ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЭВГҮЙ ҮНЭРИЙГ АРАВ ДАХИН БАГАСГАХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО


Улаанбаатар хотыг анх 500 мянган хүнд зориулан бүтээсэн бол одоо нэг сая  500 мянган хүн байнга оршин суудаг. Орон нутаг, гадаад иргэд нэмэгдэн нийслэлд 2 сая гаруй хүний ажил, амьдрал өрнөж, хотын хөл хөдөлгөөн нэмэгдсээр байна.

Түүнчлэн одоо ажиллаж буй Төв цэвэрлэх байгууламжид өдөрт 2000 орчим м3 лаг ирдэг ба үүнийг ямар нэгэн цэвэрлэгээ хийлгүйгээр шууд гадаа асгаж, байгалийн аргаар хатаадаг. Энэ байгууламжид лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийдэггүй байна. Түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг учир эвгүй үнэр тархах шалтгаан болдог аж. Мөн 40-50 жил хуримтлагдсан хур лаг эвгүй үнэрийн шалтгаан юм.

Жилийн өмнө энд ирэхэд маск зүүгээд ч амьсгалах боломжгүй байсан. Тэгвэл өнөөдөр бид маск зүүлгүй зогсож байна.

Тэгвэл өнөөдөр дээрх аргыг халж, усгүйжүүлэх технологи дамжлага буюу "Лаг усгүйжүүлэх байгууламж"-ийг ашиглалтад орууллаа.

Лаг усгүйжүүлэх байгууламжийн барилга бетон суурь бүхий 48*18 метрийн хэмжээтэй, 11 метр өндөр, ган арагт бүтээцтэй, ус чийгээс хамгаалсан, төмөр гадаргуун эрдэс чулуун дулаалгатай. 

Энэ цэвэрлэх байгууламжийн анхдагч тунгаагуурын насос станц, идэвхт лагийн насос станц тус бүрээс лаг татах Ф250мм-ийн голчтой 2 хос шугамаар холбогдсон. Төв цэвэрлэх байгууламжийн усыг технологийн хэрэглээндээ ашиглахаар, технологиос гарах хаягдал усыг буцаан цэвэрлэх байгууламжид нийлүүлж цэвэрлэнэ.

Цахилгаан хангамжийн дэд өртөө, хоёр талын тэжээлтэй, цахилгаан, төвлөрсөн усс хангамж ариутгах татуурга, дулааны шугам сүлжээнд холбогдсон.

Лаг цуглуулах сан, лаг шахах насосууд, химийн бодис найруулах, туналах төхөөрөмжүүд, лаг усгүйжүүлэх центрфугийн төхөөрөмж буюу энэ нь төвөөс зугтах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг, усгүйжүүлсэн лаг цуглуулах шурган дамжуулагч, цуглуулах бункер, ус нөөцлөх сан, цэвэрлэгээний вакуум насос, агаар үлээгч, үнэрийг халдваргүйжүүлэх агааржуулалтын систем, хорт хийнээс сэргийлэх дохиоллын систем, хяналт, удирдлагын системээс бүрдэж байна.

Лаг усгүйжүүлэх байгууламж өтгөн тараг лагийг усгүйжүүлээд хуурай чийгтэй шороо шиг болгон хувиргана.

Лаг усгүйжүүлэх байгууламж хоногт 2500 м3 лаг усгүйжүүлэх хүчин чадалтай.

Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж, ус лагийг тус тусад ялгах зарчмаар ажилладаг аж. Мөн лагийг хооронд нь барьцалдуулах зорилгоор ПАМ (полиакриламид), лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК (полиалюминумхлорид) төрлийн химийн бодис ашигладаг.

Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 94-96 хувь бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70 хувь хүртэл чийглэгтэй болох бөгөөд илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах аж.

Барилга, хот байгуулалтын яам "Лаг усгүйжүүлэх байгууламж"-ийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, Ус Сувгийн Удирдах газарт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Барилга хот байгуулалтын яамны сайд Х.БаделханУлсын төсвийн хөрөнгө оруулалтаар даг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад орууллаа. Энэ нь ус, лаг хоёрыг салгана. Нэг ёсондоо гарч буй лагийн хэмжээг 5 дахин багасгана. Үнэр хэмжих багажаар үзэхэд өмхий үнэр 10 дахин буурч байна. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн технологийн дагуу үүнийг хийгээд ашиглалтад оруулж байна. Үүнээс гарч байгаа лагийг булах цаашлаад шатаах хүртэл арга хэмжээг авахыг төлөвлөсөн.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Герман улсын дэвшилтэт технологийг ашигласан, лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орж байна. Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, өлөнгийн зэрэг үйлдвэрүүд Төв цэвэрлэх байгууламжид маш их ачаалал өгдөг. Шингэн хаягдлаа өтгөнтэй нь тэр чигээр нь явуулдаг. Үүнийг таслан зогсоох үүднээс бид 27 байгууллагад хатуу хяналт тавьж байна. Тухайн үйлдвэрүүд өөрсдийн бага оврын, жижиг цэвэрлэх технологи ашиглаж анхан шатны процесс явуулсны дараа Төв цэвэрлэх байгууламж руу шингэн хаягдлаа явуулах ёстой. Энэ шаардлагын хүрээнд дэвшилт гарсаар байна. Жилийн өмнө энд ирэхэд маск зүүгээд ч амьсгалах боломжгүй байсан. Тэгвэл өнөөдөр бид маск зүүлгүй зогсож байна. Эвгүй үнэр багассаныг иргэд анзаарч байгаа байх. Хэдэн зуун гаа талбайд бохироо асгадаг, булдаг биш байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлддэггүй, харин ч бизнесийн боломж буюу хөдөө аж ахуй, бусад байгууллагуудад ч ач холбогдолтой байх зэрэг олон талаас нь харсан. Энэ байгууламжийг цагт нь чанартай барьсан гүйцэтгэгч компанид, өдөр тутамд хүнд нөхцөлд ажиллаж, байгаль орчныг хамгаалах, оршин суугчдын ая тухтай орчинг бүрдүүлэх хариуцлагатай бөгөөд хүнд ажлыг хариуцдаг Төв цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газрын хамт олонд оршин суугчдынхаа өмнөөс талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Төгсгөлд нь хэлэхэд лаг усгүйжүүлэх байгууламж өтгөн тараг лагийг усгүйжүүлээд хуурай чийгтэй шороо шиг болгон хувиргана. Гэхдээ бүрэн боловсруулсан гэсэн үг биш бөгөөд дараа нь хатаах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авдаг байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.