ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ИРГЭД ЮУ ХЭЛЭВ?


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт МАН бүлгийн хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарим асуудлаар нэгдмэл байр сууринд хүрч, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, хугацааг таван жилээр сунгах  өөрчлөлтийг олонхын саналаар дэмжсэн.

Харин УИХ дахь АН-ын зөвлөлийн зүгээс гишүүдийн тоог 99 болгохыг дэмжихгүй.  Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд гишүүдийн тоог 108 болгох тухай тодорхой заасан. Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэгт бүлгийн зүгээс оролцохгүй. Ерөнхийлөгчийн төслийг дэмжиж оролцоно гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.  Түүнчлэн АН-ын зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар манай редакц иргэдийн байр суурийг сонслоо.

Иргэн Д.Туяа: Хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж телевизээр яриад л байна. Гэтэл манай хороо, дүүргээр  хуулийн талаар мэдээлэл хийсэн хүн байхгүй

“Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд ахмад настанд нөлөө бүхий заалт оруулах хэрэгтэй. Гэтэл улс орныхоо төлөө хийх гэж байгаа өөрчлөлт байхгүй байна. УИХ гишүүдийнхээ тоог нэмж, олуулаа дээд албан тушаалтан болгох талаараа ярих юм. Олуулаа болоод хийж бүтээх нь нэмэгдэхгүй байх. 108 эсвэл 99 болгох нь албан тушаалдаа үлдэх сонирхолтой эрх мэдэлтнүүдийн хувийн бодол гэж харж байгаа. Хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж телевизээр яриад л байна. Би Хан-Уул дүүргийн иргэн. Манай хороо, дүүргээр  хуулийн талаар мэдээлэл хийсэн хүн байхгүй. Иргэн бүрт зүйл заалтаа танилцуулсан хурал хийж тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна”.  

Иргэн Баяртогтох: Ард түмэн нь элгээр мөлхөж байна

“Хуулийг өөрчлөнө гэж яриад л байна. Уг нь бол өөрчлөх шаардлагагүй. Болоод л байгаа хууль шүү дээ. Өөрсдөдөө тааруулж өөрчлөх гэж байна. Ард түмний амьдрал уруу дорой байхад дээр сууж байгаа хүмүүс нь өөрсдийгөө өөд нь татах юм л хийгээд байна. УИХ гишүүний тоог нэмнэ гэх юм. Үүнийг нь би сайн ойлгохгүй байгаа юм. Тоо нь олон болчихвол зардал нь их гарна. Өглөө босоод ирэхэд махны үнэ нэмэгдсэн, шатахуун түлшний үнэ нэмэгдчихсэн ард түмэн нь элгээр мөлхөж байна”.

Иргэн С.Цэвээндорж: Үндсэн хуулийг одоогийн эрх баригчид өөрчлөх эрхгүй шүү дээ

 /зураг авахуулахаас татгалзсан/

Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болчихсон. Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа талаар мэдээлэл хангалттай авч байна. Гэхдээ одоогийн эрх баригчид өөрчлөх эрхгүй шүү дээ. Бүгд хуулийн нэр барьж хулгай хийж байна. Олонхын саналаар хуулиа өөрчлөнө гэх юм. Яг өөрчлөлт орвол эсэргүүцнэ. Учир нь эрх баригчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан хууль батлах гэж байна шүү дээ. Хэдхэн хүн өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хууль баталчхаад энэ зарчмаар ажил гэж тулгаж байгаа үйлдэл гэж харж байна. 20 жил би энэ зарчмаар ажилласан гэтэл энэ нь таалагдахаа больчихлоо би өөрийнхөө хүслээр амьдармаар байна гэсэн юм л яриад байгаа. Одоо яриад байгаа тэр гишүүдийн тоо нэмэх нь гэж яриад байгаадаа асуудал байхгүй. Ямар зарчмаар ажиллах вэ гэдгийг хэлэлцэж батлах нь чухал.

Иргэн Л.Батдорж: УИХ гишүүдийн тоог нэмж холимог болгоно гэж байгаа бол буруу. Тал хэсэг нь авилгачид болох юм

 /зураг авахуулахаас татгалзсан/

“Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх цаг нь болсон. Хамгийн гол нь хууль эрх зүйн талаарх зүйл заалтыг бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй. Хууль, шүүхийн байгууллага өнөө үед ямар байгаа билээ. Үүнийг нээлттэй болгож, олон нийтийн эрх ашигт нийцүүлэх ёстой. Одоо хэлэлцээд байгаа зүйл заалт  бол өнгөцхөн л өөрчлөлт байна. Айгаад лав орж чадахгүй байна. Айхгүйгээр өөрчлөж, Ерөнхийлөгчийн засаглалтай болгох хэрэгтэй. УИХ гишүүдийн тоог нэмж холимог болгоно гэж байгаа бол буруу. Тал хэсэг нь авилгачид болох юм. Хэрвээ парламентын засаглалтай байх гэж байгаа бол ард түмний сонгоогүй нэг ч УИХ-ын гишүүн Их хуралд байж болохгүй. Гишүүдийн тоог нэмэх нь бүү хэл багасгаж 56 болох хэрэгтэй. Ард түмэн энэ их ачааг чинь даахгүй байна. 2021 оноос бондуудын өр нэхэгдэж эхэлнэ. Төрийн мөнгө гэж байхгүй шүү дээ. Ингэхээр татвар л нэмэгдэнэ. Ер нь Үндсэн хуулийг ард түмэн өөрчилдөг болохоос Их хурал баталдаг зүйл биш”.

Иргэн Д.Катуу: Одоо байгаа байгаа 76 гишүүн эд баялгаа хуваагаад авч байхад 108 болгочихвол ард түмэнд үлдэх юм байгаа юм уу?

“Одоогийн Үндсэн хуульд дордуулсан долоон заалт байгаа. Өөрчилбөл дорвитойхон өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь газрын доорх баялгаас бүх ард түмэн хувь хүртэнэ гэж өөрчлөх хэрэгтэй. Одоо бол эрх мэдлээ далайлгасан дарга нар л баялгийг нь эзэмшиж байна. 76 гишүүнээ 99 болгоно 108 болгоно гээд байх юм. Одоо байгаа байгаа 76 гишүүн эд баялгаа хуваагаад авч байхад 108 болгочихвол ард түмэнд үлдэх юм байгаа юм уу? Ард түмнээс санал авч байж хуулиа өөрчлөх хэрэгтэй”.

АРДЧИЛАЛ.МН

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.