Өмнөговь аймаг: Эндэхийн хоёр мандат дээр МАН-ынхан зодолдох нь тодорхой. Учир нь сүүлийн үед УИХ-ын гишүүдээсээ нэр хүндтэй нэгэн тус аймагт тодроод байгаа. Тэр хүн бол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Хархүүгийн Мандахбаяр. Тэгэхээр Өмнөговийн МАН-ынхан яах аргагүй зөрчилдөж таарна. Одоо гишүүн байгаа Н.Амарзаяа, Л.Энхболд нар дахиад дэвшинэ гэж л үзнэ шүү дээ. Харин АН-аас бол “Ажнай” Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд асан Цэвэлмаагийн Баярсайхан тэргүүтнүүд нэрээ дэвшүүлэхээр зэхсэн нь тодорхой.

Сүхбаатар аймаг: Сүхбаатарчууд УИХ-даа МАН-ыг, орон нутгаа АН-аар удирдуулаад удлаа. Тэрийг нь ч мэдсэн үү, амташсан уу МАН-ынхан улиг болсон Ч.Улаан сайдыг дэвшүүлэхэд ялчих жишээтэй. Энэ удаад мөн адил тус аймгийн хоёр мандатыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ч.Улаан нар кармаалхаар зэхэж суугаа гэх. Гэхдээ нидэр дээрээ  мань “топор” хаашаа зугтахыг хэн мэдлээ. Харин АН-аас аймгийн Засаг дарга асан Ж.Батсууриас эхлээд хэн ч байсан халз үзэлцэх дэвшигчид олон байгаа.

Сэлэнгэ аймаг: Сэлэнгийн гурван мандат дээр МАН-аас  хүн нь олдож, АН-аас хүн нь өлдөж мэдэх юм. Учир нь МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь, "Сөүл" группын захирал Өнөрболор, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд асан “шилэн” хэмээх Б.Цогтгэрэл нар өрсөлдөхөөр зэхчихсэн. Гэхдээ нэг нь жийгдэх нь тодорхой. Эх сурвалжуудын онцолсноор ЖДҮ-д холбогдсон гишүүнээ жийхээр ярилцаж байгаа л гэх юм. Харин АН-аас одоогоор хамгийн тодорхой байгаа нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат юм. Энэ удаад тэд “дуучин” Эрдэнэтунгалагийг дэвшүүлж гоомойдохгүй байлгүй дээ.

Төв аймаг: Улаан сонголтоороо алдартай Төв аймагчууд сүүлийн жилүүдэд хоёр Энхболдоосоо залхсан уу, орон нутагтаа лав цэнхэр сонголт хийгээд амжсан. Тэгвэл тус аймгийн гурван мандат дээр МАН-аас дахиад л өнөөх УИХ-ын дарга асан Миеэгомбын Энхболд, Батлан хамгаалахын сайд, ЖДҮ сангаас зээл авсан Н.Энхболд, Мөн ЖДҮ санг хоосолсон дархан аварга Агваансамдангийн Сүхбат нарын нэрс яригдаад эхэлжээ. Гэхдээ энэ удаад Энхболдтонгуудыг У.Хүрэлсүх жийж өөр нэр цэвэр залуучуудыг дэвшүүлэхээр зэхэж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Тэгвэл У.Хүрэлсүхэд нэр цэвэр кандидат тун маруухан олдох болов уу. Байлаа гэхэд мөн л өнөөх ЖДҮ санг цөлмөлцсөн Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар мэт хэн л байх биз.

Харин энэ удаад Төв аймгийн АН-аас УИХ-д гишүүн төрж мэдэх юм. Гэхдээ өрсөлдөөн ширүүн явагдана. Одоогоор АН-аас Ардчилсан намын  ЕНБДарга, "генсек" Ц.Туваан хүч үзэхээр зэхээд буй. Түүнийг Төв аймагчууд "хүнээ таньдаг, замаа мэддэг хүн" гэлцэх юм билээ. Мөн түүнтэй хамт Төв аймгийн унаган хүүхдүүд Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн ТУЗ-ын дарга Д.Алтанхуяг, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв нар нэр дэвших сонирхолтой байгаа аж.

