МОНГОЛЫН ПАРАЛИМПИЙН ӨДРИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА


Монголын Үндэсний Паралимпийн хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах, спортоор хичээллэж амжилтад хүрэх хүсэл сонирхлыг дэмжиж ирсэн 30 жилийн түүхийг бичсэн ойн босгон дээр Монголын Паралимпийн өдрийг анх удаа тэмдэглэж байна.

“Бээжин-2008” Зуны паралимпийн 13 дугаар наадамд байт харваагаар Д.Баатаржав алтан медаль хүртэж, Монголын пара спортын тамирчдын анхны түүхэн амжилтын АЛТАН хуудсыг нээсэн билээ. Тиймээс энэхүү түүхэн ялалтын өдрийг тохиолдуулан Монголын үндэсний паралимпийн өдөр болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байна.

Уг өдрийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулсан бөгөөд Монголын Үндэсний паралимпийн хорооны дээд шагнал “Алтан нар” гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Монголын Паралимпийн өдрийн баярын арга хэмжээнд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн газрын дарга н.Ганчимэг, Монголын Үндэсний Паралимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүү, дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Азийн Паралимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Эмэгтэйчүүд-Спорт хорооны дарга, Олон Улсын паралимпийн хорооны нарийн бичгийн дарга Н.Оюунбат, байт харвааны анхны дасгалжуулагч Ш.Бямбасүрэн, Паралимпийн анхны алтан медальтан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав болон Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нарын үе үеийн тамирчид оролцсон юм.

Мөн энэхүү арга хэмжээнд урилгаар Азийн Паралимпийн гүйцэтгэх захирал Тарек Соуе болон албаны төлөөлөгчид, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх Хаяаши Шиничиро нар оролцож, тусгайлан баяр хүргэлээ.

Ёслолын үйл ажиллагааг нээж Монголын Үндэсний паралимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүү үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсад паралимпийн спортыг хөгжүүлэх, олон улсын спортын тэмцээн, наадамд тамирчдыг бэлтгэн оролцуулах зорилготой төрийн бус байгууллага тэртээ 30 жилийн өмнө үүсгэн байгуулагдсанаар паралимпийн хөдөлгөөний үзэл санаа нийгэмд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд дэлгэрч эхэлсэн билээ. Өнөөдөр Монголын паралимпийн тамирчид "Бээжин 2008" зуны паралимпийн наадамд түүхэн амжилт гаргаж, паралимпийн наадмын пара байт харвааны төрөлд Д.Баатаржав алтан медаль, Монгол Улс анхны аваргатай болсон тэмдэглэлт өдрийг тохиолдуулан "Монгол Паралимпийн өдөр"-ийг анх удаа тэмдэглэж байна. Монгол Улс НҮБ-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвецид нэгдэн, Инчёоны тунхаглалыг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортоор дамжуулах бие бялдрыг нь чийрэгжүүлэх болсноор бидэнд олон давуу тал, өргөн боломж нээгдсэн. Монгол Улсад сүүлийн 10-аад жил хугацаанд 17 спортын холбоодын хөгжлийн бэрхшээлтэй 1500 гаруй иргэд спортоор тогтмол хичээллэж буй нь төр засаг, спортыг дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн тусламжийн үр дүн билээ. Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд пара спортын шинэ төрлүүд хөгжиж өнөөдрийн байдлаар 17 спортын холбоонд хөгжлийн бэрхшээлтэй 1500 гаруй иргэд тогтмол хамрагдан пара спортын төрлүүдээр хичээллэж байгаа нь төр засаг, пара спортыг дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгийн үр дүн юм. Монгол Улсын пара спортын үндэсний шигшээ багийн тамирчид 2013-2019 онуудад паралимпийн наадам, дэлхий, тивийн тэмцээнүүдээс 156 медалийг түүний дотор Паралимпийн наадмаас нэг алт, 2 хүрэл медаль хүртсэн бахдам амжилтуудыг гаргасаар байна. Мөн Монголын Үндэсний Паралимпийн хороо олон улсын түвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд Азийн Паралимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Эмэгтэйчүүд-Спорт хорооны дарга, Олон Улсын паралимпийн хорооны нарийн бичгийн дарга Н.Оюунбат сонгогдсон нь бидний ажлыг олон улсад үнэлж байгааг харуулж байна. Бид "Токио 2020" Паралимпийн наадамд 6 спортын төрөлд 8-10 эрх авах, улмаар 2008 оны Паралимпийн наадмын амжилтаа давтаж, Токиогийн наадмаас алтан медалийг дахин авах зорилго тавьж бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хангаж байна. Монголын Паралимпийн хорооны Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу "Монголын паралимпийн өдөр"-ийг жил бүр улам олон хүн өргөн хүрээнд тэмдэглэж, паралимпийн наадмын олон олон медальтан, зүтгэлтэнүүдийг алдаршуулдаг байх болтугай" гэж мэндчилгээндээ дурдлаа.

