ШҮҮХ Ц.САНДУЙГ БУС МАН-ЫГ ЯЛЛАЧИХСАН ЮМ


Хоёр ч томоохон сонгуулийн “чимэг” болж, эрх баригч намынхныг ээлжилж засаг барихад нь буян болсон 60 тэрбумын бичлэг гэж бий.

“Шинэ Монгол хаад” компанийн байранд болсон тэр бичлэгийн үед уг нь дөрвүүлээ байсан гэдэг юм. Гэвч УИХ-ын дарга асан, МАН-ын дарга асан М.Энхболд, иргэн Г.Доржзодов хоёрыг шүүх дуудсангүй. Харин НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх, “Шинэ Монгол хаад” компанийн захирал А.Ганбаатар хоёрыг яллав.

Нийслэлийн прокурорын газраас тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Баянгол дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны аравдугаар сарын 31-нд хянан хэлэлцээд, шинэ Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж Ц.Сандуй, А.Ганбаатар нарт тус бүр дөрөн жилийн хорих ял оноолоо. Ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тэднийг яллласан зүйл анги нь “…сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан бол 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй нарыг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт шийтгэхээр яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх “…сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан” гэж өөрчилж ял оноов.

Шүүх ингэж 60 тэрбумын бичлэгт оролцсон хүмүүсийн заримыг шийтгэв. Эндээс нэг талд ял шийтгүүлсэн Ц.Сандуй, нөгөө талд МАН гэсэн хоёр хохирогч бий болчихож байгаа юм.

Нэгдүгээрт, шүүх, прокурор, тагнуулынхан 60 тэрбумын хэргийг шударга шийдсэн үү. Шуудхан хэлэхэд энэ тун эргэлзээтэй. Бичлэг хийх үед дөрвөн хүн байсан. Хоёр нь шийтгүүллээ. Нөгөөтэйгүүр, сүүлд шүүх дээр өөрчилсөн зүйлчлэл нь 60 тэрбумын бичлэгийн хэрэгт тохирох эсэх нь тодорхойгүй. 60 тэрбумын бичлэгт сонгууль болж өнгөрсний дараа намынхнаа, хүмүүсээ албан тушаалд хэрхэн байршуулах талаар ярьсан байдаг.

Ерөнхийдөө тун явуургүй зүйлчлэлээр шүүх энэ хэргийг шийдэж, Ц.Сандуй нарыг ялласан. Давж заалдах, хяналтын шатны шүүхүүд энэ хэвээр нь үлдээгээд явах боломж бараг байхгүй гэдгийг хашир туршлагатай хуульчид хэлж байгаа юм. Тэгэхээр яаж ийгээд ялласан энэ хэрэг нэгэн цагт хуулийн мухарт орж ирнэ гэсэн үг.

Ингээд шийдчихээр Ц.Сандуйг лав 2020 оны сонгуулиас мулталчихаж байгаа юм. Энэ утгаараа Ц.Сандуй бол хохирогч. Ер нь тэгээд 2012-2016 онд МАН ямар царайтай байсныг олон нийт мартаагүй л байгаа шүү дээ. 2016 оны сонгуульд ялахын тулд юу амлаж байсныг ч санаж л байна. 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН ялагдчихаад үндсэндээ гудамжинд гарчихсан байв. Одоогийн эрх баригч намын дарга Баруун дөрвөн замын хойно “Шинэ Монгол хаад” гэдэг хувийн компанийн байшинд очиж ийм зүйл сонсоод явж байсан гэхээр МАН яаж дордсон нь ойлгогдох биз ээ.

МАН-ын үйл ажиллагаа нь сайнгүй, хөрөнгө зардал муутай. Хатагтай Г.Алтангаас хүртэл сая ам.доллар зээлж өдөр тутмын зардлаа болгож байхав дээ. Нийслэлийн МАН гэж бас Ц.Сандуй нарын хэдхэн хүнтэй. Ц.Сандуй нь орон сууцаа барьцаанд тавьж намынхаа ажлыг явуулдаг байсан гэдэг.

Харин тэр үед МАН-ын, төр, засгийн толгойд гарсан хүмүүс намдаа байтугай Монголдоо байгаагүй. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Австралид, МАН-ын генсек Д.Амарбаясгалан АНУ-д байлаа. 2016 оны сонгууль дөхсөн. Бүгд ирсэн. Сонгууль болж МАН ялсан. М.Энхболд, Ц.Сандуй нарыг улс төрийн хариуцлага хүлээлгэн албан тушаалуудаас нь буулгаж, өөрсдөө оронд нь очив. Улмаар Ц.Сандуйг шүүхээр яллуулж чадсан. Гэтэл Ц.Сандуй МАН-д ялалт авчирсан цөөхөн хүний нэг. Түүний авчирсан ялалтын буянаар өнөөдөр У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар эрх мэдэл, албан тушаалын оргилд гарсан.

Шуудхан хэлэхэд МАН-ынхан нэгнийгээ ингэж золиослоод сурчихсан улс. Ц.Сандуй бол Д.Амарбаясгалан нарын албан тушаалд хүрэх ээлжит золиос нь болсон гэж харагдаж байгаа юм. Ц.Сандуй саяхан телевизээр ярихдаа “…Энэ нам Цэдэнбалыг золиослосон шүү дээ гэж аав маань хэлсэн” гэж ярьсан. Цэдэнбалыг золиослосон нам Цэндсүрэн гуайн хүүг золиослохоо юманд бодох уу. Үгүй шүү.

Хоёрдугаарт, шүүх Ц.Сандуйг яллачихлаа гээд МАН-ын нэр бүхий хүмүүс ихэд баяртай байх шиг байна. Яг үнэндээ Ц.Сандуйг бус МАН-ыг яллачихсаныг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар одоогоор арай л ухахгүй байх шиг байна. Шүүхийн шийтгэсэн зүйлчлэл нь шүүх “…сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан” гэж байгаа юм.

Энэ гэмт хэргийг үйлдсэн байна гээд дөрвөн жилийн хорих ял шийтгэжээ. Тэгэхээр сонгуулийн дүнгээр байгуулагдсан МАН-ын голдуу гишүүдтэй Их хурал, МАН-ын Засгийн газрыг хууль бус гээд шийдчихсэн гэсэн үг. Түүнээс өмнө МАН тарах асуудал шууд яригдана. Өөрөөр хэлбэл, шүүхийн энэ шийдвэрийн дагуу Улс төрийн намын тухай хуулийг баримтлаад МАН-ыг тараах  эрх Улсын Дээд шүүхэд шилжлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т заасан “…Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэсэн байдаг.

Цаашид энэ дагуу үйл явдал өрнөж, МАН-ыг тараах асуудал яригдаж, 2020 онд МАН-гүй сонгууль явагдахыг үгүйсгэхгүй боллоо. Дахин хэлэхэд, шүүх Ц.Сандуйг бус МАН-ыг яллачихсан юм шүү дээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.