ЧУЛУУН ЦЭЦЭРЛЭГТ АМИЛСАН УЯНГЫН ДОМОГ


Асарлагч хөх тэнгэр өөд асан дүрэлзсэн галын дөл шиг ухаа, ухаа чулууд амгалан энхийн диваажин Их газрын чулуунаас ертөнцийн сонор чихнээ дуурсган уянгалсан уртын дууны шуранхай, морин хуурын эгшиг 3000 халуун зүрхнээс, 3000 хос чавхдаснаас эгшиглэн цуурайтлаа. Ай, Их газар гэдэг өөрөө их хүмүүнийг, их суу билгийг төрүүлдэг агуу ихийн далай буюу. Эрт галавын эринд яндашгүй уудам далай байсан, мартагдсан тэнгисийн үлдэц, маргашгүй эрдэнэсийн тогтоц, үзэсгэлэнт чулуун чуулбар мину. Анир зүрхээ даран байж таны элгэн зөөлөн хад бүхнээс тань сансар огторгуй хийгээд дэлхийн цөмийн холбоо чагтагыг тайлнам, алаг нүдээ бэлчээн байж таны тэнгэр бурхан хийгээд тэнүүн талын алтан шижмийг олном. Ахуй биеэсээ ангижран байж таны сүрлэг чулуудын нууцлаг агуйд нэвтэрнэм. Хувьхан заяаны хишиг, хувилгаан чанарын билиг ертөнц даяхнаа цорын ганц ендэр мэт хаан чулуудын 99 мөнгөн чавхдасаар хатан салхи хуурдан ер бусын эрчим, долгисыг сэтгэл рүү үелзүүлэн байнам. Ерөөс эндээс л амьдрал үүссэн юм шиг, басхүү амьдрал төгсдөг юм шиг. Одоо ба өнгөрсөн, ирээдүй - цаг хугацаа гэж үгүй, тэнд зөвхөн нар, сарны тооллоор л амьдрал үргэлжилнэм. Хүмүүний жаргал, зовлон ба үзэн ядалт атаа хорсол гэж үгүй зөвхөн салхины аялгуу, чулуудын хэлээр л ойлголцном. Нар, сарны тоололд нь хамаарч, мянган жил уйдашгүй мөнхийн гэрэлт цамхгуудаар нь зорчин аялж, салхи, чулуудын эгшгээр хайрын үгс хэлэлцэн түмэн жил гэгээн хүмүүнтэй дурлалцан суумаар. Ай, юутай их тайтгарал, ариусал билээ л.

