Б.БААТАРХҮҮ: НЭР БҮХИЙ ЗАРИМ ЖИРГЭЭЧИЙГ ШАЛГАЖ БАЙГАА НЬ ҮНЭН


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалтай холбоотойгоор цахим хуудаст Орос, Монголын харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн зарим иргэнийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар иргэн Г.Ганбат болон твиттер орчинд Элийрэгч нэрээр олонд танигдсан иргэн Ц. Уянга нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ил болоод буй. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор цахим орчинд байр сууриа илэрхийлсэн нэр бүхий жиргээчдийг тагнуул болон цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэсэн мэдээлэл ил боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

-Эрх бүхий байгууллагаас нэр бүхий твиттер ашигладаг иргэдтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Эрх бүхий байгууллагаас мэдээлэл ирж буй тохиолдолд цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Энэ дагуу холбогдох нэр бүхий хаягтай твиттер хэрэглэгч иргэдийг шалгаж байна.

Гэхдээ дээрх иргэдтэй холбоотой асуудал зөрчлийн шинжийг агуулж байна уу, аль эсвэл гэм буруугийн шинж агуулж буй талаар одоогоор яригдах болоогүй. Би хэд хэдэн зүйлийг хэлмээр байна. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан.

Тухайлбал, Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг 16 дугаар зүйлд хүний эрх чөлөө, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн талаар хүмүүс өргөнөөр ярьдаг. Монгол Улсын иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Гэхдээ Үндсэн хуулийн тулгуур зарчимд “Та эрхээ эдэлж болох ч таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэсэн зарчим байдаг. Би хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна гээд дур зоргоороо байж болохгүй. Хүмүүс эрхээ мэдэж ярьдаг ч үүргээ тэр бүр мэддэггүй.

Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулиар ногдуулсан татвар төлөх, эх орноо батлан хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэсэн үндсэн үүргийг зааж өгсөн байдаг. Нөгөөтэйгүүр сошиалд танигдсан хэрэглэгчийг олон хүмүүс дагадаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүмүүс мэдээллийг түгээж буй нэг суваг болчихлоо.

Тэгэхээр бид хуулийн дагуу олгогдсон эрхээ эдлэхдээ бусад хуульд заасан иргэний журамт үүргийг биелүүлэх хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Дээрх хэрэгт тухайн жиргээчдийн бичсэн зүйл тодорхой ашиг сонирхолтой байгаа эсэхийг манай холбогдох нэгжүүд шалгаж тогтооно.

-Жиргээчдийг Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх яриа байна?

-Холбогдох байгууллагаас албан бичиг ирүүлсний дагуу бид бодит байдлыг шалгаж тогтооно. Үүний дараа жиргээчдэд хариуцлагын асуудал яригдах уу, эс яригдах уу гэдэг нь тодорхой болно.

-Нэр бүхий иргэдийн цахим хаягийг хаасан гэсэн үнэн үү?

-Цагдаагийн байгууллагаас тийм ажиллагаа явуулаагүй.

-Зарим жиргээчээс байцаалт авсан гэв үү?

-Одоогийн байдлаар байцаалт авсан зүйл байхгүй.

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.