Ц.САНДУЙГИЙН ЦҮНХЭН ДЭХ БАРИМТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ ОЧЖЭЭ


-Ц.Сандуй маргааш ҮҮЦЭЭ задлах уу-

60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болох гэж байна. Тэднийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэдэг үндэслэлээр нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл улстөрийн хүрээнийхэн хийгээд олон нийтийн зүгээс Ц.Сандуйг маргааш болох шүүх хурал дээр үүцээ задлах уу гэсэн хүлээлтийг үүсгэлээ. Учир нь тэрбээр өнгөрсөн сарын 23-ны өдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хоёр хавтас бүхий цүнх дүүрэн баримттай ирсэн гэдгээ онцолж зах зухаас нь дэлгэж байсан.

Тэгвэл түүний цүнхэнд үлдсэн зарим ноцтой гэх баримтууд Ерөнхийлөгч Х.Баттулгын гарт хэдийнэ очсон тухай сураг дуулдаж эхэллээ. Тухайлбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн гарт ороод буй баримт нь одоогийн МАН-ын удирдлагууд ямар, ямар хүмүүсийг хэзээ хаана, хэдэн төгрөгөөр албан тушаалд томилсон гэх мэдээлэл нэр устайгаа баримтаар бичигдсэн байгаа аж. Мэдээж хамгийн наад захын жишээ нь гэвэл МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн гарын үсгээр МИАТ-ийн дэд захирал болсон Н.Энхбаатар. Тэрбээр тус албан тушаалд томилогдсоныхоо дараа удалгүй хөрөнгө нь огцом өсч улмаар 400 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдож байв. Үүгээр ч зогсохгүй МАН-ын генсектэй холбоотой хэд хэдэн албан тушаалын хэрэг өмнө нь АТГ-т шалгагдаж байсан ч яг одоо тодорхойгүй шалтгаанаар гацаачихсан байгаа. Бид өмнө нь энэ тухай мэдээллийг хүргэж байсан учраас дахин нурших нь илүүц биз. Харин дараагийн нэг эрхэм нь ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэйгээр УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогдсон Ж.Пунцаг гэгч. Энэ эрхэм тус албан тушаалд томилогдохоосоо өмнө Эрүүгийн хэрэгт холбогдож байсан нэгэн. Ийм л учир битүүлэг хүмүүсийг МАН-ын одоогийн удирдлагууд төрийн албанд томилж байсан олон, олон баримт  Ерөнхийлөгч Х.Баттулгын гарт орсон гэсэн үг. Учир нь иймэрхүү ноцтой баримтууд Ц.Сандуйгийн гарт байсан учраас тэрбээр сэтгүүлч Мөнхбаясгалантай ярилцахдаа хоёулаа бүх баримтыг нэг бүрчлэн ярилцах цаг хомс учраас би зарим нэгийг нь хальтхан дурьдаад өнгөрөе хэмээн дахин дахин тодотгосон нь энэ байх. Тиймээс л Ц.Сандуй маргааш болох хурал дээр өөрт байгаа бүх баримтаа болон Ерөнхийлөгчийн гарт орсон баримт тус бүрийг нэг бүрчлэн тоочиж жинхэнэ 60 тэрбумчдыг олон нийтийн өмнө ямар ч хаалтгүйгээр ярих нь лавтай.

Уг нь түүний холбогдсон энэхүү 60 тэрбумын хэргийг хэрэг биш гэдгийг түүнтэй хамт сонссон У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хамгийн сайн мэдэх эрхмүүдийн нэг гэж байгаа. Гэтэл тэд Ц.Сандуйг Нийслэлийн намын хорооны дарга байсныг нь умартаж өөрсдийгөө түүний хар жагсаалтад орсон гэдгээ ор тас мартаж түүнийг энэхүү гэмт хэрэгт хүчээр татан оролцуулаад зогсохгүй төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдааныг зохион байгуулсан гэдэг үндэслэлээр ял тулгаж улстөрөөс арчихыг хүссэн нь эргээд өөрсдийнхөө толгойг цусдаж мэдэх аймшигтай баримтууд Ерөнхийлөгчийн гарт орсныг зүүдлээ ч үгүй байж мэднэ. Ц.Сандуйгийн хувьд МАН-д тодорхой хэмжээгээр өндөр албан тушаал хашиж явсан учраас хамрын доорх хагархай гэгчээр бурахгүй гэдгийг түүнийг намаасаа хөөсөн нөхдүүд сайн мэдэх учраас битүүхэндээ эмээж хуулийнханд нөлөөлж байгааг ч үгүйсгэхгүй. Ямартай ч хэдий намаасаа хөөгдсөн ч Ц.Сандуй гол дүр хэвээр, олон ч хүний хувь заяаг гартаа атгаад зогсохгүй зарим нэг баримтууд нь очих ёстой хүндээ очсон учраас маргааш тэрбээр айх зүйлгүйгээр шүүх хуралд оролцож өөрийгөө гэмт хэрэг хийгээгүй гэдгээ нотлохоор зэхэж байна.

Мэдээж эзэндээ очих ёстой МАН-ын дарга нарын баримт ямар хүнээр дамжиж Ерөнхийлөгчийн гарт очив гэдэгт гайхах зүйлгүй. Тиймээс л маргааш Ц.Сандуй яаж үүцээ задлах бол гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна. Ямартай ч Ерөнхийлөгчийн зүгээс 60 тэрбумын гэх улстөрийн захиалгатай хэрэг бус ЖДҮ-ээс зээл авч зориулалтын бусаар ашигласан нөхдүүдийг яллах сонирхолтой  байгаа гэдэг мессеж  шүүгч нарын чихэнд хүрсэн учраас сүр дуулиан болсон 60 тэрбумын гэх хэрэг ямар ч улстөр орохгүйгээр маргааш эцэслэн шийдэгдэх бололтой. 

Мөн Ерөнхийлөгчийн гарт орсон бас нэгэн ноцтой баримт гэвэл өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраас уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоохдоо маш олон хууль бус үйл ажиллагаа явуулсан баримт ч түүний гарт оржээ. Энэ талаарх мэдээллийг бид дараагийн удаа өөрсдөдөө олдсон баримтын хүрээнд мэдээлэх болно.
 
ERENNEWS.MN
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.