БӨХЧҮҮД ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ИЛ ТОДООР ЗАРЛАХЫГ ШААРДАЖ МЭДЭГДЭЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ


Бөхчүүд допингийн шинжилгээний хариуг зарлахыг шаардаж, мэдэгдэл хийж эхэллээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадамд шөвгөрч, допингийн шинжилгээнд хамрагдаж, хориотой эмийн бодис илрээгүй бөхчүүд ээлж дараалан мэдэгдэл хийж эхлэв.

Одоогийн байдлаар Монгол Улсын арслан Ц.Содномдорж, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын харцага Д.Анар нар өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, Баяр наадам зохион байгуулах хорооноос өөртэй нь холбогдож улсын баяр наадамд барилдсан бөхчүүдийн шинжилгээний хариу гарсан гэж хэлснийг онцолж байна. 

Улсын аварга Н.Батсуурь "Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие наймдугаар сарын 9-ний өдөр Баяр наадмын комиссоос хориотой эмийн бодис илрээгүй гэх хариуг авсан. Допингийн шинжилгээний хариу ирсэн. Бусад бөхчүүддээ эртхэн мэдэгдлүүдээ хийгээд ард түмнийхээ эргэлзээг тайлахыг хүсч байна" гэв. 

Улсын арслан Ц.Содномдорж "Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумандаа ирж, төрөлх сургуулийнхаа ойд зориулсан наадамд барилдаад явж байна. Баяр наадам маань сайхан болж өндөрлөлөө. Би өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж та бүхэндээ хандаж нэгэн мэдэгдлийг хүргэх гэсэн юм аа. Энэ нь допингийн гэх асуудалтай холбоотой мэдэгдэл юм. Өчигдөр буюу 2019 оны наймдугаар сарын 09-ны өдөр наадам зохион байгуулах хорооноос над руу ярьсан. Тэд "Таны шинжилгээний хариу ирсэн бөгөөд ямар нэгэн хориотой бодис илэрсэнгүй" гэсэн хариуг надад өгсөн. Би сая хэвлэл мэдээллийн хэрэгслийг харахад Баяр наадам зохион байгуулах комисс маань "Ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй" гэсэн мэдэгдэл өгч байна. Өчигдрийн хувьд Баяр наадам зохион байгуулах хорооноос надад "Бүх бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн" гэсэн хариуг өгсөн. Хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэх асуудалтай байгаа бололтой. Энэ асуудлыг эцэслэж зарлаачээ гэж Баяр наадам зохион байгуулах хороо болон Шадар сайдаасаа хүсч байна" гэв.

Улсын арслан П.Бүрэнтөгс “Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Энэ жилийн шинжилгээний хариу ирсэн юм байна лээ. Над руу наймдугаар сарын 09-нд Баяр наадам зохион байгуулах комиссоос ярьж, таниас ямарваа нэг хориотой эмийн бодис илрээгүй гэж мэдэгдсэн. Тийм болохоор Баяр наадам зохион байгуулах комиссыг допингийн хариуг ил тод зарлахыг хүсч байна” гэлээ.

Улсын харцага Д.Анар “Сайн байцгаана уу. Миний өгсөн допингийн шинжилгээний хариу гарсан. Надаас допингийн ямар нэг эмийн бодис илрээгүй гэж Баяр наадам зохоин байгуулах хорооноос мэдэгдсэн” гэв.

Манай сайт өнгөрсөн баасан гарагт бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирсэн бөгөөд энэ жилийн баяр наадамд улсын том цол авсан хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн гэдэг мэдээллийг анх хүргэсэн.

Гэтэл Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс манайд шинжилгээний хариу ирээгүй хэмээсэн юм. Тодруулбал, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн энэ талаар юу ч мэдэхгүй байна гэх хариулт өгсөн. Мөн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамц ч "Бидэнд одоогоор ямар ч шинжилгээний хариу, бичиг ирээгүй байна" гэсэн мэдээллийг өгч байв. 

Гэвч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос бөхчүүдэд шинжилгээний хариу ирсэн гэдгийг мэдэгдсэн байна. Мөн Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Г.Сүхбаттай “Бид шинжилгээний хариуг Баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Цаашдын асуудлыг бид мэдэхгүй” гэх хариултыг өгч байсан юм

Юутай ч бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарсан нь тодорхой байна. Харин энэ асуудлыг хэн нь ямар шалтгаанаар будилаантуулж байгаа нь ойлгомжгүй хэвээр байна. Бид энэ талаар үргэлжлүүлэн сурвалжилж мэдээлэх болно.

Эх сурвалж: Zaluu.com

Б.БУРМАА

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.