С.Батцэцэг “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажууллаа


Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд гурав дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 79, эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 68 кг-ын жингийн медалийн төлөөх, сонирхолтой барилдаанууд болсон маргааш зургаан жингийн ангиллын дагах болон шигшээ барилдаанууд болсноор энэ удаагийн УАШТ өндөрлөнө. Ингээд гурав дахь өдрийн медалийн төлөөх долоон жингийн тойм мэдээллийг хүргэе.

Эрэгтэйчүүдийн 61 кг (23 бөх): 1. Цэрмаагийн Чинзориг (Хангарьд) 2. Намсрайн Ганбаяр (Женко) 3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс), Баярсайханы Алтангэрэл (Хангай хайрхан уул)
23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, спортын мастер Ц.Чинзориг хоёр жилийн өмнө нь Орхон аймагт хүртэж байсан мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж анх удаагаа Монгол Улсын аваргаар тодорлоо. Тэрбээр шигшээ барилдаанд “Женко” клубийн Н.Ганбаярыг ялсан. Тэгвэл “Хасу-Мегастарс” клубийн 19 настай тамирчин Э.Төгсжаргал, “Хангай хайрхан уул” дэвжээний тамирчин Б.Алтангэрэл нар хүртэв. Э.Төгсжаргал УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, нэг дэвжээний Б.Түмэнцогтыг 3:2-оор, Б.Алтангэрэл Баянхонгор аймгийн тамирчин П.Мөнх-Эрдэнийг 10:8-аар тус тус ялж улсын аваргаас анхны медалиа зүүсэн.

74 кг (16): 1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд) 2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин) 3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар), Мэндбилэгийн Тэмүүжин (МУБИС)

Өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ З.Сумъяабазар улсын хошой аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Бат-Эрдэнийг 2:1-ээр ялж аваргаа хамгааллаа. Тэрбээр гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох Азийн олимпийн эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. Хүрэл медалийг 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Бямбадорж,, МУБИС-ийн 19 настай залуу тамирчин М.Тэмүүжин нар хүртсэн. Сонирхуулахад, тэд өнгөрсөн жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд яг энэ дарааллаар медалийн тавцанд зогсч байв. Гурав дахь олимпийн “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат өчигдөр шөвгийн наймд Б.Бат-Эрдэнэд 8:8-аар ялагдсан бөгөөд өнөөдөр бэртлийн улмаас дэвжээнд гараагүй.

79 кг (22): 1. Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс) 2. Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ (Аврагч) 3. Амгаланбаатарын Бат-Эрдэнэ (Хангай хайрхан уул), Ган-Очирын Даянбилэг (Алдар)

Сүүлийн гурван жил энэ жинд хэнд ч тахимаа өгөөгүй, Монгол Улсын найман удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж залуучуудад боломж олгож УАШТ-ийг өнжсөн. Тэгвэл үүнийг “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Батзул ашиглаж шигшээ барилдаанд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хүрэл медальт, “Аврагч”-ийн Д.Төгс-Эрдэнийг оноогоор цэвэр ялж алтан медалийн эзэн боллоо. Харин өнгөрсөн жилийн УАШТ-ий хүрэл медальт “Хангай хайрхан уул” дэвжээний А.Бат-Эрдэнэ амжилтаа бататгасан бол “Алдар”-ын Г.Даянбилэг анхны хүрэл медалиа хүртэв.

53 кг (8): 1. Бат-Очирын Болортуяа (Женко) 2. Ганбаатарын Отгонжаргал (Алдар) 3. Амгаланбаатарын Наранцацрал (Эрч), Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

Дэлхийн дэд аварга ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Энхцэцэг гээд хэн хэнийгээ ялж мэдэх дөрвөн тэнцүү өрсөлдөгч энэ жинд хүч үзсэн юм. “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа хагас шигшээд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяаг 14:7-гоор алтан медалийн төлөөх барилдаанд ОУХМ Г.Отгонжаргалд 0:6-гаар ялагдаж яваад цэвэр ялж хоёр жил дараалан улсын аварга болсноос гадна Токиогийн олимпийн наадмын эрхийн тэмцээнд оролцохоор боллоо. Хүрэл медалийн төлөөх барилдаанд хашир туршлагатай ОУХМ Э.Сумъяа “Хангарьд”-ын Ц.Халиуныг, “Эрч”-ийн А.Наранцацрал ОУХМ Б.Энхцэцэгийг цэвэр ялснаар шагналын тавцанд зогслоо.

57 кг (7): 1. Болдсайханы Хонгорзул (Женко, Баянхонгор) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 3. Пүрэвхүүгийн Шинэхүү (Эрч)

Өнгөрсөн жилийн улсын аварга ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хоёр ч жин алгасан 62 кг-д барилдахаар болсон. Гол өрсөлдөгч нь жин өгссөнөөр 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхөөр нэрлэгдэж байв. Гэсэн тэрбээр шигшээ барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга “Женко” клуб, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзулд 2:8-аар ялагдлаа. Ийнхүү Б.Хонгорзул 18 настайдаа (ирэх наймдугаар сард 19 нас хүрнэ) насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж, олимпийн эрх олгох Азийн тивийнхний тэмцээнд оролцохоор боллоо. Энэ жинд “Эрч” клубийн тамирчин ОУХМ П.Шинэхүү дэвжээний дүү, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнийг 8:6-гаар ялснаар хүрэл медалийн эзэн болов.

65 кг (11): 1. Зоригтын Болортунгалаг (Хилчин) 2. Баяраагийн Майцэцэг (Алдар) 3. Отгонбатын Оюунтуяа (Цастын барс), Баасанхүүгийн Дэлгэрцэцэг (Аврагч)

Азийн АШТ-ий хошой хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг түрүүлэв. Түүний хувьд улсын аваргаас өмнө нь хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү анх удаагаа улсын аварга болов. Тэрбээр шигшээ барилдаанд “Алдар”-ын залуу тамирчин Б.Майцэцэгийг цэвэр ялсан. Энэ жинд хүрэл медалийг 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ О.Оюунтуяа, өнгөрсөн жилийн өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт “Аврагч”-ийн 18 настай тамирчин Б.Дэлгэрцэцэг хүртэв.

68 кг (5): 1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2. Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 3. Очирбатын Насанбурмаа (Женко)

Энэ жинд таван бөх тойргоор барилдснаас “Токио-2020” олимпийн наадамд эрхийг авчираад буй хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт гавьяат тамирчин О.Насанбурмааг цэвэр ялснаар Монгол Улсын аваргаар найм дахь удаагаа тодорсноос гадна “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулав. Улсын аваргын өмнө багш, дасгалжуулагчид удтал хэлэлцэж, “Нур-Султан-2019” ДАШТ-ээс олимпийн эрх авсан тамирчин хэрэв улсын аваргад түрүүлбэл олимпийн наадамд шууд оролцуулна гэсэн шийдвэрийг гаргасан юм. Дэлхийн найман медальтай манай хоёр шилдэг бөхийн барилдаан тун сонирхолтой өрнөж О.Насанбурмаа гавьяат 9:0-ээр хошуучилж байсан ч С.Батцэцэг шийдсэн мордох мэхээ даацтай хийж цэвэр ялсан. Энэ жинд мөнгөн медалийг ОУХМ Э.Дэлгэрмаа хүртэв. Тэрбээр өчигдөр гавьяат тамирчин О.Насанбурмааг 3:1-ээр, ОУХМ “Алдар”-ын Э.Даваанасанг цэвэр ялж хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг 3:5-аар илүүрхэж яваад цэвэр даруулсан билээ.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.