ДОППИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮД ХЭН БЭ?


Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авсан билээ. Баяр наадам өнгөрөөд 30 хоногийн хугацаа болсон ч БНСУ-аас ирсэн шинжилгээний хариу олны анхаарлыг татлаа.

Бөхчүүдийн допингийн шинжилгээг Допингийн эсрэг үндэсний төв хариуцан авдаг бөгөөд тав давсан 16 бөх үүнд хамрагдсан. Бөхчүүдийн шинжилгээний хариу ирж Баяр наадмын зохион байгуулах хорооноос бөхчүүдэд наймдугаар сарын 9-ний өдөр мэдэгдсэн байна. Харин шөвгөрсөн 16 бөхийн хоёр нь допингтой гарсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж, бөхчүүд ч үүнийг эсэргүүцэж эхэлсэн. Хэрвээ хэн нэгэн бөхөөс хориотой бодис илэрсэн нь тогтоогдвол тухайн бөхөөс “В” сорьцыг шинжлүүлэх үү эсвэл гэж асуух учиртай. Тиймээс допингийн хариу бүрэн гарах явц удааширдаг. Энэ байдлаас болж хариуг бүрэн мэдээллэх боломжгүй гэдгийг албаныхан хэлдэг. Бөхчүүд удаан хүлээхийг хүссэнгүй. Тэд өчигдрөөс эхлэн "no doping" хөдөлгөөнд нэгдэж, хаана байгаа газраасаа мэдээлэл өгч эхэлсэн.

Ихэнх бөхчүүд орон нутагт явж байгаа учир сүлжээ сайтай газраас мэдээллийг хүргэж, допинг хэрэглээгүй гэдгээ мэдээллээд байна. Бөхчүүд Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороог албан ёсны мэдээллийг яаралтай мэдээллийг шаардаж эхэлсэн.

Допингийн эсрэг үндэсний төв бөхчүүдээс шинжилгээг авч, БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид явуулдаг ажлыг зуучилдаг байгууллага. Тиймээс хариу ирсний дараа Баяр наадмын зохион байгуулах хороонд мэдээллийг өгчээ. Энэ төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг хэлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу бөхчүүд Баяр наадмын зохион байгуулах хороонд зохих шаардлагаа тавьсаар байна. Хэрвээ допинг хэрэглэсэн нь “А” сорьцоос тогтоогдвол “В” сорьцыг дахин шинжлүүлэх эрх тухайн бөхөд бий. Энэ үйл явц бичгээр шийдэгддэг учир дахин 7-21 хоногийн хугацаа шаарддаг гэдгийг албаныхан тайлбарлаж байна.

Бид энэ талаар Бөхийн холбооноос тодруулахад "Одоогоор “В” сорьцын шинжилгээ авах хүсэлтэй байна гэсэн албан бичиг ирээгүй байгаа учраас зөрчилтэй бөх байгаа эсэхийг мэдэхгүй байна" гэдэг тайлбарыг өглөө. Энэ мэтчилэн албаныхан өөр өөрсдийн тайлбарыг өгсөн бөгөөд зөвхөн Баяр наадмын зохион байгуулах хорооны шийдвэрийг хүлээж байгааг хэлж байна.

Өчигдөр 16 бөхөөс 13 нь хариугаа авсан, доппинг хэрэглээгүй гэдгээ хэлсэн бол Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох, Ж.Бат-Эрдэнэ нар хариу авсан эсэхээ мэдэгдсэнгүй.

Үндэсний их баяр наадмын өмнөх сорилго барилдаанаар допингтой бөхийг барилдуулахгүй гэж тэмцлээ илэрхийлж байсан Улсын аварга Ч.Санжаадамбын мэдэгдлийг иргэд хамгийн ихээр хүлээж эхлэв. Түүний хувьд орон нутагт яваа учир мөн л дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө хэлээд байна.

Бөхчүүдийг шинжилгээний хариу хэлэх зуур энэ жилийн түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд олны анхааралд өртсөн. Түүний хувьд өчигдөр Хүй долоо худагт болсон Авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадмын барилдаанд барилдах байсан ч очоогүй. Урьд өдөр нь хоёр давсан аваргыг гэнэт ийм шийдвэр гаргасанд иргэд гайхаж бас “хардаж” эхлэв. Энэ мэтчилэн өчигдөр бөхчүүд шинжилгээний хариугаа урьдчилан хэлж,  no doping-г өрнүүллээ.

Хэрвээ тав давсан эдгээр бөхчүүдээс хоёр нь хориотой бодис илэрсэн юм бол унасан бөхчүүд яах бэ. Хэрвээ үнэхээр 16 бөхөөс допингтой холбоотой асуудал гараагүй бол яагаад удаашруулав. Энэ мэт олон хардлага, тайлбарт Баяр наадмын зохион байгуулах хорооноос албан ёсны тайлбар өгөхийг бөхчүүд болон ард түмэн шаардаж эхэллээ.

Эх сурвалж: News.mn

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.