ТАЙЛБАР: Үндсэн хуулийн шинэ заалтууд


Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн төслийг Улсын комиссоос боловсруулж, Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанаар болон ард нийтээр хэлэлцүүлсэн, тэдгээрийн үр дүнг нэгтгэн боловсруулж Улсын Бага Хурал дахин хэлэлцэн Ардын Их Хуралд өргөн барьж, Ардын Их Хурлын чуулганы хуралдаанаар 70 гаруй хоног хэлэлцэж баталсан үйл явц амар хялбар байгаагүй юм.

Үүний нэгэн адил Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт ч зарим сорилт, шалгуурыг даван туулж батлагдсан гэдэгтэй санал нэгдэх биз.

Ямартай ч Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү нэмэлт өөрчлөлт нь цаашид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах үед баримтлах дараалал, дэг жаягийг тогтоож өгснөөрөө чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлахаас эхлээд, төслийн агуулгыг Зөвлөлдөх санал асуулгад оруулж хэлэлцүүлсэн явдал бол хэдийгээр зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа ч чухал ач холбогдолтой байсан гэдгийг тэмдэглэх нь зүй. Уг санал асуулгаар дэмжигдсэн сэдвүүдийн хүрээнд төслийг боловсруулсан нь хэн нэгнээс өөрт нь аятайхан санагдсан бүхнийг уг төсөлд “шахах”-аас хамгаалж чадсан билээ.

Эндээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл юуны түрүүнд түүний агуулгын хүрээг эхний ээлжинд тогтоох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.

Үндсэн хуульд энэхүү нэмэлт, өөрчлөлтийг оруулахад Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын олонх, Засгийн газар санал нэгдэх, улс төрийн намуудын саналыг нэгтгэхийг зорих нь юу юунаас чухал байв.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулахад эрдэмтэд судлаачдын судалгааны үр дүнг тэргүүн ээлжинд харгалзан үзсэн, ялангуяа залуу эрдэмтэд идэвхитэй оролцож, өөрсдийн хувь нэмрээ оруулсныг тэмдэглэмээр байна.

Залуу эрдэмтэд нийгмийн сүлжээнд идэвхитэй ажиллаж, олон нийтийн, тэр дундаа хуульчдын хандлагыг төслийг дэмжих зүгт чиглүүлж чадсаныг онцгойлон үнэлэх учиртай.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт нь:

  • Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах,
  • Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, хариуцлагыг тодорхой болгох,
  • Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх,
  • Нутгийн удирдлагын тогтолцоог тодорхой болгохтой холбоо бүхий дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуулийн 19 зүйл, 34 заалтыг хамарч байгаа юм

Нэг. Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр:

