АЙРАГ СӨГНӨЖ, НАЙР ТАВЬСАН ЦАГААН СҮМИЙН ГОЛЫНХОН


Архангайн Цэнхэрийн халуун рашаан гэвэл андахгүй. Секундэд арван литрээр  оргилохдоо хөрсний устай огт холилддоггүй гэдэг ид шидийн “ундаа”-нд хотоос 500 км давхиад л хүрнэ. Харин нутгийнхан бол Цагаан сүмийн гол гэцгээдэг. Дээхнэ үеийн сүм дуганы туурийг бэлгэшээж ийнхүү нэрийдсэн гэдэг юм билээ.

Өдийд Цагаан сүмийн хөндийд хүн, мал нь багтахгүй шахам бэлчинэ. Энэ нутаг жил бүр л ус, ургамлаа харамгүй дэлгэхийн сацуу гол усыг нь хүрээлсэн ууланд төрөл бүрийн жимс, самар элбэг ургана. Ийм баян хангайг түшиглэсэн хот айлуудын гүүн зээл, уяаны морьд, унага тугалын давхиан гол эмжин үргэлжлэх нь хөдөөгийн яруу сайхныг яг л зурчихсан мэт харагдана. Тэр дунд Цэнхэр сумынхны онцлогийг илтгэх бүдүүн ширхэгтэй ноолууртай хар ямаа, хөх сарлагийн бараа эрхгүй сүрдэм. Ийнхүү хөдөөгийн сайханд нүд баясган Цагаан сүмийн голыг өгсч явсаар хамгийн эхний айлд буусан нь сумын сайн малчин Ч.Отгонбатынх аж.

Биднийг очиход гэрийн эзэд гүүгээ саагаад дуусч байлаа. Уяан дээрх сойлттой морьд усанд ирж яваа адуу руу эргэцэнэ. Гүүн зэлэн дээр хонгор зүсмийн голдуу гучаад адуу халуунаас зугтан хорж зогсоно. Харин унаганууд ногтондоо нэлээд дасч номхорсон бололтой дэргэдүүр нь хэчнээн ойрхон өнгөрсөн ч бишүүрхсэн шинж алга. Гэрийн гадна дөхөж очвол бага гэрийн үүдэнд урт модон дамнуурган дээр 2-3 дэлгэц ааруул өрөөд цагаан тороор бүтээсэн харагдана. Эндхийн айл бүр цагаан идээ боловсруулдаг бага гэртэй аж. Бүсгүйчүүд нь саалийн зэл, бага гэр хоёрын хооронд л өнждөг гэж сүүлд  гэрийн эзэгтэй бидэнд тайлбарласан юм.

Биднийг зочны өргөөндөө урьснаар зүүн талын цэлгэр том гэрт орвол айрагны үнэр хамар сэтлэх шахам сэнхийж байна. Арга ч үгүй бололтой. Айргийг хөх савнуудаар дүүргэн баруун хаяагаар завсаргүй эгнүүлжээ. Гүү уясан айлуудын нэг онцлог нь зочдод цай барихаас илүү айраг сөгнөдөг жишгээр бидэнд ч хул дүүргэн барив. Энэ жил Ч.Отгонбатынх Булганы Сайхан сумаас айргаа хөрөнгөлсөн гэнэ. Ороход үнэр нь сэнхийхээс гадна амт гэж үгээр илэрхийлэмгүй. Хулан дээгүүр тос гүйж, амт нь тагнайд чимчигнэнэ. Ер нь Цагаан сүмийн голынхон айраг сайтай, найрсаг зангаараа хэдийнээс зочломтгой ард түмэн юм.

Бид  гүү уясан айл бүрт өрнөдөг хэний айраг иссэн хийгээд зуншлага хэр дэлгэр байгаа талаар эхлээд  яриа дэлгэлээ.Ч.Отгонбат өглөө эртлэн адуундаа мордсон ч хоёр азарга адуугаа ололгүй иржээ. Тэрээр “Энэ жил зуншлага сайхан болж байгаа учраас хоёр азарга адуунаас ааш зан номхон 15 гүү уясан. Зарим эмнэг гүүгээ сургаж чадаагүй л байна. Манай энд өвс, ус элбэг ч адуу уул руу холдоод явчихдаг. Хоёр өдөр эзгүй байсан болохоор хураагаагүй. Гэтэл өнөөдөр эрээд олсонгүй. Мотоциклиор мордохоос” гэж ярилаа.

