Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ


Өнөө жилийн наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх асуудал нийгэмд дуулиан дэгдээгээд байна. Энэ талаар Э.Оюунболдын багш Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнээс тодруулга ярилцлага авлаа.

-Та сайхан намаржиж байна уу.Танай нутгийн хүү, таны шавь Э.Оюунболд аварга допинг хэрэглэсэн тухай яригдаж байна. Таныг утсаа салгаад зугтсан, залгахаар утсаа таслаад байна, шавьтайгаа хамт Солонгос улсад очиж шинжилгээнийх нь хариуг өөрчлүүлэхээр допингийн лабораториор хөөцөлдөж явна гэсэн мэдээ зарим сайтад гарлаа. Эдгээр асуултад хариу өгнө үү?

-Цэвэр гүтгэлэг байна.

Тийм юм гэж юу байх вэ дээ. Миний хувьд утсаа хаагаад зугтсан, залгахаар утсаа таслаад байгаа асуудал ердөө байхгүй. Мөн Э.Оюунболд шавийнхаа шинжилгээнийх нь хариуг өөрчлүүлэхээр БНСУ-д явна гэдэг нь хэн нэгэн зориуд санаатайгаар тараасан худал мэдээлэл бололтой.

Учир нь энэ сарын 7-ны өдрөөс эхлээд би орон нутагт томилолттой ажиллаж байгаад үргэлжлүүлээд цөөн хэд хоног биеэ сувилуулж амарлаа.

-Э.Оюунболд аварга сэргээш хэрэглэсэн эсэх тухайд та юу хэлэх вэ?

-Хөдөө холбоогүй газар явсан тул энэ талаар сумын төвд орж ирж байгаад сонслоо. Сэргээшийн асуудлыг хуулийн дагуу төрийн их баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцан явуулдаг.

Бөхийн салбар комисст өмнө нь Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, дэд тэргүүн нар орж ажилладаг байсан юм билээ. Сүүлийн хоёр жил Монголын үндэсний бөхийн холбооны асуудал маргаантай, шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байгаа тул бөхийн холбооноос хүн орж ажиллахгүй байгаа. Тиймээс би сэргээшийн талаар ямар ч мэдээлэлгүй байна.

Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төвөөс хуулийн дагуу баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авч БНСУ-д байдаг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулж шинжлүүлээд журмынхаа дагуу хариуг нь баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлж, тэндээс л зарлаж мэдээлдэг учиртай.

Тэгэхээр одоо баяр наадмыг зохион байгуулах хороо л юмаа мэднэ, бидэнд огт хамаа байхгүй. Солонгост шавиа дагуулаад шинжилгээнийх нь хариуг өөрчлүүлэхээр явах нь бүү хэл, би чинь хэл амнаас хол байх нь амар гэж бодоод улсын баяр наадмын бөхийн барилдааныг тавын даваанаас хойш л Төв цэнгэлдэхэд очиж үздэг хүн шүү дээ.

Наадмаар утсаа бүр салгадаг. Төв асарт сууж байхдаа нэг ч удаа утсаар ярьдаггүй. Олон түмний хэл амны нэмэр, хардаж сэрдэхийн нэмэр гээд утсаар ярьдаггүй. Тэр нь амар байдаг юм. Өнөө жилийн хувьд би бүр долоогийн даваа эхэлсэн байхад очсон хүн.

-Э.Оюунболд аваргын сэргээштэй холбоотой асуудлыг дахиад лавлан асууя. Монголын ард түмэн таны амыг л харж байна?

-Манай шавьд бяр чадал, бие бялдар барилдах ур мэх, авьяас байгалиас заяасан.

Бяр хүчний хувьд аргагүй тамиртай бөх. Элдэв төрлийн нэмэлт бүтээгдэхүүн шаардагдахааргүй ийм л хүн. Сэргээшийн тухайд бол санаанд ч орж байгаагүй юм байна.

20 настай хүүхэд улсад зургаа давж харцага цол хүртсэнээсээ хойш дандаа л сэргээшийн шинжилгээ өгч байсан. Энэ талын мэдэгдэхүүн өндөр байх ёстой. Тийм болохоор би сэргээшийн хувьд огт санаа зовохгүй байсан.

Харин Э.Оюунболдыг улсад түрүүлж арслан болсноос хойш үнэн худал нь мэдэгдэхгүй уулаа, идлээ гэсэн яриа гарсан тул түүнд нь багшийн хувьд санаа зовж сүүлийн жил гаруйн хугацаанд утсаар ярьж, мессежээр харилцаж, байнга хэлж, ярьж зөвлөж ирсэн.

Ер нь энэ шавь нарыг чинь шөнө болгон өвөртөлж унтаж байлтай нь биш дээ. Өөрсдөө л ухамсартай хариуцлагатай биеэ зөв аваад явах учиртай юм л даа. Э.Оюунболд надтай нэг ч удаа согтуу таарч байгаагүй хүн шүү дээ. Тиймийн учир үнэн худал нь мэдэгдэхгүй гэж хэлж байгаа юм.

-Та ер нь сүүлд хэзээ уулзав. Холбоо барьсан уу?

-Холбоо бариагүй. Утас руу нь залгаад ямар ч холбоогүй байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумандаа Жонон ханчин гэгээнийг урьж залсан ёслол дээр таарсан. Түүнээс хойш уулзаагүй.

Жич: Б. Бат-Эрдэнэ аваргаас ийнхүү тодруулга ярилцлага авсны дараахан Э.Оюунболд “Би сэргээш хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдсэн. Энэ тухай Б.Бат-Эрдэнэ аваргаас дахин тодруулахад Э.Оюунболдын мэдэгдэл хийснийг мэдээгүй, интернетийн сүлжээгүй газар яваагаа учирласан юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.