Их газрын чулуу буюу ихэмсэг оршихуй

Бүрэлдэж амилсан бүлээн амь бүхэнд бурхнаас заяасан өгөгдөл гэмээ нь алтан хэвлээс тань ургасан хүмүүн бүр аялгуут хуур хэмээх зэмсгийг гартаа атган, уянгат уртын дуугаа хадаан төрдөг ажгуу. Дуу хуур үгүй бол дундрах гээд л байдаг дуулим хорвоог дүүргэх гэж л Дундговь бүрэлдсэн ажгуу. Хаяа хярхаггүй уудам талаасаа, ханат эсгий гэрээсээ энэхэн замбуулинд  алдраа мандуулсан эгнэшгүй авьяастнуудыг төрүүлдэг Дундговь нутаггүйгээр Монгол, монгол үндэстнийхээ нэгэн эриний түүх уламжлал, нэгэн галавын соёл урлагаар дутах ажгуу. Тэр л үнэн түүх, амьд домог өдгөө ч үеэс үед, үрээс үрд өвлөгдөн ирсээр, энэ цаг үетэй золгожээ. Дундговьчууд ардынхаа үнэт өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд бүхий л сэтгэл зүрхээ зориулан дайчилж, “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг Гурвансайхан сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт цогцолбор Их газрын чулуунаа энэ сарын 10-11-ний өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгууллаа. Хойноосоо зүүн урагш 30 орчим километр сунайн тогтсон 10, 20 алд өргөнтэй хадан хэрмүүд, Монгол нутгийн нэгэн гайхамшиг болж сүндэрлэн оршихдоо мянга мянган жил хүмүүний сэтгэлийг  даллан, даллан дууднам. Их газрын чулууг  2012 онд байгалийн цогцолборт газар болгон тусгай хамгаалалтад авсан бөгөөд Өвгөн хад, Сэнжит цохио, Хаан, хатан, Хайлсман, Тувин, Гуа өлзийт, Монгол, Баян уул, Ёрвон зэрэг нэр бүхий өвөрмөц тогтоцтой хад байц , хэдэн арван метр өндөртэй эгц ханан хэрэм, хүн өрж давхарласан мэт, цайз цамхаг мэт босоо босоо хадтай энэхүү газар нь 40 гаруй агуйтай, олон сайхан өвөлжөөтэй. Хамгийн том агуй нь Тагтааны бааст 30 метр урт, 3.5 метр өргөн, 10 м метр өндөртэй ажээ. Хадан оройдоо хэд хэдэн тагттай, Хур Харцагын тагтад нь хэдэн азарга адуу ч багтчихаар том зайтай гээд бодохоор юутай баялаг, уужим билээ. Их газрын чулуу хүмүүний сэтгэлийг урин дуудах атлаа хэнд ч үл бөхийн ихэмсэг орших бурхны дүртэй чулууд ажгуу. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад авхайн төрсөн бууц бүхий газар нь “Сүүдэртийн улаан овоо “ хэмээх Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан, Баянжаргалан сумдын нутгийг багтаасан, Монголын боржин чулуун бүсийн хэсэг юм. Нэрт дуучныг дэлхийд алдаршуулсан дууны бадаг бүхий гэрэлт хөшөөг арваад жилийн өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн Зураач П.Цэгмид барьж байгуулсан  билээ.

 

“Зээ, уяхан замбуу тивийн наран нь

Энэхэн бүх дэлхий даяхнаараа

Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ “Уяхан замбуу тивийн наран” хэмээн боржин чулуун дээр монгол бичгээр сийлэн мөнхөлсөн хөшөө цогцолбор бүхий үүдэн тотготой Их газрын задгай театрт  хоёр өдөр хүн зон хөлхөж, хөг эгшиг бялхаж өнгөрөв.

Монгол хүрээний монгол ахуй

Нар нялхарч, тэнгэр талимаарсан 10-ны өглөө “Нар угтах ёслол”-оор эхэлж, тус гэрэлт хөшөөнөө уртын дуучид “Уяхан замбуу тивийн наран”-гаа шуранхайлж, өглөөний нарыг өлгийдөн авсан юм. Барайн торойх хадны цаадтай баруун хойд суганд “Монгол хүрээ”-нээ эгнэсэн мөөг шиг цагаан гэрүүдэд нараа даялан ургасан охид гэзэг үсээ сүлжин, нүүр царайгаа гэрэлтүүлэн, инээмсэглэн угтав. Шагай наадах, хуруу, дэмбээнээс эхлээд монгол ёс уламжлал, зан заншлыг бүрэн харуулсан гэрүүдийг дөрвөн улирлаар нь ангилан харуулжээ. Хонь ямаа холбон саах, ингэ хөөслөх, унага барих, айраг бүлэх, тараг эсгэх, хурууд тавих, хярамцаг хуурах, сорс хийх, аргал түүх, гүү саах, тэмээ ачаалах, хоормог буцалгах, тогоо нэрэх, мах жуузлах, унгас савах, бяслаг шахах, цай чанах гэх мэт монгол эмэгтэйн өдөр тутамдаа хийдэг ахуй амьдралын дүр зурагтай  “Монгол хүрээ”-ээр зочлох гадаад, дотоодын аялагчид сонирхон танилцлаа. Дундговь эртнээсээ айрагтай адуутай, дуутай хууртай нутаг. Айрагны баяр зохион байгуулж, дэмбээний тэмцээнд хурд, авхаалж самбаагаараа Эрдэнэдалай сумын уугуул Д.Ганбат түрүүлэв. Дэмбээнд удаалсан мөн сумын уугуул Б.Цэндбаяр “Дэмбээ гэдэг урлаг юм. Одоо мартагдаж байгаад харамсаж байна. Дэмбээднэ гэдэг зүгээр тоо нэмэхдээ биш хоромхон хугацаанд хэлсэн үгийг солих, сэлгэх гэх мэтээр ухаан сийлэхдээ байгаа юм” гэлээ. Үүний зэрэгцээ тус хүрээний зүүн жигүүрт байрлах Монгол наадам талбайд үндэсний бэсрэг наадамд эрчүүд сугаа ханзартал барилдаж, сураа чивчиртэл харвалдаж, эсгэл дааганууд хурдлав.  Хүчит 64 бөх барилдсанаас Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, Аймгийн арслан Б.Доржсүрэн түрүүлж, Говь-Угтаал сумын харьяат, Аймгийн арслан Т.Занданбат үзүүрлэж наадамчин олноо баясгалаа. Хурдан дааганы уралдаанд 25 даага уралдсанаас Өлзийт сумын уяач Д.Очирданзангийн хээр даага тэргүүн магнайд, Хулд сумын уяач Д.Эрболдын хээр удаах,  Цагаандэлгэр сумын уяач Д.Сайнбаярын зэгэл хонгор даага гуравт өнгөллөө. "Ум марзай гийнгоо" дуудах тэмцээнд 25 хүүхэд оролцсоноос Говь-Угтаал сумын сурагч Т.Энхмаа Тэргүүн байрт шалгарсан бол "Морь цоллох уралдаан"-ны Тэргүүн байрт Говь-Угтаал сумын сурагч Т.Баяржавхлан шалгарав.

