Э.Баатарцогт: Ногдол ашгаа тэтгэврийн нэрийн дансандаа байршуулах хүсэлтэй иргэд олон байна


“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой асуудлаар "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогттой уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-1072 хувьцааны ногдол ашиг олгох асуудал юу болсон бэ. Яг одоо ямар шатандаа явж байгаа вэ?

-Засгийн газраас 296 дугаар тогтоол гэж батлагдсан. Тэр тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 7-ноос өмнө эцсийн байдлаар тайлагна гэсэн үүрэг өгсөн. Үүнтэй холбогдуулан, 330 сум, 21 аймгийн хувьцаа эзэмшигчиддээ хүрч ажиллах, хүсэлт, санал санаачилгыг сонсох, ногдол ашгийн бодлогод санал авах, танилцуулах, бүртгэл баталгаажуулалтын ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын гол зорилго нь ногдол ашиг олгохтой холбоотой. 2018 оны ногдол ашгийг 2019 ондоо багтааж олгох байсан ч түр хугацаагаар хойшилж, 2019 оны орлогоос 2020 онд хувьцаа эзэмшигчиддээ өгөх чиглэл зөвлөмжийг Засгийн газраас өгсөн. Гэхдээ энэ эцсийн шийдвэр биш. Эцсийн шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргана. Ингэхдээ 2020 оны хоёдугаар сарын 25-наас өмнө хэнд, хэзээ, хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох вэ, эсвэл огт олгохгүй юу гэдгийг шийдэх ёстой. 

-330 сум, 21 аймгийн хувьцаа эзэмшигчидтэй уулзаж, ногдол ашгаа ямар хэлбэрээр авахыг хүсч байгаа талаар нь судалгаа хийсэн гэлээ. Судалгааны дүн гарсан уу?

-Хараахан гараагүй байна. Бид хувьцаа эзэмшигч иргэдээсээ ногдол ашгаа бэлнээр авах уу, бүтээн байгуулалтад хандивлах уу эсвэл тэтгэвэрийн санд хуримтлуулах уу гээд асуулга, судалгаа авсан. Одоогоор судалгааны нэгдсэн дүн хараахан гараагүй байна. Гарахаар нь бид Засгийн газарт танилцуулна. Гэхдээ урьдчилсан байдлаар хэлэхэд, дийлэнх иргэд ногдол ашгаа тэтгэвэрийн нэрийн дансандаа байршуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

-Хэрэв Төлөөлөн удирдах зөвлөлөөс ногдол ашиг олгох шийдвэр гарчихвал хэрэгжилт нь хэзээ байх бол?

-Хэрэв 2020 онд ногдол ашиг олгохоор болвол хэрэгжилт нь 4-5 дугаар сарын 21-ний дотор шийдэгдэх юм билээ.

-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг эзэмшиж байна вэ?

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг эзэмшигч 2.511.000 хүн байгаа.

-Хэд нь дансаа нээлгэсэн байна вэ?

-2019 оны гуравдугаар улирлын байдлаар 1.8 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн, 700 мянга гаруй хүн нээлгээгүй байна.  Дансаа нээлгээгүй иргэдийн 215 мянга нь хүүхдүүд байна. Манай иргэд хувьцааны данс нээхийг иргэд төдийлөн сайн ойлгохгүй байна. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ашиг хүртэх төдийхнөөр ойлгодог.

-Өөр ямар ашиг тустай юм бэ?

-Данс нээлгэснээр тухайн хүн хөрөнгийн зах зээлийн талбар дээр очиж, 220 компанийн хувьцааг худалдаж авах боломж нээгдэж байгаа хэрэг. Хөрөнгийн зах зээл дээрх хувьцааг худалдаж авснаар эх орондоо хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Тэр компани ажлын байр бий болгож, тогтвортой ажиллах боломж бүрдсэнээр татварын орлого нэмэгдэнэ. Ингэснээр хувь хүн хоёр янзаар ашиг хүртэнэ. Тухайлбал, ханшийн зөрүүн дээрээс ашиг хүртэх боломжтой. Уг нь иргэдэд эдийн засаг болон хувьцааны талаарх мэдээллийг түлхүү өгсөнөөр дэлхийн томоохон ордуудын хувьцааг иргэдэд олгож, баялгийг тэгш хуваарилах, зөв засаглалыг бий болгох гэсэн хувилбар руу явах ёстой. Нэг хүнд олгож байгаа ноогдол ашгийг өгөөж нь маш бага, харин олуулаа нийлээд үйлдвэр нээж бүтээн байгуулалт өрнүүлбэл, эсвэл тэтгэврийн санд хуримтлуулбал өгөөж нь илүү юм. Түүнээс бус бэлэн мөнгө хэлбэрээр тараах нь ач холбогдолгүй.

-Шинэ төрсөн хүүхдүүд хувьцаа авах боломжтой юу?

-Засгийн газрын 116 дугаар тогтоолд зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр заасан байдаг. Түүнээс хойш төрсөн иргэддээ хувьцаа өгөх эсэхийг Засгийн газар шийднэ. 

Т.ГЭРЭЛ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.