АЛДАР ЦУУНД ХҮРЧ, АЙРАГ ТҮРҮҮ АВДАГГҮЙ ЮМ ГЭХЭД МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН  АДИЛ МОРЬ УЯХ СОНИРХОЛТОЙ

Ч.Отгонбат, Ж.Булганчимэг нар нэг нутгийнх. Хоёулаа л дунд сургуулиа төгсч аймгийнхаа Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд сурч байгаад хүсэл сонирхолдоо хөтлөгдөн аав, ээжийгээ даган хөдөө амьдрах болжээ. Ч.Отгонбат багадаа суманд өссөн ч 18 настайгаасаа хойш хүргэн ахыгаа даган мал маллах болсон талаараа “Цэнхэр сум  миний аав, ээжийн нутаг. Анх 1993 онд ээжтэйгээ цөөн тооны хэдэн малтай сумаас хөдөө гарч байсан одоо мянгаад толгой малтай. Ах, эгч нараа дагаж малын наад цаадахыг мэддэг болсны хүчинд өдий зэрэгтэй явна. Мал маллах арга ухаанаас илүү уул, ус жигдэрсэн хангай газар мал маллах их тохиромжтой. Тэгэж байгаад 2003 онд бид гэр бүл болцгоосон. Манай энд айл олонтой. Хонио алсаас нь харж л байхгүй бол хонины найр их хийнэ” гээд инээмсэглэлээ.

Ч.Отгонбат 2015 онд сумын сайн малчин болжээ. 20 гаруй жил мал малласны хүчинд өдгөө бод бог нийлсэн 1000 гаруй малтай. Ингэхдээ малаа төрөл бүрээр нь өсгөж 800 гаруй бог, 100 гаруй адуу, 50 гаруй үхэртэй. Мөн гэрийн эзэн морь уядаг тухайгаа “Би бүгээн зүсний адуунд дуртай болохоор хонгор, саарал зүсмийн азарга тавьдаг. Бага залуу байхдаа морь их уядаг байлаа. Одоо ч бүл цөөн ажил их учраас их насны голдуу ганц хоёр морь л уяж байна. Алдар цуунд хүрч, айраг түрүү авдаггүй юм гэхэд монгол эрчүүдийн нэгэн адил морь уях сонирхолтой. Зарим жил ч зуны гурван сар уяан дээр өнжинө. Харин энэ жил сумын наадамд морио уралдуулаад тавьсан. Унаач хүүхэд ховор болохоор олон насны морь уяж чадахгүй юм. Адуугаа зүүн талаас сэлбэж чанаржуулах гэж үзэж байна. Нэг л сайн давхихгүй л байна. Ер нь морь уяна  гэдэг мундаг мэдлэгтэй, завтай хүний ажил юм. Сүүлийн үед сайхан ногоон өвсөө идээд давхидаг адуу байхаа болилоо. Тэжээл бордоо, тариа будаагаар л тамир тэнхээ суулгаж нэлээн хөрөнгө мөнгө зардаг юм байна. Бор зүрхээрээ уралдана гэдэг хэцүү болжээ” гэж ярилаа.

Ч.Отгонбатынх охин, хүү хоёртой. Охин О.Лхамжав ХААИС-ийг төгсөөд Солонгост эдийн засагч мэргэжлээр магистрт суралцаж байгаа бол хүү О.Мөнхсайхан аймгийнхаа МСҮТ-д малын бага эмчээр суралцаж байна. Зуныхаа амралтаар аав, ээждээ туслахаар ирээд байгаа юм.

Ярианы завсраар малын түүхий эд бараг үнэгүй хаягдаж байгаад шүүмжлэлтэй байдаг талаараа гэрийн эзэн ярихдаа “Мал маллах сайхан. Гэхдээ цагийн хатууд хүнд хэцүү үе ч бий. Тэр болгонд малтайгаа хамт л тэмцэнэ. 2010 оны зуднаар мал нэлээн цөөрсөн. Малынхаа ашиг шимээр л амьдралаа залгуулж хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж байна. Арьс ширний урамшуулалд бүрт­гүүлдэг ч авч үзээгүй. Харин ноосны урамшууллыг  авдаг. Хонины нэхий, үхрийн шир, ноос ямар ч үнэ алга. Зарим айл ноосоо шатааж харагдах юм. Арьс, ширний үйлдвэр байгуулаад боловсруулалт хийгээд гаргадаг байж болдоггүй юм болов уу. Хотод мах жигтэйхэн үнэтэй л байна гэх юм. Биднээс бол бараг тал үнээр нь авдаг. Малчдын гар дээрээс хэд хэдэн дамжлага дамжиж байж л үйлдвэрт хүрдэг юм шиг байна лээ. Уг нь шууд малчдын гар дээрээс үйлдвэр рүү авдаг бол арай ахиу үнээр өгөх нь бидэнд хэрэгтэй юм. Жилдээ бод, бог нийлсэн 100-гаад мал зах зээлд борлуулдаг  ч арьс, шир нь хаягдчихаар олигтой ашиг гардаггүй” гэсэн юм.

