МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО


Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын /ЗГХК/ 7 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Комиссын хуралдааныг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Х.Баделхан, Бүгд Найрамдах Австри Улсын Цахимжуулалт, эдийн засгийн яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын Ерөнхий захирал, ЗГХК-ын Австрийн хэсгийн дарга Франц Вессиг нар удирдав.

Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, 2016 онд хуралдсан 6 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Х.Баделхан хуралдааны үеэр: “Манай хоёр орон 1963 оны 7 дүгээр сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Чингэснээр Австри Улс манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны хоёр дахь орон юм. Иймд бид Австри Улсад ихэд талархалтай ханддаг бөгөөд харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч ирсэн” гэдгийг онцлон тэмдэглэв.

Вена хотноо 2016 оны 6 дугаар сарын 23-нд хуралдсан 6 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан 14 ажил хэрэгжиж байгаа бөгөөд 80.0 хувийн хэрэгжилттэй байна.

Хоёр улсын Засгийн газрууд 2012 оноос эхлэн “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд Австрийн Засгийн газраас олгож буй 2 удаагийн хөнгөлөлттэй зээлээр нийт 11 төсөл Монголд хэрэгжүүлэхээр болсноос 6 төсөл нь амжилттай хэрэгжиж дууссан, 5 төсөл хэрэгжилтийн явцдаа байгааг мэдээллээ.

Мөн хоёр орны санхүүгийн хамтын ажиллагаан дээр үндэслэн тус хэлэлцээрийн 3 дахь шатыг эхлүүлж буйд талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн чиглэлийг манай талаас товч танилцуулж, бидний хэрэгцээ, шаардлагыг харгалзан тус хэлэлцээрийн хүрээнд Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комисс цаашид хамтран ажиллах салбаруудыг өргөжүүлэх тал дээр санал нэгдсэн юм.

Талууд комиссын хуралдаан найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай боллоо хэмээн дүгнэн тэмдэглээд цаашид сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх, түүхэн дурсгалт өв соёлын эд өлгийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль хамгаалал, уул уурхайн салбарт хамтран ажиллахаар болов.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.