ТБХ: САНГИЙН САЙДЫН 2018 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНГ ЗӨРЧИЛГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.02) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа даргалав.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат  нар тус тус танилцуулав.

Тус Байнгын хороонд харьяалагддаг Сангийн сайдад 2018 онд нийт 1,789.6 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас 1,606.0 тэрбум төгрөг зарцуулж 89.7 хувийн гүйцэтгэлтэй  байна. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 159,791.0 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 158,127.7 сая төгрөгийн 52 нягтлан бодох бүртгэлийн алдааг аудитын явцад залруулж, 32.0 сая төгрөгийн зөрчилд 10 төлбөрийн акт тогтоож, 381.2 сая төгрөгийн 13 зөрчлийг арилгах албан шаардлага өгч, 1,250.1 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 94 зөвлөмжийг хүргүүллээ гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлов.

Мөн тэрбээр, тус төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд  зөрчилгүй гэсэн санал, дүгнэлт гардуулж, аудитаар илэрсэн зөрчлүүдэд зөвлөмж өгснөө мэдэгдлээ. Тухайлбал, Төсвийн ерөнхийлөн захирагч харьяа байгууллагуудын төсвийн хуваарийг баталгаажуулаагүй, Татварын ерөнхий газар болон харьяа хэлтэс, нэгжүүдэд батлагдсан орон тооноос илүү 48 албан хаагч ажиллаж байгаа, дууссан төсөл, арга хэмжээний хаалтын тайлан гаргаагүй, 85.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг холбогдох журмын дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллагад шилжүүлээгүй, зарим хөрөнгийн элэгдлийг тооцоогүй, санхүүгийн тайлан гаргаагүй, эхний үлдэгдлээр төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгэсэн, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгэгддэг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК, Хадгаламж даатгалын корпорац ХХК 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт ирүүлээгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдлаа.

Хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат, С.Оюунбилэг болон Сангийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон.

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар асуулт асууж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө. “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,828,374.0 /зургаан их наяд найман зуун хорин найман тэрбум гурван зуун далан дөрвөн/ сая төгрөгөөр, төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,181,902.8 /долоон их наяд нэг зуун наян нэгэн тэрбум есөн зуун хоёр сая найман зуун/ мянган төгрөгөөр батлахаар тусгагджээ.

Тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.