ТАВИЛТТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ТААРСАН ТЭМЦЭГЧИД, ТАНИЛ СЦЕНАРИ


Өнгөрөгч Баасан гаригт Төрийн ордноос шууд лайвдсан нэгэн хэлэлцүүлгийн гол сэдэв нь Тост, тосон бумба. Бүтэн өдөр зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт ордны “галзуучууд”,  босоо хөхчүүд, сэлэмтэй аниа, “Онги гол”-ын буутай тэмцэгч, алт ухагчаас жагсагч болсон бизнесмен, уйлдаг эр, эм “эх орончид”-оос гадна “Саус гоби коал транс”–ийн удирдлагууд, БОАЖЯ болон УУХҮЯ-ны газар хэлтсийн дарга нар иржээ.

Хэлэлцүүлгийг товчхон тодорхой дүгнэвэл, хэт нэг талыг барьсан дээр нь жүжигчилсэн тоглолт ихтэй, сценари сайтай үйл явдал болов. Гол зохион байгуулагчийн зүгээс  телевиз болон сайтаар шууд дамжуулж байгааг дахин дахин онцлох нь нэг талаас хий хөөрөл ихтэй оролцогчдынхоо цөсийг хөөргөх нөгөө талаас төрийн албан хаагчдад сүрдүүлэг, дарамт үзүүлэг зорилготой сануулга ч юм шиг санагдсаныг нуугаад яахав.

Өмнөговийн Нарийнсухайтын бүлэг ордод одоогоор есөн компани олборлолт явуулж байгаа бөгөөд цаана нь 5 компани үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Гурвантэс суманд 2019 оны зургаадугаар сарын байдлаар 35 тусгай зөвшөөрөл байгаа аж. Үүнээс 28 нь ашиглалтын зөвшөөрөл юм.

Харин тэмцэгчдийг уйлуулж, уурлуулахад хүргэсэн нь ганцхан “Саусгоби коал транс” компани бололтой. Бусад нь тэгээд “ариун цагаан” компаниуд уу аль эсвэл ашиг сонирхолд нь нийцсэн үү гэдгийг хэлэхэд хэцүү, гэхдээ хардлага лав байна.

Тост тосон бумбыг хамгаалах хэлэлцүүлгийн үеэр зөвхөн энэ компанийг л буруутгасан улс төр  явагдсан нь захиалгат улс төр нь ойлгомжтой болоод цаад жинхэнэ эзэн нь хэн бэ гэх асуултыг олон хүнд үлдээсэн биз.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн, ардчилагчаас коммунист болон хувирсан Л.Болдын хувьд АМГТГ-ын даргаар ажиллаж байхдаа Монголын газар нутгийг лиценз нэрээр хэчнээн хүн зарсан бол гэх сониуч бодол төрүүлсэн. Алт ухагчаас жагсагч болж хувирсан “Алтан дорнод Монгол”-ын эзэн Т.Ганболд ирж Тост, Тосон бумын  тэмцэлд нэгдэж байгаагаа зарласан нь олон хүний дургүйг хүргэлээ. Өөрөө энд тэмцэж, ард нь компани нь алт ухаад явж байгаа нь таалагдаагүй бололтой.

Ямартаа ч, Тост, Тосон бумбыг хамгаалах чин хүсэлтэй бол яагаад бусад 8 компанийг, тэр тусмаа  Тост, тосон бумбын тусгай хамгаалалтын бүсэд “Баатар ван”, “Жавхлант орд” зэрэг Хятадын хөрөнгө оруулалттай компаниудыг “урьж” оролцуулаагүй нь, тэдний тухай нэг үг өгүүлбэр ч амнаасаа унагаагүй нь зохион байгуулагчдын зориуд хийсэн ажил уу гэдгийг мэдэхгүй, уг нь бүгдийг нь дуудаж ирүүлээд үйл ажиллагаагаа танилцуул гэсэн бол хэлэлцүүлэг хэрүүл болоод өнгөрөхгүй байсан ч байж мэднэ.

