САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ НЬ 5679:2019 СТАНДАРТЫН ТЕХНИКИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН


Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай "Бюро Веритась Русь" ХК-ийн "Регион Север Запад" лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан "SGS Korea" лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа.

Тэрбээр “ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу албан ёсоор ирсэн. Сайжруулсан шахмал түлшийг үндэсний тав, гадаадын гурав, нийт найман лаборатори шинжлэхдээ техникийн үзүүлэлт, элементийн үзүүлэлт, химийн найрлага, чөлөөт хөөлтийн зэрэг гэсэн үзүүлэлтүүдээр шинжилсэн. Бүх лабораторийн шинжилгээгээр сайжруулсан шахмал түлш нь 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан байна. Тодруулбал, чөлөөт хөөлтийн зэрэг гэдэг нь нүүрсний коксжих үзүүлэлтийн зэргийг хэлдэг. 1-9 гэсэн хүртэл үзүүлэлтэй байдаг. Бүх лабораторийн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг нь нэг гэсэн үзүүлэлтэй гарсан нь коксжих зэрэг бага эрчим хүчний нүүрс байна, ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт бидэнд ирүүлсэн” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийн дүнг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. Тэрбээр “Аравдугаар сарын 29-ны өдрийн байдлаар тус захирамжийн 10 заалтын хэрэгжилт дунджаар 85.6 хувьтай байна. Төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хяналтад авсан захирамжийн хэрэгжилтийн дундаж дүнг авч үзвэл, дөрвөн заалтын хэрэгжилт 85 хувьтай, 90 хувийн хэрэгжилттэй гурван заалт, 70 хувийн хэрэгжилттэй нэг заалт байна” гэлээ.

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн дүүргүүдийн шуурхай штабууд, хороодын ажлын явцад Нийслэлийн онцгой комиссоос хяналт шалгалт явуулсан тухай танилцуулгыг хийв. Тэрбээр “Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн шуурхай штаб, хороодын эрсдэл бүхий айл өрх, уурын зуух ашигладаг аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтын ажлыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Эрсдэл өндөр бүхий нийт 35 хорооны 52 айл өрхөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн очиж, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, түлшний хадгалалт, пийшин зуухны бүрэн бүтэн байдал зэргийг шалгаж, 82 сэрэмжлүүлэг зөвлөгөөг хүргэн ажилласан. Дүүргүүдийн Шуурхай штаб байгуулагдсанаас хойш мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд үйл ажиллагаа нь жигдэрсэн байна” гэж мэдээллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлалтай Саншайнь Виллаж хотхоны ундны усны бохирдлыг арилгах, цаашид тухайн хорооллуудын ундны усны аюулгүй байдлыг хангах тухай” асуудлыг онцгой комиссын хуралдаанд танилцуулсан юм. Уг асуудлыг яаралтай шийдэж ажиллахыг онцгой комиссын хуралдаанаар холбогдох газруудад үүрэг болгов.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгөв.

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хангамжийн бааз, дундын агуулах, борлуулалтын цэгүүдэд цаг хугацаандаа очихгүй байгаад анхаарч, тээвэрлэгч компаниудын гэрээний үүрэг, хариуцлагыг шаардах тээвэрлэлтийн асуудлыг шуурхай шийдвэрлэж мэдэгдэх, Сайжруулсан шахмал түлшний жижиглэн худалдаалах цэгүүдийг ажиллах хүчээр хангах, ажилчдын цалин хөлсийг цаг хугацаанд нь бүрэн олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх, Хороо тус бүрээр эрсдэл бүхий айл өрхүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулж, сайжруулсан шахмал түлшээр бодит дэмжлэг үзүүлэх ажлыг “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран зохион байгуулах, Өрхийн орлого багатай халамжийн үйлчилгээ авдаг айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, сайжруулсан түлшээр 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хангах, холбогдох зардлыг халамжийн үйлчилгээний чиглэлээр шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, Дүүрэг, хорооны ажилтнууд, хэсгийн ахлагч нарт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хордсон үед эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах, Түүхий нүүрс хэрэглэх, худалдан борлуулах гэх зэрэг зөрчил гаргахгүй байх талд мэргэжлийн байгууллагууд анхаарах, зөрчил гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах, Цэвэр усны техникийн нөхцөл гаргах, ажлын зураг төсөв зөвшилцөх, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, ажлын үр дүнг эргэж танилцуулахыг тус тус үүрэг болголоо. Мөн холбогдох байгууллагууд шат шатандаа ажлын уялдаа холбоог бэхжүүлж, агаар орчны бохирдлыг бууруулахын тулд зөвхөн сайжруулсан шахмал түлш гэлтгүй, утаа гаргах зуух, яндан болон нийтийн тээврийн автобусанд тавих хяналтыг чангатгах, 24 цагийн штаб байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.