НИЙТИЙН БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ НИТХ-Д ӨРГӨН БАРИХААР БОЛЛОО


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай”, “Теле хяналтын камеруудын байршлын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай захирамжийн танилцуулга”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ын төсөл, “Нийслэлийн нутаг дэвсгэр дээр оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын тухай шинэчилсэн найруулгын тухай хэлэлцлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16квт/цагаас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг цахилгаан, дулаан хангамжаар халаах ажлын явцын талаар, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагын шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргааны тухай, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах үйлчилгээний ухаалаг системийн үйл ажиллагааг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийн тухай зэрэг асуудлуудаар холбогдох албаны хүмүүс зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

СХД-ийн 23 дугаар хороонд гэр хорооллыг дахин төлөвлөх “Оргил” төсөл хэрэгжинэ

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 7227 айлын орон сууц ашиглалтад оруулж, 1712 нэгж талбарын газрыг чөлөөлж, орон сууцанд оруулан 5001 айлын янданг буулгасан байна. Үүнээс 2018 онд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2017 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Төслийн хүрээнд 2019 онд 3417 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр барилга угсралтын ажлууд хийгдэж байгаа юм.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх байршлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 24 га газрыг хамарсан “Оргил” төсөл нь НИТХ-ын 2016 оны 11 дүгээр тогтоолоор газар шинэчлэн зохион байгуулах 9 байршилд хамрагдан батлагдсан. “Содон” хороооллын зүүн хойд талд байрлах юм. Уг байршил нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нам болон дунд давхрын орон сууцны газар зохион байгуулалтын бүсэд хамрагддаг. Төвийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой. 1280 өрхтэй, 920 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг өрхийн болон амбулатори тус бүр нэг эмнэлэгтэй байхаар төлөвлөсөн” гэдгийг танилцуулгадаа дурдлаа.

Зөвлөлийн гишүүд үүнийг дэмжиж нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж шийдвэрлүүлэхээр боллоо.

Нийслэлд суурилуулсан камеруудын 39.2 хувь нь шаардлага хангахгүй байна

Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөнд хяналт тавих, тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэх чиглэлээр нийслэлд 2010, аймгуудад 2012 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөнгөлөлттэй зээлээр улсын хэмжээнд нийт 3569 хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналттай системийг суурилуулсан байна. Дээрх суурилуулсан хяналтын камеруудаас 78.4 хувь нь хэвийн, 32.1 хувь нь цахилгаан тэжээлийн найдвэргүй холболттой, тоног төхөөрөмжийн эвдрэлтэй, 7.1 хувь нь дүрсний чанар шаардлага хангахгүй байгаа юм.

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Нийслэлийн нутаг дэвсгэр 4704.4 кмкв талбайтай. Нийслэлд суурилуулсан 2065 камер бүрэн ажиллахад суурьшлын бүсийн 20 хувь орчмыг хянах боломжтой. Иймд шинээр суурилуулах камеруудыг хяналттай, зөв зохион байгуулалттай хийх нь чухал асуудал болоод байна. Теле хяналтын нэгдсэн бүртгэлийн загварыг үүсгэж, орон зайн мэдээллийн санд суурилсан мэдээллийн санг зохион байгуулах, хяналтын камер бүр өөрийн кодлох дүрмийн дагуу кодтой байна. Мэдээллийн санг орон зайн мэдээллийн санд суурилуулан хийснээр камерын гэмтэл, холболтын төрөл, хүчин чадал, үзүүлэлт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн хянах боломжтой болно. Түүнчлэн хяналтын камерын бүртгэлд хандах эрх бүхий байгууллагуудад хэрэглэгчийн эрх нээж өгснөөр өгөгдөл, мэдээлэл солилцох, шийдвэр гаралтад үзүүлэх хэрэгсэл болох юм” хэмээн танилцууллаа.

Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагуудын камерын нэгдсэн системийг хөтлөх, мэдээлэл солилцох боломж бүрдэх юм байна. Мөн удирдлагын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлж, камерын мэдээллийн давхардлыг арилган, хамтын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэнэ. Нутгийн захиргааны байгууллагууд цаашид теле хяналтын камерын суурилуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу хяналтын камеруудыг суурилуулж, гэмт хэрэг гаралтыг бууруулах нөхцөл боломжийг бүрдүүлэн иргэдийн амар тайван амьдрах нөхцлийн бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх аж.

Эрэн сурвалжлагдаж байсан 140 этгээдийг нийтийн байрнаас баривчилсан байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмын төслийн талаар өнөөдрийн зөвлөлийн хурлаар мөн хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 649 байранд нийтийн байрны үйлчилгээ үзүүлж байгаагаас 4.1 хувь нь аж ахуйн нэгж, 95.9 хувь нь хувь хүний эзэмшлийнх байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудаас нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгж, нийтийн байранд амьдарч байгаа болон хөдөө орон нутгаас түр оршин сууж буй иргэдийн бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, сэжигтэй эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, галын аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон орон байрны ариун цэвэр, эрүүл ахуйн норм шаардлагыг бүрдүүлэх зорилгоор шалгалт хийхэд Эрэн сурвалжлагдаж байсан болон оргон зайлсан 140 этгээдийг олж баривчилсан, Төвлөрсөн шугамд холбогдоогүй, зөөврийн устай, гаднаа нүхэн жорлонтой, өрөөний температур 20-22, чийглэг 30-40, Галын самбаргүй-10, галын хоргүй-15, цахилгаан утас гэмтэлтэй 13, байшин хоорондын зай ойр 31, Эрхэлж буй иргэн, хуулийн этгээд албан ёсны бүртгэл, зөвшөөрөлгүй Дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулдаггүй, Нийслэл, дүүргийн татварын албанд татвар төлдөг эсэх нь тодорхойгүй, Нийтийн байруудыг бүртгэн зөвшөөрөл олгодог, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг төрийн байгууллага байхгүйгээс оргон зайлсан этгээдүүд орогнож гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх нөхцөл бүрдсэн зэрэг цөөнгүй зөрчил дутагдал илэрсэн байна.

Тиймээс нийтийн байрны үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулах шаардлага тулгараад байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаж, нийтийн байрны үйлчилгээ эрхлэх журмын төсөл боловсруулснаа зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүллээ. Зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.