Нарийнсухайтад буюу “Саус гоби коал транс” компанийн Баянтэсийн уурхайг шалгах ажлын хэсэг тэмцэгчдийн гомдлын дагуу байгуулагджээ. Төрийн байгууллага бол хууль дүрмээ барьж ажиллах болохоос хэн нэгэн тэмцэгчийн талд намирах, утгагүй учиргүй улстөржихгүй нь ойлгомжтой. Энэ сарын эхээр “Баянтэс”-ийн уурхайд ажиллаад ирсэн талаараа БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Мөнхзул танилцууллаа. Тэрбээр “Баян тэсийн уурхай нь том сайрын аман дээр байрладаг. Нүүрс олборлох явцад шүүрлийн ус гарах нөхцөлтэй. “Зүүн булаг” булаг нь 11 метр урттай, 5 метр орчим өргөнтэй урсацгүй. “Хойд хөвд” булаг нь уурхайгаас 15-18 км зайд байрладаг. Хашаалж хамгаалсан, мал орж булингартуулснаас болж сул шаргал өнгөтэй болсон. “Хошуут булаг” нь уурхайгаас 15-18 км зайд байрладаг. Эдгээрээс дээж авсан. Удахгүй хариу нь гарна” гэв. Түүний хэлснээр “Билүүтийн шанд” ширгэсэн гээд байгаа газар нь урьд өмнө нь булаг шанд байгаагүйг Монголын зөвлөх инженер,  говийн бүсийн усны асуудлаар салбартаа номер нэг, доктор Ч.Жавзангаар тогтоолгосон. Өмнө нь тоолж байсан булаг шандын мэдээллээс харахад энэ талаарх бүртгэл байгаагүйг тайлбарлав. Мэдээж, манай тэмцэгчдэд таалагдаагүй асуулт тавьсан, тайлбар хэлсэн бүхнийг хөлсний, худалдагдсан хужаа болгодог нь гэм биш зан хойно доо Ч.Мөнхзулыг тэнд байгаа оролцогчид хуулийн дагуу ажилласных нь төлөө бараг л худалдагдсан болголоо.

“Баян тэс” уурхайн нийт талбайн 53 хувийг “Саус гоби коал транс” компани улсад буцааж өгсөн талаар УУХҮЯ-ны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал тайлбарлаад  компанийн зүгээс сайжруулсан замаар тээвэрлэлт хийж буйг хэлсэн.

Харин МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр “Баян тэс”-ийн уурхайд шалгалт хийсэн, илэрсэн зөрчлүүдийг бүгд арилгуулсан гэдгээ хэлэлцүүлгийн үеэр хэлээд мөн л “хужаа” болж хувирав. “Саус гоби коал транс” компанийн төслийн менежер Д.Сүхтулга “Олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, дүгнэлтийн эх сурвалжаа болгох гэж байгаа бол координатыг нь зөв хэлэх ёстой. Бодит байдлыг мушгин гуйвуулж болохгүй. Нөгөөтэйгүүр, Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын бүсийг тогтоохдоо Засгийн газраас өмнөх Засгийн газрын шийдвэрээ харгалзан үзсэний үндсэн дээр баталсан. Мөн дээрх олон улсын байгууллагын зөвлөмж, дүгнэлтэд дээр үндэслэсэн байдаг” гээд тусгай хамгаалалтын бүсийн зурвасыг танилцуулсан нь бас л таалагдсангүй.

Компанийн хувьд үйл ажиллагааны талаарх мэдээллээ танилцуулж дуусгалгүй индрээс буулаа. Нэг талыг барьсан тавилттай хэлэлцүүлгийн үеэр уйлж, дуулж үг хэлсэн тэмцэгчид төрийн албаны хүмүүсийнхээ тайлбарыг сонсолгүй, цүнхээ үүрээд гарч одсон.  Нөгөө л танил сценари. “Ноён уул”-аа хамгаална гэж манай босоо хөхчүүд, жагсагчид, иргэний хөдөлгөөнийхөн “Сентерра гоулд” компанийг эсэргүүцэж яг ингэж жагсаж, тэмцэж, хэрэлдэж уйлаад эцэст нь Хятадын компани худалдаж авсан гэх мэдээлэл цацагдаад  манай “эх орончид” “Ноён уул”-аа мартаж орхисон.

Тиймээс л энэхүү тэмцэл, эсэргүүцлийн ард манай салбарын ерөнхийлөгчийн тэмцлийн ард эх орон уу, эрх ашиг уу гэх нөгөө л хардлага асуулт хэвээрээ үлдэж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.