 

“Монгол хүрээ"-г зохион байгуулахад оролцсон Гурвансайхан сумын Засаг дарга Л.Өлзийбат, засаг даргын орлогч С.Өлзийбуян, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, Гурвансайхан сумын малчин Ц.Дашжигмэд, Б.Ганбаатар, адуучин н.Батсүх нарт аймаг орон нутгийн удирдлага талархаж байлаа. Энэхүү арга хэмжээг үзсэн гадаадын жуулчин эмэгтэйгээс сэтгэгдлийг нь асуухад “Энэхүү үзэсгэлэнт газар хүний сэтгэлийг татах нуугдмал атлаа сүрдмээр тогтоцтой юм. Дуу хуур нь гайхалтай төдийгүй байгалийн тайз гэдэг ямар ч тайзнаас гоёмсог, үндэсний хувцас хамгийн чамин ганган санагдлаа. Мөн монгол ард түмний амьдрал ахуй эгэл даруухан атлаа эгэлгүй тэнгэрлэг юм. Ийм сайхан газар орон, хүн ардын тухай олон хүнд дуулгаж, дараа, дараагийн удаа олуулаа болж ирнэ ээ” хэмээн хэлэв.

Улсын наадмын нээлтийг улалзуулсан тоглолт

“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг үзэхээр газар газраас чуулсан хүний тоо багцаагаар 20 мянга хүрсэн гэж зохион байгуулалтын нэгэн ажилтан хэлэв. Их газрын чулуу задгай театрын урд хэсгийг  хүрээлж шар хашаа бүхий шар гэрүүдийг барьжээ. Зүүн жигүүрийн гэрүүдэд урлаг соёлынхон байрласан бол баруун жигүүрийн гэрүүдэд утга зохиолынхон байрлав. Гол театрын гэртэй эхний тойргийн гадна талаар хоёр дахь тойрогт бөмбөн цагаан гэрүүдийг ярайтал босгож газар газрын зочид төлөөлөгчид тухалжээ. Гэрт хэвийн боов өрж, ааруул хурууд тавьж, айраг сөгнөжээ. Гурав дахь тойргийн баруун жигүүрт хүндэтгэлийн гэр буудлууд эгнэнэ. Ширээ сандал, тавилга сэлт нь бүгд уран сийлбэртэй монгол гэрээр зочлох гадаадын жуулчид монгол  сийлбэрчний бурхан ухааныг гайхан магтаж зураг дүрсийг нь хальснаа буулгана. Гурав дахь тойргийн урд хэсэгт худалдааны гэрүүд байрлана. Зүүн урд жигүүрт гэр буудлын цагаан гэрүүд цомцойжээ. Түүнээс гаднах тойрогт найман цэгт машины зогсоолыг шийджээ. Зүүн урд болон урд жигүүрт майхан савтай иргэд байрлаж, түүнээс цинагш хоолны гэрүүдийг босгожээ. Ертөнцийн зүгээр задгай театраас урагш босоо босоо хадны цаад талд 3000 уртын дуучин, морин хуурчдын тоглолт болох талбай байгаа бол түүнээс зүүн тийш тэдний байрлах отог бий.  Үйл ажиллагаа болох газрын эргэн тойронд арваад цэгт нүхэн жорлон, мөн тооны био нойлыг байрлуулсан байв. Тэр бүү хэл тус наадамд ирсэн хүмүүсийн зүүсэн мандатын өнгөөр улбар шар нь зочин, улаан нь арын албаны ажилтан гэх мэтээр ялгаж таньж болохоор байлаа. Тус наадмын тасалбар 20 мянган төгрөг, гадаадын жуулчдад 30 мянган төгрөг гэж байв.