Увс аймаг: Увсын цэнхэр хязгаарын гурван суудлын төлөө МАН-аас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар нэрээ дэвшүүлэх нь бараг л тодорхой болов уу. АН-аас Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, "Тесо" группын ерөнхийлөгч О.Цогтгэрэл нарын олон хүн нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй аж. Гэхдээ “Тесо” группийн босс Сонгинохайрхан дүүрэгт сойгдож мэдэх юм. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ж.Батзандангийн намаас дэвшчих магадлалтай байгаа.

Ховд аймаг: Олон ястнуудын өлгий Ховд аймаг энэ удаад хоёрхон мандадтай болох сурагтай. Тэгэхээр одоо МАН-аас УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт, О.Батнасан нар л дахиад нэрээ дэвшүүлэх байх даа. Гэхдээ тэнд МАН-аас БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа дэвшчих санаатай байгаа. Харин АН-аас мэдээж УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж хүч үзэж, түүнтэй Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаа хосолж магад.

Хөвсгөл аймаг: Хоймор нутагт эрх баригчид дөрвөн мандат зурсан гэх юм. Тэгэхээр тэнд МАН-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Мөнхбаатар нар дахих болов уу. Харин АН-аас эгзэг нь таарвал УИХ-ын гишүүн асан, хүний эрхийн хуульч Цэдэвдамбын Оюунгэрэл, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, АН-ын “генсек” асан Ло.Эрхэмбаяр, Хөвсгөлийн АН-ын Г.Мөнгөнхуяг нар байж болох хувилбарууд.

Хэнтий аймаг: Хэнтийнхэн өнгөрсөн сонгуулиас хойш МАН-д тийм ч сайнгүй болсон. Учир нь тэдний сонгосон нялх “Сэнгүм”-үүд итгэлийг нь даасангүй. Иргэдээ ч төлөөлж чадалгүй чуулганы танхимаас хэцүү нэрт лүү ачигдсан. Одоо Хэнтийн МАН-д хэрэг болчих хүн гэвэл УИХ-д тохойгоо элэгдтэл завсаргүй суусан Баагий аварга, Засаг ноён Н.Ганбямба гуай нар байна. Яахав ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг аваргын суганд хавчуулчихъя. Түүнээс Хэнтийд МАН-аас гялайх кандидат алга. МАН-ын дарга У.Хүрэлсүх манай нутаг гэж ирээд дэвшчихгүй л бол тэнд МАН-ынхан гялтайх нь юу л бол. Харин МАХН-аас Намбарын Энхбаяр гэж нэг айлгадаг хөгшин чоно байна. Гэхдээ түүний дэвших эсэх нь эргэлзээтэй болоод буй. АН-аас бол Засаг дарга асан Ж.Оюунбаатар нарын кармаандаа оноотой хүчтэй өрсөлдөгчид нилээд хэд хүлээж байгаа.

Одоо харин нийслэлд хэн, хэн нэр дэвшихээр зэхэж тойргоо усалж, бэлгээ тараасан бол? 

Баянзүрх, Налайх дүүргүүд: Таван мандат дээр мэдээж ширүүн өрсөлдөөн болно. Энд лав "ШИНЭН"-гийн Ж.Батзандан, МАНАН-гийн Т.Аюурсайхан нар зам заана гэж үзнэ. Араас нь бие даагч С.Жавхлан, Хотын дарга С.Амарсайханы хүн ширүүхэн үзчих болов уу. Мэдээж бусад намууд  нэр дэвшигчдээ дэвшүүлэх нь тодорхой.

Баянгол дүүрэг: Энэ бол УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн тойрог. Тийм ч учраас эрх баригчид гуравхан мандат хуваарилсан биз. Тэр мэдээж гурван мандатын нэгд нь өөрөө дэвшиж таараа. Түүнийг дагаад С.Одонтуяа нарын олон нэр дэвшигчид овоорч байгаа нь тодорхой. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар даагаа нэхэнэ дээ.