СҮҮН ХУРУУД ХИЙХЭД 3-4 ХОНОГ ЗАРЦУУЛДАГ

Арын сайхан хангай нутаг хэзээнээс айраг, цагаан идээгээрээ алдартай. Үүнийг батлах гэсэн шиг гэргий Ж.Булганчимэг хуруу зузаан сарлагийн өрөм таваглаж, ааруулыг төрөл бүрээр нь дэлгэжээ. Түүнээс хангай газрын бүсгүйчүүдийн цагаан идээ боловсруулах нарийн арга ухааны талаар асуухад “Цагаан идээ боловсруулахыг ээж  багаас  минь маш нарийн зааж сургасан. Ааруул, өрөм, тараг, бяслагнаас эхлээд төрөл бүрээр нь хийж байна. Намар илүү гарсныг нь зах зээлд борлуулчихна. Чихэртэй, чихэргүй ааруул, сүүн хурууд, идээний, мушгиа гээд ааруулыг төрөл бүрээр нь хийнэ. Тэр дунд сүүн хурууд хийх амаргүй. Сүүгээ түүхийгээр нь гашилгаад цөцгийг нь хамж аваад шар тос гаргаж авдаг. Сүүгээ халааж ээдэм болгож чихэртэй хутгана. Ээдмээ хутгаад байхаар зуурчихсан гурил шиг аргуу зүйл болно. Сүүгээ ээдүүлэх гэж хоёр хонохоос эхлээд сүүн хурууд хийхэд 3-4 хоногийн ажил болно. Хэт их хатаадаггүй учраас сүүн хуруудыг өдийд хийдэггүй. Жаахан сэрүү орохоор есдүгээр сард хийдэг. Идээний ааруул ч адилхан. Шууд наранд хатчихаад голоосоо исээд амт, чанар нь өөрчлөгдөнө” гэлээ.

Эднийх 20-иод үнээ, 15 гүү сааж байна. Гэхдээ үнээгээ зөвхөн өглөө саадаг гэнэ. Нэг саамандаа 30-иад литр сүү сааж түүнийгээ боловсруулахын хажуугаар хоёр цаг тутам гүүгээ саагаад л өдөр өнгөрдөг гэнэ. Мөн долоо хоногт 3-4 удаа тогоо нэрнэ гээд ажил дундрахгүй.

Хөдөөд багахан хэмжээний үйлдвэрлэл явуулж байгааг Ч.Отгонбатынхаас харж болно. Айраг цагаан идээгээ борлуулна, дээл урлана, жимс, самар түүж зарна гээд малчид тэрүүхэндээ бичил бизнес эрхэлж байна. Гэрийн эзэгтэйгээс цагаан идээний ханш асуувал “Чихэртэй мушгиа ааруул кг нь 10-12 мянган төгрөг, 30 ширхэгтэй тавгийн ааруул 200 мянга, нэг тогооны өрөм 7000,литр айраг 2000 гэдэг. Манай ойр хавийн уулыг тойроод үхрийн нүд, хад, гүзээлгэнэ, аньс, самар ургана. Бүл чадалтай бол түүгээд зарна. Манайх бол тэгж чаддаггүй. Хүү удахгүй сургуульдаа явчихаар хоёулахнаа үлдэнэ. Зун хот хорооноос ах дүү нар ирэх, хурим найранд нэмэр хандив гэж өгөөд л таардаг даа. Наймдугаар сарын сүүлчээс л цагаан идээгээ хурааж эхэлдэг. Харин өвөл цагаан идээнийхээ захиалгыг хүргэж өгөх гэж л хот руу нэг орно. Бусад үед зав чөлөө хомс. Үхрээ арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл саачихдаг” гэлээ.

Зуны ажил овоо цэгцрэхтэй зэрэгцээд удахгүй  хадлангийн ажил эхэлнэ. Есдүгээр сарын дундуур хадландаа гарч жилд 5-6 портер өвс хадчихдаг гэнэ. Дээр нь бага хэмжээний өвс, тэжээл худалдаж аваад бог, бод, уналганы морио тэжээдэг. Ийнхүү ундарсан их ажлын амсхийх чөлөөнөөр бидний яриа өрнөлөө. Энэ зуур хүү О.Мөнхсайхан мотороо асааж худагнаас ус татахаар гарлаа. Хөдөөд айл бүр мотор асааж угаалгын машин, хөлдөөгч ажиллуулдаг болсон нь бага ч болов хөдөлмөрийг нь хөнгөвчилдөг бололтой.

Ийнхүү үүрийн жингээс үдэш хүртэл их ундардаг ч түүндээ малчид түүртэх нь үгүй. Дэлгэр зуны цагт хөдөөгийн сайханд саатахдаа уруул чимчигнүүлсэн айрагтай айлд онож бууна гэдэг бас л одтой яваагийнх биз ээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.