Б.ДОЛГОРСҮРЭН: "УИД" ХК-Д ҮҮСГЭСЭН ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙГ ШҮҮХ ДЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА


Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны хоёрдугаар улирлын байдлаарх үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын талаарх үйл ажиллагааны мэдээллийг танилцуулсан юм.

Энэ үеэр СЗХ-ны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодтой холбогдох асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол нэмэгджээ. Энэ тухайд тодорхой мэдээлэл өгнө үү?

-Санхүүгийн зохицуулах хороонд хоёрдугаар улиралд нийт 102 өргөдөл, гомдол иргэдээс ирсэн.

Үүнээс даатгалын чиглэлээр эрхээ хамгаалуулахаар 52, үнэт цаас 32, банк бус санхүүгийн байгууллагад 15, хадгаламж, зээлийн хоршооны тухайд гурван өргөдөл, гомдол ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.5 хувиар өссөн.

Хамгийн олон өргөдөл ирүүлсэн даатгалтай холбоотой асуудалд нөхөн төлбөр олгохоос татгалзсан тохиолдол дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

Даатгуулагч 22 иргэн, хуулийн этгээдийн нөхөн төлбөрт нийт 450 орчим сая төгрөг олгох шийдвэр гаргаж, нэр бүхий есөн иргэн, хуулийн этгээдэд 110.1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгууллаа.

Иргэд даатгалтай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл, гомдол гаргах боломж нээлттэй байдаг.

Харин үнэт цаасны зах зээлд 20-30 жилийн өмнө олгож байсан хөрөнгө орлогын эрхийн бичиг буюу цагаан, ногоон дэвтэртэй холбоотой өргөдөл, гомдол их ирж байна. Үүний дараа хувьцааны бүртгэл, дансны мэдээллийг шалгуулах өргөдөл, гомдол их ирсэн. Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодтой холбогдох гомдол харьцангуй бага ирдэг.

-Сүүлийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос аль чиглэлийн хяналт, шалгалтыг хэчнээн газарт хийж байна вэ?

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үл хөдлөх зуучлалын үйл ажиллагааны чиглэл тус бүрээр эрсдэлтэй байж болзошгүй хэмээн үзэж 225 байгууллагад өнгөрсөн нэгдүгээр сарын 28-наас эхлэн энэ оныг дуустал иж бүрэн хяналт, шалгалтыг үе шаттайгаар хийж байна.

Түүнчлэн мөнгөн гуйвуулгатай холбоотой үйл ажиллагаа явуулдаг 23 банк бус санхүүгийн байгууллагад СЗХ, Монголбанк, санхүүгийн мэдээллийн алба, Тагнуул болон Цагдаагийн ерөнхий газар хамтран хяналт, шалгалт хийхээр төлөвлөсөн. Мөн нийслэл, орон нутагт 46 чиглэлд хэсэгчилсэн болон иж бүрэн төлөвлөгөөт үзлэг, шалгалт хийх юм.

Энэ жилийн шалгалтуудыг өнгөрсөн жилтэй харьцуулахад маш өргөн хүрээг хамарч байгаа гэдгээрээ онцлогтой.

-Шалгалтын үр дүнгээсээ танилцуулаач?

-Шалгалтаар илэрсэн зөрчил бүрт арга хэмжээ авах ёстой.

Хугацаатай үүрэг, даалгавар өгөхөд зөрчлөө арилгаж чадаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудал яригдана. Цаашлаад зөрчлийн нөхцөл байдлаас хамаарч шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн хэрэг нээх юм.

225 байгууллагад эрсдэлд суурилсан шалгалт хийж байгаагаас 86 байгууллагыг шалгасан. Үүнээс 60 байгууллагад улсын байцаагчийн үүрэг даалгавар биелүүлэх тухай албан шаардлага хүргүүлсэн. Найман байгууллагад прокурорын зөвшөөрөлтэй зөрчлийн хэрэг нээсэн.

-Хяналт, шалгалтаар ямар, ямар зөрчил илэрсэн бэ?

-Банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид, алт үнэт эдлэлийн борлуулагч, зуучлал, нотариат гэх мэтээс зургаан чиглэл нь манай шууд хяналтад байдаг.

Тэдгээрт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дотоод хяналтын журам, хөтөлбөртэй байх, 20 сая төгрөгөөс дээш бэлэн мөнгөөр хийсэн гүйлгээ болон сэжигтэй гэж үзсэн бүхнийг мэдээлэх мэдээлэл хүргэлтийн ажилтан томилох гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байгаа.

-Танайхаас УИД-т дөрөв дэх удаагаа шалгалт оруулсан. Энэ онд 2016-2018 оны үйл ажиллагааг нь шалгасан. Одоогоор уг асуудалд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагаа эхлүүлээд байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Шалгалтаар “УИД” ХК-д бусдаас хараат бус байж, ямар нэг түрээстэй холбоотой гүйлгээнүүдийг өөрөө бие даан хийгээч гэсэн гол шаардлагыг тавьсаар байна.

Хувьцаат компанийн мөн чанар алдагдсан. Ногдол ашиг тараахгүй, урт хугацаанд “Номин”-гоос зээл авч, зээлийн хүүг орлогоосоо төлдөг хэмээдэг.

Валютын зээлийг 2009 оноос хойш олгохыг хуулиар хориглосон. Гэтэл валютын зээл авч ханшийн эрсдэл үүсгэсэн тухай тогтоосон. Эдгээр нөхцөлийг “УИД” ХК албаар бий болгоогүй бол 2016 онд 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжтой байсан.

Түүнчлэн хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хүртээх боломжийг алдсан. Одоогийн байдлаар шүүх дээр холбогдох хариуцлага болон мөнгөн торгуулийн асуудлыг хэлэлцэж байгаа.

Санхүүгийн зохицуулах хорооноос тус компанид 13 чиглэлийн үүрэг даалгавар өгсөн. Биелэлтээс нь бид ажиглаж байгаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.