МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС


-700-800 ЖИЛИЙН ӨМНӨХ ГУРВАН ВААРТАЙ ӨРӨМ, НЭГ ВААРТАЙ ШАР ТОС ОЛДЖЭЭ

Монгол Үндэсний музей, АНУ-ын Питтсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн хамтарсан “Умард Монгол” археологийн судалгааны баг Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

Уг олдвор нь 700-800 жилийн тэртээх Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшнаас гарсан байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн  булшийг авран хамгаалах ажлын үеэр олон тооны ховор олдворуудыг нээн илрүүлж, соёлын өвийг хамгаалахаар судалгаа шинжилгээний ажлыг явуулжээ.

Эдгээр түүх соёлын ховор өвийг дэлхийн болон Монголын  археологийн судалгаанд байгаагүй  нэн ховор судалгаа болсныг судалгааны багийнхан онцоллоо.

Тодруулбал, Дархадын хотгорын сав газарт хамаарагдах мөнх цэвдэг дотроос 700-800 жилийн өмнөх гурван ваартай өрөм, нэг ваартай шар тос, алт, мөнгө, төмөр, яс, шир, торго, үйсээр хийсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүн, эд өлөг олдсон байна. Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүний яс гарчээ.

Ялангуяа, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурхны дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай хас, луу болон домгийн амьтдын дүрс  хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх  мэт хэдэн зуун олдворууд байгаа нь түүхийн чухал өв хэмээн үзэж байгаа юм.

Эдгээр ховор олдворуудыг өнөөдөр /2019.08.16/ Монголын Үндэсний музейд дэлгэн танилцуулжээ.

-БУЛШНААС ГАРСАН, ТҮҮХИЙН ОЛДВОРУУД, ХҮНИЙ ЯС, ЭД ЭДЛЭЛ НЬ ГАЗРААР ХӨГЛӨРЧ, ХОГ ШИГ ТАРСАН БАЙСАН.

Нэн ховорд тооцогдож буй эдгээр олдворын талаар судалгааны ахлагч, Монголын Үндэсний Музейн эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан

мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээллийн эхэнд “Бид түүхийн ховор олдворыг нээн илрүүлсэн нь баяртай мэдээ боловч, харамсалтай нь энэ дурсгал маань аль хэдийнээ бузар тонуулчдын гарт өртсөн байсан” хэмээн мэдээллийн эхэнд тодотголоо. 

Улмаар Ж.Баярсайхан хэлэхдээ “Соёлын өвийн сүйтгэл сүүлийн 30 жилийн турш явагдаж, бүс нутгийн хэмжээнд аюул занал хийж байна. Дархадын хотгорын бүс нутгийн хэмжээнд авч үзэхэд сүүлийн үед хийгдсэн судалгаанаас бүтэн булш хиргисүүр олдох нь ховор болсон. 2016 оноос бид “Мунгараг” багийн нутагт судалгаа хийж, ард түмнээс угсаатны зүйн мэдээлэл авсан. Энэ үеэр тус багийн малчин эмэгтэй н.Баттөр хаваржааны булш бунхныг нь тонож сүйтгэсэн талаар мэдээлэл өгсөн. Иймд бид хаваржааных нь ард байрлах ууланд очиход 100-аад булшийг толгой дараалан сүйтгэсэн байсан. Булшнаас гарсан, түүхийн олдворууд, хүний яс, эд эдлэл нь газраар хөглөрч, хог шиг тарсан байсан. Тухайн жилдээ бид тусгай зөвшөөрлөө салбар яамнаас аваагүй байсан тул ажиллаж чадаагүй. Дараа жил нь бид зөвшөөрөл авч, эд өлгийн зүйлсийг цуглуулж, хамгааллаа. Эндээс олдсон нийт олдворыг нарийвчлан тоолбол хэдэн мянгаар тоологдоно. Иймд бид өнөөдөр өрөм, шар тос зэрэг ховор олдворыг онцлон дэлгэж байна. Эдгээр ваар савыг хадгалахдаа булшны хойд хэсгийг чулуугаар таглаж үлдээсэн байжээ. Үүнийг металл хайгчаар тонуулчид илрүүлж чадаагүй байна. Энд 10-аад ваар байсан. Үүнээс жижиг булшинд байсан вааран доторх эд зүйлс шороо болж органик эд өлгийн зүйл болон үлдсэн ч өрөм, шар тос нь хайлж, үлдээгүй байна. Харин хамгийн гүнд мөстлөг дотор байх дөрвөн ваарны гурав нь өрмөөр дүүрэн нэг нь шар тосоор дүүрэн байсан. Үүнийг бид цаг алдалгүй ажиллаж, хайлж алга болохоос нь өмнө хамгаалж чадлаа.

“ХОРИГ” ГЭХ ГАЗАРТ ЭРТНИЙ ЯЗГУУРТНУУДЫГ ОРШУУЛДАГ

-Булшнаас олдсон ваартай шар тосыг бид “зул” байсан болов уу хэмээн таамаглаж байна

Энэ дурсгалт газрын нэр нь “Хориг” гэх нэртэй. “Хориг” гэх газарт эртний язгууртнуудыг оршуулдаг гэж дундад зууны эх сурвалжуудад дурдсан байдаг. Тухайн түүхийн олдворууд нь Их хаадын дурсгал биш байсан ч 13-14-р зууны бүлэг язгууртнуудыг булш юм. Эндээс олдсон булшийг ухмал модон авсанд хийж, эд өлгийн зүйлсийг дотор нь хийж, гадна талыг нь битүү ширээр бүрж, төмөр бүслүүрээр бүсэлсэн байсан. харамсалтай нь эндээс нэг ч бүтэн авч олдоогүй бүгдийг нь эвдэж сүйтгэсэн байсан. Шарилыг оршуулахдаа хойд зүг рүү харуулж, толгой талд нь вааруудыг хөмөг дотор хийж чулуугаар хааж байршуулсан байсан. Мөн эдгээр булшнаас Хүннүгийн үеийн түүх соёлын дурсгал болох, алтан нар, мөнгөн сар гарсан. Энэ нь Хүннү Монгол булшны нар сарын холбоос болсон түүхэн ач холбогдолтой олдвор болж байна. Булшнаас олдсон эдгээр олдворуудыг  эрдэм шинжилгээний байгууллага болон холбогдох газруудад өгч судлах ажлыг зохион байгуулна. Булшнаас олдсон ваартай шар тосыг бид “зул” байсан болов уу хэмээн таамаглаж байгаа.” гэлээ.

Мөн хурлын үеэр Дархадын хотгорын бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, соёлын өв дурсгалыг хамгаалах шаардлагатай байна гэдгийг онцоллоо. Зөвхөн “Хориг” уул гэлтгүй маш олон уул дээрх булш тоногджээ. Учир нь энэ бүс нутаг нь сэрүүн уур амьсгалтай тул, түүх соёлын дурсгалууд хэдэн зуун жил, хэдэн мянган жил хадгалагдан  үлдэх боломжтой аж.

Түүнчлэн Монгол улсад түүхийн дурсгалт эд өлгийн зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах томоохон лобартори дутагдалтай байна. Энэ удаагийн олдворуудыг олон улсын багтай хамтран ажилласнаараа хамгаалж чадсан гэдгийг ч судалгааны багийнхан онцолж байлаа.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.