Хан-Уул, Багахангай дүүргүүд: Тус дүүргүүд МАН-ынханы хамгийн ялах шаанстай дүүргүүдээр тодорсон бололтой. Багахангайд бол МАН яаж ийгээд ялчхаад байдаг түүхтэй. Гэхдээ Хан-Уулаас гарсан ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл нар ахиж дэвшээд гарна гэдэг хэцүү. Тиймээс тус дүүргүүдэд АН, МАН аль аль нь шинэ нэр дэвшигчид сойж мэднэ. Тэдний гол өрсөлдөгч нь “ШИНЭН”-ийн Лу.Болд нар байх магадлал өндөртэй. Түүнээс өөр хүчтэй өрсөлдөгч өмнөх сонгуулиудаар гарч ирсэн удаагүй.

Чингэлтэй дүүрэг: Чингэлтэйд МАН-аас нэр дэвшигчид олон бий. Гэхдээ тэднээс хэн нь ч гарсан хуучин кандидатууд. Одоогоор УИХ-ын гишүүн Д.Ганболд, М.Оюунчимэг, Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэндээс сонгогдоод байгаа. Гэвч тэдэнд дахин өрсөлдөх боломж хомс юм. Учир нь Т.Аюурсайхан тэргүүтэй МАН-ын хэсэг залуучууд 2020 онд Чингэлтэйгээс нэр дэвшчихэж мэдэхээр байгаа юм. Харин АН-аас Г.Баярсайхан, Ш.Түвдэндорж тэргүүтэй хүчтэй өрсөлдөгчид энэ удаад дэвшихээр дэнчингээ төлсөн дуулдсан.

Сүхбаатар, Багануур дүүргүүд:  Тус дүүргүүдэд АН, МАН бусад олон намуудын хооронд ширүүн тулаан болж магадгүй. МАН-аас Сү.Батболд, М.Мөнх-Оргил нарын хуучирсан кандидатууд сүүлчийн удаагаа шинэ залуучууд болох Сангийн дэд сайд Х.Булгантуяа нартай хамт нэр дэвших магадлалтай. Харин АН-аас Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Д.Бадарсан, Лу.Гантөмөр, М.Батчимэг нарын шинэ хуучин холилдсон нэр дэвшигчид гарч ирэх болов уу. Мөн тус дүүрэгт ИЗНН-аас “Танхимын” Д.Дэмбэрэл даагаа нэхэх магадлалтай. 

Сонгинохайрхан дүүрэг: Тус дүүргийн таван мандат дээр нам намын төлөөллүүд, бие даагчид үзэлцэх нь гарцаагүй. МАН-аас лав таван шооны нүхэнд Д.Сумьяабазар, Д.Тэрбишдагва, Н.Учрал, Х.Нямбаатар, Б.Ундармаа орно гэж үзнэ. Гэхдээ тэдэн дундаас нэр дэвших эрхээ авч чадахгүй хүн ч гар ирж магад. Ялангуяа УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувьд энэ жилээр улстөрийн карерь нь төгсөж байж мэдэх юм. Харин сөрөг хүчин АН-ын хувьд дүүргийн АН-ын дарга Д.Батцогт, О.Магнай, “Тесо” группийн босс О.Цогтгэрэл, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг, М.Чинболд  нар дундаас нэр дэвшигчид тодрох болов уу. Мөн МАН-аас МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нарын нэрс ч яваа юм.

Ийнхүү МАН-ын зурсан зураг, хуваарилсан мандатын дагуу 2020 оны УИХ-ын сонгууль явагдах нь тодорхой. Тиймээс ирэх сонгуульд намууд, хэн хэнийг, хаана нэр дэвшүүлэхийг дүгнэн бичлээ. Гэхдээ хэнийгээ дэвшүүлэхээ намууд шийднэ. Харин хэнийг сонгохоо ард түмэн мэднэ.

А.ТАМИР

АNEWS.MN

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.