САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧ ХЭН ХЭН БЭ?


Салхитын мөнгөний ордыг булаалдсан Хятадууд манай шүүх, хууль хяналтын байгууллагынханд их хэмжээний авлигал өгч шийдвэр гаргуулж байсан нь илэрсэн.

Тэдний авлигад нэмж зориулах гэж байсан 1,3 сая ам доллар буюу 3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань долларыг хэрэгт холбогдогч Г.Жаргалангийн гэрээс хураасан билээ. Шүүгчдийн авлигын хэргийг шалгах явцад дунд нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн, улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа урьдчилан хорих төвд амиа хорлосон билээ. Тэрчлэн Салхитын мөнгөний ордын авлигатай холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, улмаар АТГ-аас шалгаж эхэлсэн.

Тэгвэл эдгээр шүүгчийн найм нь уг авлигын хэрэгт холбоотой болох нь баримтаар нотлогджээ. Эдгээрээс нэр бүхий зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Энэ 6 шүүгч бол
1. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон
2. Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож
3. Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр
5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нар юм.

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа дээрхи шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн гавьяат хуульч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг ч шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна.

Б.ОТГОН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.