ДӨРВӨН ХҮН ҮХЭЖ, ДӨЧӨӨД ХҮН УГААРТЛАА, ОДОО БОЛОО ЮМ БИШ ҮҮ. ЕРӨНХИЙ САЙДААСАА ЭХЛЭЭД ХОТЫН ДАРГА ХҮРТЛЭЭ ОГЦОР!


Энэ хавар буюу тавдугаар сарын 1-нээс нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй хориглож, улмаар намраас эхлэн шахмал түлш хэрэглэх Засгийн газрын 62 дугаар тогтоол гарч, Улаанбаатар хотыг тэр чигээр нь хангах болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зай завсаргүй “бөмбөгдсөний” хүчинд хүн болгон мэддэг болсон. Жилийн жилд улиг болгон яригддаг Улаанбаатарын утаатай тэмцэх У.Хүрэлсүхийн Засгийн газрын дэвшүүлсэн нэг бодлого нь энэ юм. Бодлого дэвшүүлэх нэг хэрэг. Ямар ч бодлого дэвшүүлж болно. Үнэхээр утаагүй түлш хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Тэгэхдээ тэр түлш нь жирийн иргэдийнхээ аминд хүрдэггүй байх нь л хамгийн чухал. Дөнгөж өвлийн өнгө сууж, хүйтрэх хандлага гараад ирэнгүүт л нөгөө ам уралдуулан магтаад байсан шахмал түлшийг хэрэглээд дөрвөн хүн амиа алдаж, дөчөөд хүн угаартан эмнэлгийг хаалга татав. Энэ бол өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн өдрүүдийн эмгэнэл байлаа. Гэтэл Төр, засаг нь үүнд хэр эмгэнэж байна вэ гэдэг тун сонин. Хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнууд нь хар толгойгоо л бодож суух шиг. Яажшуухан аргалаад албан тушаалдаа үлдэхээ бодохоос бус, хүний хорвоод ирээд хоёрхон жил болсон нялх амьтан, дөрөвхөн хаврын цэцэг үзсэн хүүхэд ээж, аавынхаа хайранд илбүүлж, эгэлхэн амьдралынхаа жамаар баяр хөөртэй унтаад босч ирээгүй буцчих нь тийм ч хайран зүйл биш бололтой. Хүний аминаас илүү албан тушаал, алдар нэр гэж байдаг юм уу гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нараас асуумаар байна.

Яагаад гэвэл Таны удирдаж байгаа Засгийн газрын тогтоолоор ийм шахмал түлш хэрэглэх болсон гэдгийг бүгд мэднэ. Хотын захирагчийн тухайд шахмал түлштэй холбоотой худал ташаа мэдээлэл тараасан, буруутгаж муутгах ородлого хийсэн хэнтэй ч болов хатуу тэмцэнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Харамсалтай нь, Таны сүрдүүлсэн үгний хариулт дөрвөн хүний амиар тодорчих шиг боллоо. Одоо та юу хэлэх вэ. Хэнд хариуцлага тооцох вэ. Ичихгүй “Иргэд шахмал түлшнээс биш галлах явцдаа угаартсан” гэсэн мэргэжлийн хүний үгийг бариад гүйх үү. Аль эсвэл “Шууд шахмал түлшийг буруутгах нь өрөөсгөл хэрэг, юу ч шатаасан угаарын хий ялгарна” гэсэн Нийслэлийн Онцгой байдлын комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангийн үгэнд орох уу. Шахмал түлш хэрэглэх нь хамгийн зөв шийдэл гэж уриалж тунхаглахаас илүүтэй галлахдаа анхаарах талаар зөвлөмж санамж хангалттай өгсөн үү. Бид чинь агаарын бохирдолттой, утаатай тэмцэж байна хэмээн хэдэн жил дээгүүрээ ярьж, хичнээн тэрбум төгрөгийг агаарт цацаж, өөрсдийнхөө халаасанд хийж байх хооронд нүүрсээ түлж сураад, тэр бүү хэл, сайжруулсан зуухыг нь ашиглаж чаддаг болчихсон хүмүүс шүү дээ. Угаартлаа угаартлаа гэхэд ингэж аравдугаар сарын эхээр 30-40-өөрөө угаартсаныг санахгүй байна. Тэгэхээр тэр түлшинд нэг учир байгаа юм биш үү. Угаартсан айлуудын хэрэглэсэн түлшнээс дээж авч, төвийн гурван лабораторид шинжүүлэхээр өгсөн ч нэг нь л хариугаа гаргасан тул нийлүүлж байгаад нэгдсэн журмаар олон нийтэд мэдээлэх гэнэ. Яагаад түрүүчээс нь хариуг нь танилцуулж болдоггүй юм бэ. Яах гэж гурвуулангийнх нь хариуг нэгтгэх ёстой юм бол. Заавал нэгтгэх хэрэгтэй юм бол гурван газарт шинжлүүлэхийн хэрэг юу вэ гэх хардлага ар араасаа хөвөрнө. Шахмал түлшний орц найрлага нэг биш юм биш үү гэдгийг хэвлэл мэдээллээр бичээд эхэллээ. Үүнд ч гэсэн хариулт авмаар байна. Сайжруулсан шахмал түлш мэддэг гадаадын мэргэжилтэн нь гараараа бариад л манай шинэ түлшийг тааруухан гээд дүгнэчихсэн юм биш үү, албан тушаалтангууд аа. Үнэнийг яагаад хэрэглэгчдээс нуугаад байгаа юм бэ.

Үнэндээ сайжруулсан шахмал түлшний гол орцыг Өмнөговиос, МСS-ийн Энержи ресурсаас авчирч байгаа. 590 сая төгрөгийн үнээр боссон замаар наашаа 100 тонноор нь нүүрс тээвэрлэсээр байгаад тэр зам там болсон. Там болсон замаар явсан иргэд осолд орж амиа алдсаар байгаа. Энэ асуудалд ч бас хариуцлага нэхэх учиртай. Нүүртэй, нүнжигтэй даргын үед аливаа ажил хэрэг өөдлөн дэгжиж, ард олон нь ч амар тайван байдаг гэдэг. Харин Та нарын үед нэг л болохгүй болоод эхэллээ шүү. Байдал нэгэнт ийм болчихоод байхад ухамсарлан ойлгож, ажлаа өгөөд огцорвол яасан юм бэ. “Монголын өвөл хүйтэн болдог” гэж нэгэн төрийн түшээ тун чиг үнэн хэлсэнчлэн цаг цаашлах тусам хүйтний эрч чангарна. Тэр үед яалт ч үгүй шахаагаар ирсэн шахмал түлшээ хэрэглэж таарна. Харин жирийн биднээс хэд нь угаартаж хорвоог орхих бол. Ийм айдас нэгэнт нөмөрчихлөө. Харин хэдэн хүний амь насыг үрж байж Та нар огцрох вэ.

Цагаан будааны үнэ хэлбэлзэхэд л огцордог Ерөнхий сайдтай Японд амьдраагүйгээ мэдэж байна л даа. Гэвч будааны үнэ биш хүний амь яригдаад байна шүү. Дөрвөн хүн үхэж, дөчөөд хүн угаартлаа, 590 тэрбумын өрөөр боссон замыг там болголоо. Одоо У.Хүрэлсүх, С.Амарсайхан та хоёр огцор!

ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.