ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР БАЙГУУЛНА


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

 

“Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны долоодугаар сарын 27-ны 4 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан байна. Тодруулбал, яам, агентлаг болон төрийн бусад байгууллагууд салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал өсөх, цаг хугацаа алдах, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг удаашрах зэрэг сөрөг үр дагавар бий болж буй юм. Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг уг төсөлд тусгажээ. Төрийн худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад уг газар чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганд танилцуулав.

 

Төрийн худалдан авалтыг ил тод, шуурхай болгохын тулд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гаргаж байв. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нэгдсэн стандарт, загвар, зураг төсөлтэй болох шаардлагатай байгааг дурлаа.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2019 онд хэдэн тендер зарласныг тодруулахад тогтоолын төслийн ажлын багаас, “Энэ онд нийт 900 гаруй тендер зарлах ёстойгоос албан ёсоор зарласан нь 94 хувьтай байна. Үүнээс гүйцэтгэл улсын хэмжээнд 60 гаруй хувтай байгаа” гэсэн хариулт өглөө.

 

Мөн УИХ-ын гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Ерөнхий сайдын дэргэд бус Сангийн яамны харъяанд байгуулах ёстой гэсэн санал хэлж байв. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.