Монголбанк: УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын "Монполимет" ххк-аас мөнгөө нэхнэ


УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 10 тэрбум гаруй төгрөгийн өрөө Монголбанкны Эрсдэлийн сангаар төлүүлсэн гэх мэдээлэл олон нийтэд түгээд удаж буй. 

Энэ талаар анх сэтгүүлч Н.Өнөрцэцэг олон нийтэд хандаж "Миний дэлгэсэн баримтууд Шүүхийн шийдвэрийн санд байгаа, олон нийтэд ил мэдээллүүд. “Монполимет” ХХК-тай холбоотой асуудал бий. Асуудал анх 16 жилийн өмнө үүссэн. 2003-2006 онд Монголбанк, “Монполимет” ХХК-ийн хооронд арилжааны гурван ч гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээ 2007 онд дуусгавар болсон. Гэрээ дуусахад Монголбанк, “Монполимет” компанийн хооронд маш их өр авлагын асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, Монголбанк нь “Монполимет” компаниас 10 тэрбум 615 сая 924 мянга 551 төгрөг авах авлагатай гэдэг тооцооны акт гарсан. Тус актад хоёр тал гарын үсэг зурсан. “Монполимет” компани төлбөр төлөх гэрээ байгуулаад, 2008 он хүртэл төлбөрөө төлж байсан. “Монполимет” компани 100 гаруй сая төгрөг төлсөн байдаг. Гэтэл нэг л өглөө Ц.Гарамжав гишүүн “Би энэ төлбөрийг төлөхгүй” гэдэг зарга үүсгэсэн. Төлөхгүй явсаар байгаад 2008-2012 он хүртэл дөрвөн жил болсон. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Монголбанкнаас “Монполимет” компаниас 10 тэрбум 615 сая 924 мянга 551 төгрөг авч чадахгүй байна гэж шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүх энэ асуудлаар 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр шийдвэр гаргаж, “Монполимет” компанийн талд асуудлыг шийдсэн. Яагаад шүүх тус компанийн талд шийдвэр гаргасан гэхээр “Монполимет” компани нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаагаад өгөөч” гэсэн нэхэмжлэл гаргасан учраас шүүх маргааныг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх энэ асуудлыг авч үзээд, Монголбанк буруутай юм уу, эсвэл “Монполимет” компани буруутай юу,  эсвэл 10 тэрбум төгрөгийг төлөх ёстой юу гэдэг маргаан өрнөөгүй. “Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хаалаа” гэх үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэг хаагдсаны дараа Монголбанкны ерөнхийлөгч 2016 онд 301 дүгээр тушаал, гаргаад “Монполимет” компанийн энэ өрийг Монголбанкны Эрсдлийн сангаас төлөх шийдвэр гаргасан" гэж мэдээлж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Өдрийн Сонин-д өгсөн ярилцлагадаа, "“Манайх хэзээ ч Монгол банкнаас зээл авч байгаагүй. Энэ бол 16 жилийн өмнө болсон Монгол банк, аж ахуй нэгжүүдийн хоорондох хамтран ажиллах гэрээнээс үүссэн алдагдлын маргаан юм. Энэ бол санаатайгаар Монгол банканд алдагдал үүсгэж, бид нараар төлүүлэх гэсэн үйл ажиллагаа байсныг сүүлд мэдсэн. Ямар ч өр байхгүй. Харин ч өөрсдийнхөө олборлож байсан металлаар Монгол банканд ашиг өгч байсан. Эргээд үзэхэд баримттай байгаа” хэмээн няцаасан билээ.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр /2019.11.28/ төв банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-очир мэдээлэл өгчээ. Тэрбээр, "Энэ асуудлаар Монголбанк хуулийн байгууллагуудад хүсэлтээ хүргүүлж, хамтран ажиллаж байна. Одоо энэ асуудал зохих түвшиндээ мэдээлэл солилцоод явж байгаа. Асуудал шүүхийн шатанд очоогүй, мөрдөн байцаалтын түвшинд явагдаж байна" гэж хариулжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.