“Уяхан замбуу тивийн наран” -аа уяран, уяран чагнатал, уяан дээр эргэцэх морьдын шандас хүч нь чангартал, уртын сайхан дуугаа дуулан дуулан цэнгэдэг түмэн бол Дундговьчууд. Энэхүү урлагийн наадмын эхний өдөр тоглогдсон “Дуу хуурын орон” хүндэтгэлийн тоглолт  баруунаа нар таширлах үест эхэллээ. Сүрлэг сүрлэг хадны сүүдэр улам тэлээд, сэрүүцэн суух хүмүүст нэн таатай. Тоглолтыг “Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид болон “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлчид толилуулав. Тоглолтын найруулга, утга учир нь тоглолт гурван хэсгээс бүрдсэн ба эхний хэсэгт байлдан дагууллын үеэс эхлээд домог түүхэнд мөнхөрсөн баатрууд, болон үзэсгэлэнт хатдын тухай бүжгэн жүжгээр эхэлж,  хоёрдугаар хэсэгт зуун зууныг өртөөлөн наашилсаар нүүдэлчин монголчуудын аж байдал, үнэн халуун сэтгэл, хүн байхуйн ухаан, амьдралын мөн чанар, хайр сэтгэлийг харуулсан бол сүүлийн хэсэгт сонгодог урлагийн гайхамшгаас толилуулж ари, романс дуулж дэлхийтэй соёл урлагаараа хөл нийлүүлэн алхаж буйгаа тунхаглан үзүүлбэр бүрээрээ уран чадвараа гайхуулж байлаа. Үзэгчдийн сэтгэгдлийг сонсоход “Улсын наадмын нээлтийг хол хаясан тоглолт боллоо. Нээлтийг найруулдаг хүмүүс нь ирж үзвэл өөрсдөөсөө ичээд, нүүр нь улалзах байлгүй” хэмээн дуу алдах нь ямархан цараатай, утга агуулгатай, бахархам тоглолт болсныг илтгэх буй за. Гурван тал бүхий хадан “хөшигтэй” чулуун тайзны ар талын хамгийн үзэсгэлэнт хадны орой энгэрт алтан шаргал наран хурдан хүлэгтэйгээ уралдан мандаж буй бэлгэдэл бүхий дугариг самбарыг хаджээ. Харуй бүрийтэй зэрэгцэн тайзны хурц гэрлүүд асаж, мөнөөх чулуун “хөшгүүд” тэр чигтээ өнгө гэрэлд булхагдав. Тунаран долгилох гэрлийн аясаар чулууд амилан бүжиглэж, чуулсан олны харцыг булаана. Үзэгчдийн суудал хөл гишгэх зайгүй дүүрч, эргэн тойрны уул хадаар янгир ямаа мэт дүүлсэн үзэгчид байгалийн задгай театрт байгалиараа тухлан суужээ. Магадгүй энэ бол хамгийн ая тухтай тансаг суудал байх . Шинийн аравдын сар шил дээр дэнлүү мэт гэрэлтэж, шигтгээ мэт одод зулай дээр анивалзан гялтганах ахуйд өндөр чулуун исэр дээр хаан лугаа завилан суух цагаан торгон цэгцэгтэй идэр залуухан эрийг бахдангуй харсан минь гэнэт санагдав. Аяа юутай, тунгалагхан, тунамалхан үдэш вэ.

