НИЙСЛЭЛД “НУУГДСАН” БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА


Нийслэлийн зуслангийн бүсэд буюу Хандгайтад баавгайн мөр илэрчээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Байгаль орчны газраас шалгалт явуулахад нас бие гүйцсэн баавгай болохыг тогтоосон байна. Түүнчлэн өнгөрсөн ням гаригт Улиастайн Шарын амд нэгэн баавгай байна гэх дуудлага иргэнээс иржээ. Дээрх баавгайнуудын ойгоос гарсан мөр олдоогүй тул ойд байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор баавгайнуудыг эрэн хайж байгаа бөгөөд, нийслэлийн Байгаль орчны газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Онцгой байдлын газраас бүрдсэн шуурхай баг ажиллаж байгаа аж.

Нийслэлийн бүсэд баавгай байгаа нь тогтоогдсон тул ойд ганцаар явахгүй байхыг мэргэжилтнүүд сануулж байна. Хэрэв баавгайтай таарвал шуурхай багийн ажилтан руу буюу 99995899 болон 11310005, 11323780 дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөлөө.

Мөн 2018 онд суурьшлын бүсэд буюу нийслэлд хоёр баавгай орж ирснийг илрүүлж, байгальд нь буцаан суурьшуулсан юм. Харин энэ намар Гачууртын Шар хоолойн аманд нэг баавгай ирсэн байсныг мөн буцаан суурьшуулсан байна.

  • Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна.
  • Араатан амьтад идэш тэжээлээ барьсан эсвэл шархадсан, хүнтэй гэнэт тулгарсан үедээ дайрах нь бий. Ийм нөхцөлд хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
  • Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдон явахыг анхааруулж байна. Учир нь эх амьтан идэш тэжээл хайж явахдаа ч төлтэйгөө ямагт ойрхон байх бөгөөд тэднийгээ хамгаалахын тулд догшин авир гаргах нь олонтаа.
  • Хэрэв баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулахыг хичээх хэрэгтэй ба нуруугаа харуулахгүй байх нь зүйтэй.
  • Нийслэлийн ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг тохиолдоно. Өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх боломжтой. Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх нь зүйтэй.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.