"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”


УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.   

Тахарын албаны тухай хууль хүчингүй болсноор шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх болсныг тэрбээр танилцуулгын эхэнд дурдлаа. Үүнтэй холбоотойгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хорих байгууллагад ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ гэсэн нөхөд бий. УИХ-ын гишүүд нь ОУПХ-нд очиж тэдний амийг нь хорлох гээд байна, будаг өгсөн, Монголын төр гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол  ХЗДХ-ийн яамны харьяа. Хорих байгууллагад ийм үйлдэл гарч байгаад хэн хариуцах юм бэ. Олон улсын байгууллага дээр ийм зүйл яригдаж байгааг би гайхаж байна. Хоёрдугаарт, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг эрүүдсэн шүүсэн гэдэг асуудал яригдсан. Гэхдээ ялтан хүмүүс биз дээ, тэд. Эмнэлэгт хэдэн сар болж байгааг нь хүмүүс гайхаж байна. Орон дээр нь тарвалзаж, тансаглаад эмнэлгийн хүмүүсийг тайван амьдруулахгүй, байн байн сайд нь очиж эргэж тойрч гүйгээд биднийг бас дэглэчих юм гээд үйлчлүүлэгчид гомдол мэдүүлсэн байна.

Энэ хуулийг баталснаар тэднийг тусад нь өрөөнд байлгах юм уу эсвэл эмнэгт хамгаалдаг өрөө гаргах юм уу. Эмнэлэгт өвчтөнүүд үйлчлүүлдэг болохоос биш ялтай хүмүүс олон сар хэвтэхгүй. Хэнд нь ингэж онцгойлон анхаараад байгаа юм бэ. Хэн амийг нь хорлох гээд байгаа юм, нэрийг нь одоо шууд хэл. УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлагагүй хүлээдэггүй гэж байгаа боловч бодитой гэмт хэргийн тухай мэдээлэл яриад байна. Тэднийг амиа хорло гэж прейтик өгсөн гээд ОУПХ-дээр Монгол Улсыг гутаан доромжилж ярьсан гишүүнийг нөгөө цаад байгууллага нь “Та нар битгий ОУ-ын байгууллагын нэрийг барьж, улс төр хийгээд бай” гэж хэлж байх жишээний.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

Ж.Батзандан, Л.Болд нарын хэлсэн үгийн талаар өөрсдөөс нь асууна биз. Ер нь бол Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг яргалсан, эрүүдэн шүүсэн нь үнэн. Энэ нь баримт, бичлэгтэй. Би байнга энэ талаар ярьж байгаа. Сүүлийн 70 жил Монголд болж байгаагүй яргалал тэнд болсон. Би ингэж яриад гурван жил болж байгаа. Харамсалтай нь  тэднийг суллахгүй байсаар өнөөг хүрлээ. Би Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын асуудлыг  дахин Ерөнхийлөгчид оруулна. Харамсалтай байна. Хилсээр шийтгүүлж байгаа хүмүүс шоронд ял эдэлж байгаа. Шоронгийн эмнэлэг шоронтой ижилхэн шүү дээ. Өмгөөлөгч байсан О.Баасанхүү мэдэх байлгүй дээ. Би нэг л удаа тус бүртэй нь уулзсан. Яргалалсан бичлэг гарахаас өмнө би очиж уулзсан. Дөрвөн жил  тус бүрийг нь ганцаар нь болжмор шиг торон дотор хорьж, өдөрт гурван удаа тавагтай хоол шиддэг, өглөө 06 цагаас эхлэн шөнийн 12 цаг хүртэл хагас сууж ийм байдалтай дөрвөн жил явсан. Ядарсан хохирсон иргэдийг тарвалзаж байгаа гэж ярьдгаа боль. Өнөөдөр шүүхийн шийдвэрээ өөрчилж өгөхгүй байгаа учраас энэ хүмүүс ял эдэлж байна. Хэрвээ би Ерөнхий шүүгч, ерөнхий прокурор байсан бол яргалсан асуудал гарч ирсэн даруйд нь хэргийг дээд шүүхээр оруулж шүүхийн тогтоолыг нь хүчингүй болгож мөрдөн байцаалтад шилжүүлэх байсан.

Үүгээр тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-10-19 ip: 43.242.243.2

    Баасанхүүг тэдний оронд хорьж тамалсан бол Энхбаяр ахыгаа дуудаж авилга авч намаа худалдах гэж байсан нөхөддөө ховлож яаж сүржигнэж байгаа бол, аягүй бол хойд солонгосоос орогнол хүснэдээ