 

Найман настай балчраас наян настай буурай хүртэл 

Тагнайд ааруул амтагдсан айрагны ам­танд манарсхийн, тал нутгийн охидын үзэмжинд согтосхийн шүлгийн дэвтрээ эргүүлэх найрагч найз маань “Говийн бүсгүйчүүд ямар ч үзэсгэлэнтэй юм бэ, намбалаг, наалинхай, ажилсаг  чамбай юм аа” хэмээн дуу алдаж, хэнгэнэтэл санаа алдав. Найрагчдыг ийн санаа алдтал дурлуулсан намбалаг сайхан бүсгүйчүүд наадамчин олны ая тухыг ханган, нааш цааш гунхан, бүжигчин дуучин, хянагч хамгаалагч, цагдаа зохицуулагч, үйлчлэгч цэвэрлэгч гээд хийхгүй юмгүй.  Ер нь тэнд завтай хүн алга. Найман настай балчраас наян настай буурай хүртэл хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байгаад ч болов энэ их ажлын ард гарахаар эрвийх дэрвийхээрээ гар бие оролцсон болохоор салхинд онгож гандсан хүрэн бор царайтай хүмүүс л болжээ. Тус наадамд зочноор уригдсан Ардын жүжигчин Д.Ухнаа гуайтай хүлээн авалтын үеэр хэдэн хором хөөрөлдөхөд “Би задгай талбайд 20-оод концерт, дотор талбайд 400-аад тоглолт найруулсан хүн. Задгай талбайд тоглолт найруулна гэдэг маш хэцүү, тэр тусмаа 3000 гаруй хүнийг нэг хүн шиг удирдана гэдэг бүр ч хүнд.  Найруулагчид нь ямар чадварлаг, нутгийн удирдлагууд ямар их урлагийн сэтгэлтэй хүмүүс вэ” гэж хэлэв.

 

Нутгийн алдартнууд нэгэн дор чуулав

Маргааш өдөр нь задгай театраас зүүнш уудам дэлгэр хадан байцаар хүрээлүүлсэн газарт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг ард түмэнд уншиж сонордуулснаар “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 уртын дуучин, морин хуурчдын тоглолт эхэллээ. Энэхүү наадмын Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Доржсүрэн, туслах найруулагчаар А.Ууганбаяр, Г.Төвшинтөр, П.Нямлхагва, зураачаар Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид нар ажиллаж, нар салхинд зүсээ борлотол, хоолойгоо сөөтөл хашхирч, нойр хоолоо хасан байж нүсэр ажлын ард гарчээ. Орчин үеийн техник, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмж, графикийн гайхамшиг хосолсон урлагийн наадам зохион байгуулахад “Саунд оф Монголия” компанийн захирал  Х.Дамдинсүрэн гардан гүйцэтгэсэн юм. Тэрбээр нь  Цагаандэлгэр сумын уугуул, үндэсний сурын улсын мэргэн Ц.Жамбалсамбуу гуайн зээ хүү билээ. “Уяхан замбуу тивийн наран” наадмыг жилийн өмнөөс бэлтгэж, 15 сумын Соёлын төвийн уран сайханчид, сургуулийн дуу хөгжмийн багш нартаа аймгийн төвд сургалт явуулж, уртын дуу, морин хуурын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэжээ. Цаашлаад тэд сумдынхаа авьяастнуудад түгээн дэлгэрүүлэн зааж сургаснаар энэхүү наадмын бэлтгэл ажил бүрдсэн. Сум сумаараа хоолой, хөгжим нийлж олонтаа давтлага хийсний дүнд 3270 гаруй хүнийг наадамд оролцуулсан юм. Тэр олон хүний хувцас жигдрэлтийг зохицуулах болон уртын дуу, морин хуурын өнгө аялгууг нэгэн жигд удирдана гэдэг хамгийн хүнд ажил. Уртын дуу дундаа хамгийн доод өнгөнөөс яруухан дээш өгссөөр хамгийн дээд өнгө хүрэх явцдаа цохилго, чичиргээ, нарийн уран нугалаанууд эгшиглүүлэн шуранхайлах төв халх боржигин дэг гэдэг асар их хүч, тамиртай хоолойн чадвар, хоолойн цараа шаардсан урлаг. Н.Норовбанзад уртын дууны гайхамшгийг хүрч болох хэмжээнд нь хүртэл шуранхайлах атлаа цаашаа Боржигины бор талын хараа үл гүйцэм алсын алсад тэмүүлэх салхи цуцаан аялгуулан дуулах нь гайхамшигтай.