Энэ жилийн Үндэсний паралимпийн  хорооны дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааны “Алтан нар”-ын эзнээр Шагдарын Бямбасүрэн тодорлоо. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржавын анхны дасгалжуулагч, байт харвааны Олон улсын хэмжээний мастер юм.

Ёслолын үйл ажиллагааны үеэр бид Монголын Үндэсний паралимпийн хорооны дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоотой ярилцлаа.

-Энэ удаагийн ёслолын арга хэмжээнд хэчнээн тамирчин оролцож байна, яагаад “Алтан нар” гэж нэрлэх болов?

-2008 оны Бээжингийн олимпод манай Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав байт сурын харваанд түрүүлж, Монгол Улсдаа хамгийн анхны алтан медалийг авч ирж байсан. Энэ өдрөөр паралимпийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны шийдвэр гарсан. Энэ дагуу бид өнөөдөр паралимпийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хүнийг шалгаруулан дээд шагнал болох “Алтан нар” гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Яагаад ийн нэрлэх болсон бэ гэвэл удахгүй "Токио-2020" зуны олимпийн наадам болно. Уг наадамд манай баг тамирчид амжилттай оролцож, алтан медалийг Наран улсаас авч ирэх болтугай гэсэн ерөөлийг бодож бэлгэдсэн нэр юм. Өнөөдрийн арга хэмжээнд 17 спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, аймаг орон нутгийн төлөөлө, тамирчид нийлсэн 400-аад хүн оролцлоо.

-“Токио-2020” зуны олимп болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Паралимпийн хувьд ямар төрлөөр хэчнээн тамирчин эрх авсан байгаа вэ?

-Одоогоор паралимпид таеквондо, буудлага, пауэрлифтинг гэсэн төрлүүдээр дөрвөн тамирчин албан ёсоор эрхээ авчихсан байна. Цаашдаа бид 4-5 эрх нэмж авах зорилго тавиад явж байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 30 гэхэд хамгийн эцсийн шийдвэр гардаг. Бид оноогоо цуглуулаад явж байна.

-Монголын Паралимпийн тамирчдын хувьд тулгарч байгаа хүндрэлтэй асуудал юу байна вэ?

-Монголд одоо 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгаа байдаг. Эдгээр иргэд оролцох боломжтой паралимп, дифлимп, тусгай гэсэн олимпийн гурван чиглэл байгаа юм. Тэгэхээр зөвхөн манай паралимпид гэхэд нийт спортоор хичээллэдэг 5000 гаруй, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилт гаргаж буй 1500 гаруй хүн байна. Манай 17 спортын хороодоос зургаан нь паралимпийн наадмын хэмжээнд өрсөлдөх чадвартай. Азийн хэмжээнд 7-8 төрлөөр өрсөлдөх боломжтой байдаг. Тэгэхээр бид хүндрэл, бэрхшээл гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд итгэлцэл бол хамгийн чухал зүйл. Тэд урам, дэмжлэг, итгэлээр хөглөгддөг. Үүнээс гадна тэмцээнд бэлтгэхийн тулд ар гэр, асран хамгаалагчтай уулзаж, сэтгэлийн туслалцаа дэмжлэгийг онцгой анхаарах болдог. Ер нь сэтгэл зүйгээр бас их дэмжих шаардлагатай байдаг. Яах вэ, хөрөнгө мөнгөний хувьд бидэнд асуудал их байдаг л даа. Төр засгийн зүгээс паралимпийн хороонд шийдэж өгсөн төсөв, мөнгө байдаггүй. Нэгдүгээрт, бид сайн дурын үндсэн дээр ажилладаг. Хоёрдугаарт, паралимпийн тамирчид маань шигшээ багт орчихвол улсын зардлаар бэлтгэл, сургуулилт хийх, гадаадад тэмцээнд явах асуудалд төр хариуцана. Бусад үед бид хандив, тусламж, сайн санаат хүмүүсийн ивээлээр зохион байгуулж, оролцдог юм. Энэ жил болж буй Хүүхдийн зургаадугаар наадамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрлүүдийг нэмж оруулж өгсөнд бид их баяртай байгаа. Энэ бол цаашдаа 2024, 2028 оны олимпийн наадамд оролцох тамирчдаа одооноос бэлтгэх том боломж гэж харж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.