АРДЧИЛАЛ: Халаас хоосон ч надад эрх чөлөө байна


Тэртээх гучин жилийн өмнө Монголын залуучууд жинс өмсөх эрхгүй байлаа гэхэд Z үеийнхэн итгэхгүй биз ээ.  “Хувцас загварт жинс нь ардчиллыг төлөөлдөг гэж Жиоржио Арманигийн хэлсэн үг байдаг. Тэгвэл Монголд ардчиллыг төлөөлдөг уран бүтээл бол "Хонхны дуу".  Хонхны дуугүйгээр ардчиллыг, Хонхны дууг ардчилалгүйгээр төсөөлөх аргагүй.

Гэгээн наран илчээрээ
бээрсэн толгодыг гэсгээнэ
бэлгэдлийн хонх нь эгшгээрээ
Нойрноос бүгдийг сэрээнэ

Энэ дуунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Төрийн соёрхолт  хүртээсэн байдаг. Өнөөдөр энэ дуу талбай дээр эгшиглэнэ.

Хонхны дуу Монгол орон даяар цангинаж, монголчуудыг эрх чөлөөнд хүргэсэн 30 жилийн ойн өдрүүд үргэлжилж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олж авсан энэхүү 30 жилийн ойг монголчууд тун даруухан тэмдэглэж сууна.  Уг нь ардчиллын 30 жилийн ой бол зөвхөн С.Эрдэнийн намд хамаатай, Ардчилсан намын баяр биш.  Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үнэт зүйлтэй болсны баяр. Ардчилалд хайртай болгоны тэмдэглэх ёстой өдөр.

Ардчиллын 30 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүргүүлсэн илгээлтэд дурдсанаар "Бид төр улсын хэргээ хэнээс ч хараат бусаар шийдэж, бие даан зорилго, зорилтоо тодорхойлж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн баталгааг бий болгохын төлөөх амаргүй 30 жилийг үджээ. Энэ 30 жилд ардчиллын сонгодог үзэл санаанд эргэлзэх, шүүмжлэх, муучлан гутаах нь олонтоо тохиолдож байсан ч бид сонгосон замаасаа ухраагүй, няцаагүй. Бидний хамгийн том ололт нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэлтэй чөлөөт иргэдтэй болсон явдал юм. Монголчууд хэзээнээсээ эрх чөлөөнд дуртай, туурга тусгаар явахыг эрмэлздэг ард түмэн. Энэ замаас хэзээ ч гажихааргүй бат итгэлтэй, ардчиллын дархлаатай ард түмэн болон төлөвшсөн нь монголчууд бидний зүй ёсны бахархал мөн" нь үнэн.

Өнөөдөр Монголын 2.1 сая иргэн олон нийтийн сүлжээг ашиглаж байгаа нь ч ардчилал юм.  Хэн нэгнийг харааж, эрх баригчдын эсрэг жагсч, тэмцэж яваа нь ч ардчиллын өгсөн үнэт зүйл. Өчигдөр гэхэд  авто замын төлбөр нэмсэн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж, нэгэн жагсагч талбай дээр нүцгэлсэн нь ардчиллын өгсөн эрх чөлөө.   Харамсалтай нь, энэ үнэт зүйлээ үзэн ядах болсон хүмүүс Монголд сүүлийн жилүүдэд олширсон.  Гэтэл бидний үл хайрлах ардчиллын төлөө амь биеэ золиослон тэмцэх ард түмэн ч бий.

Гучин нас хүрсэн ардчиллын ойн өдрүүдэд  энэ эрх чөлөөний төлөө тэмцэж явсан, тэднийг хараах эрх чөлөөг бидэнд олгосон ардчилагчид өнөөдөр хаана байна. Ц.Элбэгдоржгүй, Э.Бат-Үүлгүй, Баабаргүй, С.Баярцогтгүй, Ч.Сайханбилэггүй ардчиллын  30 жилийн ойн төрсөн өдрийн баярын мэнд. Жинс өмсөх дуртай монгол хүн бүхэнд баярын мэнд.

Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа
Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа…

Халаас хоосон ч надад эрх чөлөө байна!

Б.БАТ

Эх сурвалж: news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.