ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг парламент хэлэлцэж эхлэхтэй зэрэг УИХ-ыг тараах асуудал ил далд яригдаж эхэлсэн.  Ойрын өдрүүдэд энэ яриа улс төрийн хүрээнд өндрөө аваад байна.  Бүр тодруулбал, өнгөрсөн долоо хоногт  Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намдаа нөлөө бий албан тушаалтай арав гаруй хүнийг дуудаж парламентыг тараахаар байр сууриа нэгтгэсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

Тэд ирэх сарын сүүлээр юм уу, арванэгдүгээр сарын эхээр УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулахаар санаагаа нэгтгэж. Мэдээж нэр бүхий гишүүд эсэргүүцэж байгаа ч тэдний энэ саналыг УИХ-ын 48 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байгаа тухай эх сурвалжууд бичиж байна. 

Тэгвэл УИХ-ын ээлжит бус сонгуулийг дараах тохиолдолд явуулна гэж заажээ.    

Үндсэн хуулийн 22.2 дахь заалт:

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйл:

31.1. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн эрх энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:
31.1.1. Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.1.4. энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан.
31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана. 
31.3. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр өргөн мэдүүлсэн бол ажлын 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит бус чуулганыг ажлын 3 хоногт багтаан зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ. 
31.4. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна.
31.5. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.
31.6. Ерөнхийлөгч энэ хуулийн 31.1.4-т зааснаар Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах зарлиг гаргасан бол Улсын Их Хурал уг зарлиг гарснаас хойш 7 хоногийн дотор Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлана.
31.7. Энэ хуулийн 31.5, 31.6-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.
31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
31.9. Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж ил санал хураалт явуулна.
31.10. Нэгдсэн, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаан дээр гишүүд төсөл санаачлагчид асуулт тавьж хариулт авах, түүнчлэн үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.
31.11. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно.  

Сонгуулийн тухай хуулийн 8.5.1:

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.
8.6.Хэрэв энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.
8.7.Улсын Их Хурал энэ хуулийн 8.5-д заасны дагуу сонгуулийг хойшлуулсан, эсхүл энэ хуулийн 8.6-д заасны дагуу сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл арилсны дараа ээлжит сонгууль товлон зарлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.5, 30.6-д заасны дагуу зохицуулна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.