“Ганданд ном уншуулдаг Гадаад яам”-аар ч яахав дээ


Австрали улсын нийт нутаг дэвсгэр гал түймрийн гамшигт өртөж хүмүүс, ан амьтад хүнд байдалд ороод байгаа. Хамгийн сүүлийн үеийн хэвлэлийн мэдээллээс үзэхэд, Австрали даяар нийт 200 орчим түймэр үргэлжлэн ассаар байна. Түймэрт 1200 гаруй айлын орон байр шатаж, сая сая м.кв талбай үнс болж, олон сая ан амьтад нэрвэгдсэн байна.

Улмаар Австрали улсад гараад буй аюулт түймэрт өртөгсдөд туслах аян дэлхий дахинд өрнөж эхэлсэн юм. Өнгөрөгч амралтын өдрүүдийн байдлаар /2020.01.04-2020.01.05/ 13 сая ам.долларын хандив цугларсан гэж мэдэгджээ.

Манай Улсын иргэдийн хувьд ч сайхан сэтгэл гарган чадах чинээгээрээ хандив, тусламж илгээсээр байгаа. Тэр байтугай манай Улсын Засгийн газраас 45 мянган ам.долларын тусламж үзүүлснээ мэдэгдсэн.

Тэгвэл Австралид асаж буй аюулт түймэрт өртөгсдөд зориулж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас нэгэн сонин зан үйлд оролцож, гандангийн лам нараар ном айлдуулжээ.

Тодруулбал, Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд /2020.01.08/-ны өдөр 11 цагт Австрали улсын нийт нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, ан амьтдын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдсэн аж. Энэхүү үйл ажиллагаанд Монгол улсын ГХЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос оролцсон байна. 

Гэтэл  ГХЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогосыг нийтийн залбирал үйлдэх үйл ажиллагаанд оролцсоныг харсан хүмүүс "Гадаад яам Австралийн төлөө Ганданд ном уншуулж байна" хэмээн хошигнож, эгдүүцэж эхэлжээ. Эгдүүцэж, хошигнохоос ч аргагүй биз. “Ганданд ном уншуулдаг Гадаад яам”-аар ч яахав дээ бид.

Угтаа бол Австралийн түймэрт өртөгсдөд зориулан иргэд ганданд ном уншуулах, эсвэл гандангийн лам нар өөрсдөө буян санаж ном унших нь зүйн хэрэг. Гэтэл бүхэл бүтэн Монгол Улсын Гадаад харилцааны яамыг төлөөлж, газрын захирал нь даган баясаж ганданд Австралийн төлөө залбиран ном хуруулсан явдал өөрөө “тэнэглэл” билээ. Гадаад харилцааны яамныханг ганданд ном хурууллаа гээд ч Австралийн түймэр арилчихгүй.

Харин Гадаад яамныхан үнэхээр гадаад харилцаан дээрээ анхаармаар байгаа бол. Австрали Улсад хүнд хэцүү үед нь туслах гэж сэтгэл гаргаж байгаа бол. Битгий ингэж тэнэгт. Ганданд ном хуруулж байхаар сайдынхаа цалинг түймэрт өртөгсдөд хандивла.

Эсвэл Засгийн газар хийгээд иргэдийн хандивыг дутаачихгүйхэн шиг хүрэх ёстой газарт нь хүргэ л дээ. Тэгээд араас нь дипломат ёсоор харамсал илэрхийлээд ажилла л даа. Ингээд л болоо. Цаадуул чинь өндөр соёлтой, ухамсарт улс тул бидний тусыг хэзээ ч мартахгүй.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.