 

Уртын дуу, морин хуурын өөжин шаргал нутаг хамгийн олон гавьяатнуудыг төрүүлсэн өлгий. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Монгол Улсын ардын жүжигчин А.Дашпэлжээ, ардын жүжигчин А.Нэргүй, Ж. Дүнжмаа, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Ц.Туяацэцэг, Ц.Отгонцэцэг, Дэрэн сумын уугуул хүн төрөлхтний аман болон бичгийн биет бус соёлын өвийн шилдэг дээж Бараат Боржигон уртын дууны өв тээгч Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэн, Эрдэнэдалай сумын уугуул Гавьяат багш, уртын дуучин Ц.Дэлгэр, Дэлгэрхангай сумын уугуул, Гавьяат жүжигчин С.Цогтсайхан, нар хүрэлцэн ирж 3000 уртын дууч, морин хуурчидтайгаа Мөнх тэнгэртээ дуун цацлаа өргөн барьсан юм. Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Энэхүү арга хэмжээ аймгийн засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрт заасан ажил байсан. Наадамчин олон сэтгэл өндөр байна. Морин хуур, уртын дуу гэдэг монгол хүний биет бус өв гэдэг утгаараа дэлхийд сурталчлан таниулах зорилго тээсэн. Энэхүү наадам зөвхөн дуу хуураар хязгаарлаагүй бөгөөд нүүдэлчин амьдралын ахуй амьдрал, ёс заншлыг харуулж, залуу хойч үедээ таниулахаар зорьсон” гэв. Наадмын төгсгөлд “Алдарт уртын дуучин” цол, медалиар Өлзийт сумын ардын авьяастан, уртын дууны сургагч багш Б.Зулаа, Говь-Угтаал сумын ардын авьяастан Ж.Хоролсүрэн, Хулд сумын ардын авьяастан, уртын дууны сургагч багш П.Мядагбадам нарыг тодруулсан бол “Алдарт морин хуурч” цолоор “Говийн ирээдүй цогцолбор” сургуулийн дуу хөгжмийн багш Өлзийт сумын Соёлын төвийн хөгжмийн багш Б.Ууганбаяр, Л.Эрдэнэбат, Цагаандэлгэр сумын ардын авьяастан М.Довдонбалжир нарыг тус тус шагналаа.

Дундговийнхон нэгдэж чадлаа 

Энэхүү наадамд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайд асан Сү.Батболд, НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч С.Мөнхчулуун нар хүрэлцэн ирсэн юм. Наадмыг зохион байгуулах комиссын дарга Аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун залуу хүний ааг омог, эрч хүч, сэтгэл зүрх, ур ухаанаар бүхнийг манлайлан удирдаж байгаа нь тун сайшаалтай. Ерөнхий сайд асан Сү.Батболд “Дундговь бол яах аргагүй дуу хуурын орон. Энэхүү баялгаа аялал жуулчлалын боломж гэж харах хэрэгтэй. Төв халхын дуулалт жүжгийн театрыг нь шинээр барьж байгаад зогсоочихсон юм байна. лээ. Тэр ажлаа нэн даруй барьж дуусгах хэрэгтэй юм байна. Ер нь түүх урлаг, зан заншлаа хадгалж чадсан ард түмэн тусгаар тогтнолоо хадгалж үлддэг гэдэг. Ирэх жилийг соёлын жил болгох гэсэн урлаг соёлын байгууллагын удирдлагын санал санаачилгыг дэмжиж байна” гэсэн бол НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч С.Мөнхчулуун “Соёлоор дамжуулж хүн төрөлхтнийг нийгэмшүүлж, хөгжүүлдэг учраас соёл урлагаа дэмжих хэрэгтэй. “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам хүмүүс нэгдэж чадвал хөг эгшиг аяндаа урсаж, хөгжил аяндаа ирнэ гэдгийг харуулж чадлаа. Дундговийнхон нэгдэж чадлаа. Одоогийн байдлаар хөгжлөөрөө Гурвансайхан сум бусад сумыг тэргүүлж байгаа. Аймгийн төвд 1998 оны төгсөгчид нийлж цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар боллоо. Иргэдийн оролцоо маш чухал гэдгийг энд онцолж хэлмээр байна” гэсэн юм. Дашрамд дуулгахад наадмын дараа компаниудын хандивласан гэрийг 15 сумын 45 гэр бүлд гардуулан өгсөн нь нүдээ олсон шагнал байлаа.