  • Улсын Их Хурал, түүний гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр Үндсэн хуулийн 7 зүйл, 11  хэсэг /27.2,6,7, 29.3, 22.2,3,4, 28.2, 21.4, 26.1, 25.1,16/-т нэмэлт өөрчлөлт оруулав.
  • Үндсэн хуульд 1999, 2000 онд оруулсан зарим нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг тодорхой болгон заримыг уг эхээр нь сэргээв.
  • Байгалийн баялгийг өмчлөх харилцааг тодорхой болгох хүрээнд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж өөрчлөн улам тодотгов. Ийнхүү тодотгосноор Засгийн газар төрийн нийтийн өмч болох байгалийн баялгийг ашиглах шийдвэр гаргахдаа уг баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг баримталж, онцгой ач холбогдол бүхий зарим асуудлаар нээлттэй сонсгол хийх, зөвлөлдөх санал асуулга явуулах зэргээр иргэдийн саналыг авч харгалзан үзэх, Улсын Их Хуралд заавал танилцуулж шийдвэрлүүлж байх эрх зүйн зохицуулалтыг Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль, өмчийн харилцааг зохицуулсан холбогдох хуульд тусгах шаардлага тавигдах болно.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан байх, одоо ба ирээдүй үеийн хэрэгцээ, ашиг сонирхолд нийцсэн байх, газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах зорилгод нийцүүлэн түүнийг арвижуулах, уг сангаас иргэддээ хүртээхдээ тэгш боломж олгох, шударгаар хуваарилах зарчим баримтлахаар тусгав. Үүнийг хүмүүст бэлэн мөнгө тараах бус хувьцаа эзэмшүүлэх, үр өгөөж бүхий төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, үнэт цаас гаргах зэргээр ард түмний хүртэх орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ гэж ойлговол зохино.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй болохыг Үндсэн хуульд онцлон зааж байна. Байгалийн баялаг ашиглах явцад байгалийн тэнцэлд ноцтой хохирол учруулж байгаа эсэх, байгалийн нөөц, баялаг хайх, ашиглах зөвшөөрөл олгохоос эхлээд уул уурхайн үйлдвэрлэл, олборлолт нь одоо ба ирээдүй үеийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа эсэхэд иргэдийн зүгээс хөндлөнгийн хяналт тавих эрх зүйн үндсийг буй болгож байна.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн 50-иас дээш хувь нь Монголын ард түмэнд ногдож байхаар холбогдох гэрээ, хэлэлцээрийг хийх, батлах үүргийг Улсын Их Хурал, Засгийн газарт Үндсэн хуулиар хүлээлгэж байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахад монголын талын эзэмшлээс орох ногдол хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад татвар хураамжийн хэмжээг зохистой тогтоосноор дээр дурдсан байгалийн баялгийг ашигласнаар монголын ард түмэнд ногдох өгөөжийг тодорхойлох юм.

  • Хөгжлийн бодлого тогтвортой байх, улсын төсвийг хэлэлцэн батлах явцад төсвийг үрэлгэн хандлагаар тарамдуулахгүй байх зарчмыг тогтоов.
  • Улс төрийн намын байгуулагдах зарчмыг тогтоож, улс төрийн намын санхүүжилт, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх зохицуулалтыг нэмж, улс төрийн нам үндсэн хуульт ардчиллын чухал бүрэлдэхүүн хэсэг, эвлэлдэн нэгдэгсдийн улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл байх зэрэг бусад төрийн бус байгууллагуудаас ялгарах онцлогийг тодруулав.

Хоёр. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, хариуцлагыг тодорхой болгох чиглэлээр:

  • Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх хязгаарыг 4-өөс илүүгүйгээр тогтоов.
  • Засгийн газрыг эмхлэн байгуулахад Ерөнхий сайд давуу эрхтэй байснаар зөвхөн Ерөнхий сайд Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээх, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар танхимаараа огцрох, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэйгээ бие даан хариуцлага тооцох зэргээр Засгийн газар танхимын зарчмаар ажиллах  нөхцлийг бүрдүүлэв.
  • Засгийн газрын тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд түүнийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар огцруулахаар тогтоов.
  • Засгийн газар бодлогоо тууштай хэрэгжүүлэхийн тулд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөртөө итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлэхийг хүсч Улсын Их Хуралд тогтоолын төсөл  оруулах зохицуулалтыг улам тодруулав.
  • Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүнд тавигдах шаардлагыг өндөрсгөж, Ерөнхийлөгч зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаагаар 6 жил ажилласнаар нэр дэвшүүлсэн намаасаа хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэв. Ерөнхийлөгчид хуулиаар олгох бүрэн эрх нь зөвхөн түүний үндсэн бүрэн эрхийн хүрээ/ Үндсэн хуулийн 33 дугаар зүйл/-нээс халихгүй байхаар тогтоож, салбарын хуулиудаар олгогдсон зарим бүрэн эрхийг эргэн хянаж залруулах эрх зүйн боломж бүрдэх юм.

Гурав. Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр:

  • Шүүхийн үндсэн  тогтолцоог засаг захиргаа, нутаг дэвгэрийн хуваарийн дагуу байгуулах зарчмыг хадгалснаас гадна шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй болгох, шүүгчдийн ачааллыг тэнцвэржүүлж, мэргэшүүлэх зорилгоор шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болохоор тусгав.
  • Монгол Улсын Үндсэн хуульд  “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” гэж заасан хэдий ч Шүүхийн ерөнхий зөвлөл эсвэл Хууль зүйн сайдаас, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс, эсвэл Ерөнхийлөгчөөс хамааралтай байдлаар ажиллаж иржээ.

Шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн хараат бус ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай болохыг өнгөрсөн жилүүдийн үйл явц нотлон харуулж байгаа юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор түүний бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, шүүгч болон шүүгч бус гишүүдийн тэнцвэртэй төлөөллийг хангах, гишүүдийг зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулах, даргаа гишүүд нь дотроосооо сонгох зарчмыг тусгав.

  • Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүхийн захиргаа, төсөв, санхүүгийн болон хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчийн сахилгатай холбоотой эрх мэдлийг нэг дор төвлөрүүлж ирсэн нь зарим талаар шүүмжлэгдэх болов.

Иймээс шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхээс салгаж, хараат бус байгууллагад хариуцуулж,шүүгчид хариуцлага хүлээлгэх шийдвэрийг тухайн байгууллага бие даан гаргаж байх шаардлагыг эш үндэс болгон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “ Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага,томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн нэмэлт оруулав. Энэхүү нэмэлтийг оруулснаар шүүгчид хариуцлага хүлээлгэх зарчим, журам тодорхой болж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлнэ гэж үзэж байна.

Дөрөв. Нутгийн удирдлагын тогтолцоог тодорхой болгох чиглэлээр:

  • Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ангиллыг буй болгож, тэдгээрийн өөрийн удирдлагад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх хэмжээг ялгамжтай шилжүүлэх эрх зүйн үндэс тавигдав. Орон нутгийн алслагдсан тосгоны оршин суугчдад үзүүлэх төрийн үйлчилгээг ойртуулах боломж мөн нэгэн адил бүрдэх юм. Уг өөрчлөлтөөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж аж ахуйн ажил эрхлэхгүй, зөвхөн иргэддээ хүргэх  төрийн төрийн үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлэх, хот, тосгоны өөрийн удирдлага оршин суугчиддаа үзүүлэх хот, тосгоны нийтийн үйлчилгээг эрхлэхээр болж, төрийн үйлчилгээ иргэдэд, хот, тосгоны нийтийн үйлчилгээ оршин суугчиддаа ойртох боломж бүрдэж байгаа юм.
  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөх асуудлыг тухайн нутгийн иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх зарчмыг хэвээр хадгалж, уг асуудлыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээхээр тусгав. Ингэснээр засаг захиргааны шинэтгэлийг ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн төрийн бодлогын дагуу шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
  • Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг үндсэнд нь хэвээр хадгалж байна. Харин Хурлын Тэргүүлэгчдийг Үндсэн хуулийн эрх хэмжээтэй байхаас татгалзсан болно. Гэхдээ Тэргүүлэгчид хуралдааныг удирдах, дараагийн хуралдаанд бэлтгэх үүрэгтэй байхыг үгүйсгээгүй юм.

Энэ зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татварын хувь хэмжээ тогтоох, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхээр зааж, тэдгээрийн чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож байх тухай тодруулга хийв.

Ингэснээр Улсын Их Хурал, Засгийн газар төрийн удирдлага /төсөв, татвар, өмчийн удирдлага/-ын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэхдээ Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүн амын тоо, дэд бүтцийн хөгжил, эдийн засгийн хүч чадлыг үнэлэн үзэх болно. Үүнтэй холбогдох зохицуулалтыг салбарын хуулиудад тусгах эрх зүйн боломж бүрдэнэ.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан томоохон нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийн шинэ давалгааг үүсгэж, тус улсын хөгжилд шинэ дэвшилтэт өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд чухал үүрэг гүйцэтгэх нь эргэлзээгүй.

Энэ бүхнийг бодитой хэрэгжүүлэх үйл явц улс төрчдийн чин хүсэл, тэд эрх ашгийн эрэмбэ дарааллыг хэрхэн баримтлахаас шалтгаалах болно.

Судлаач Цэдэвийн Товуусүрэн

2020.01.02

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.