УНГАР УЛСЫН ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


Унгар улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Криштиан Эрдэли өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт зочиллоо. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын эхэнд хошууч генерал Т.Бадрал Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, эрхзүйн орчны талаар товч танилцуулж, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын урилгыг хүлээн авч манай улсад айлчилж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

Унгар, Монгол хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл 2002 онд тавигдсан бөгөөд 2002 онд Унгар улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал ноён Баконди Дөөрдийн урилгаар Монгол Улсын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Д.Хишигбаатар Унгар Улсад, 2005 онд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын урилгаар Унгар Улсын Гамшгаас хамгаалах газрын дарга, хошууч генерал Татар Аттила тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад, 2017 онд Унгар Улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Золтан Горагийн урилгаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Унгар Улсад тус тус айлчилж, гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцож байсан юм.

Уулзалтын дараа Онцгой байдлын удирдлагын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Унгар Улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ.

Тус санамж бичгийн хүрээнд тус хоёр байгууллага нь гамшгийг урьдчилан таамаглах, түүнээс урьдчилан сэргийлэх, үнэлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах чиглэлээр шинжлэх ухаан, технологийн болон практик туршлага солилцох, хүний нөөцийн болон техник, тоног төхөөрөмжийг чадавхыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Унгар улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Криштиан Эрдэли өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад болон нийслэлийн Аврах анги-105, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөр зочилж, үйл ажиллагаатай танилцана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.