 

Найраг, дуугаар бялхсан нандин үдэш

Дундговь аймгийн удирдлагууд уригдан ирсэн зочид төлөөлөгчдөө хүндэтгэлийн зоогт урьж,  сэтгэл зүтгэл, ур ухаан орсон “Уяхан замбуу тивийн наран” нэртэй шилэн болор цом, үнэ бүхий зүйлсээр хүндэт зочдодоо гарын бэлэг барилаа. Үдэш 18 цагт  болсон “Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн уншлагад 21 аймгаас шалгарсан шилдэг шүлэгтэй 25 яруу найрагч уран бүтээлийн дээжсээсээ өргөн барив. Тус цэнгүүнд Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Болор цомын эзэн Ц.Эрдэнэбаатар, Н.Гантулга, Б.Баттулга, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчид болон залуу яруу найрагчид оролцсон юм. Дундговь бол Монголын утга зохиолын галыг манаж яваа ноён нурууд, тулах баганыг төрүүлсэн нутаг билээ. Тэр л гэрэлт сүмбэрүүдээс  түүчээлэн гарсан нутгийн залуу яруу найрагчид шүлгээ дуудсан нь хурсан олныг баясгаж, алга ташилт нижигнүүлэв. Үдэш 20 цагт эхэлсэн Дундговиос төрөн гарсан алдартнуудын нэгдсэн тоглолтод Гавьяат жүжигчин А.Дашпэлжээ “Учиртай гурван толгой” дуурийн ари, Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг Соёлын тэргүүний ажилтан Ц.Отгонцэцэг, Ц.Туяацэцэг нар “Их газрын чулуу” дуу, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, Нюанс хамтлагийн дуучин Д.Дүйнхэржав нар  Вердийн “Травита” дуурь зэрэг дуугаар ая эгшиг өргөж, нэгэн үдшийг дуу бүжигт бялхуулах шиг болов. Ийнхүү дуу хуурын эгшиг айзамд уул усны лус савдаг баясан, атаа таван тэнгэрийн бурхад чуулсан ариун дагшин энэхүү чулуун цэцэрлэгт зүг зүгээс хурсан олон хөл хөсөр, гар газар амсхийн налайж, дотоод чанадынхаа хир буртгийг ариутган тунгааж, дорнын тэнгэр дор алжаалгүй сууж, амар сайхан цэнгэн жаргавай. “Дундговийнхон дуулвал дуулсан шиг дуулдаг, дурлавал дурласан шиг дурладаг, найрандаа дэгтэй, наадамдаа дэвээтэй, дуундаа дугараатай, дуулимдаа ховорхон яасан ч сайхан түмэн юм бэ дээ. Энэ л цэнгэлийн оронд хорвоог мартан өнжмөөр, харимааргүй, буцмааргүй” хэмээн бас л хоргодон санаа алдах найрагчийн дэвтэрт говь нутгийн тухай, хүн зоны тухай, ёс журам, дэг жаяг, зан заншил, дуу хуурын тухай сайхан шүлэг төрөх нь дамжиггүй ээ. Энэ  хоёр өдөр 3000 хоног байтугай 3000 жилд үеэс үед, зүрхнээс зүрхэнд үл мартагдам амьд домгийг бүтээсэн дуунд дуртай дуучин түмний төдийгүй Монгол даяарын дэлхийд гайхуулсан, өв соёлоо бахдан алдаршуулсан бахархлын өдөр байлаа.

 

Эх сурвалж: А.Сүглэгмаа |Zindaa.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.