ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ БУУДАЛ 13 ЖИЛИЙН ДАРАА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Монгол Улсын агаарын тээврийн салбарт хийсэн хамгийн том бүтээн байгуулалт нь Төв аймгийн Сэргэлэн суманд дахь Хөшигийн хөндийн онгоцны буудал юм. Тэгвэл шинэ нисэх онгоцны буудал өнөөдөр /2019.07.05/ нээлтээ хийлээ.Шинэ нисэх онгоцны буудал барих төслийг анх 2006 онд эхлүүлж байсан бол 13 жилийн дараа ашиглалтад орж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Шин Хаймин нарын тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Шинэ нисэх буудал нийт 32 объектоос бүрдэх бөгөөд хамгийн том нь 53 мянган метр кв хэмжээтэй терминал юм. Нислэгийн цамхгийг 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар барьжээ. 800 метр кубын багтаамжтай цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 825 машины зогсоол, 200 машины дулаан зогсоол зэргийг бариад байна. Мөн нисэх буудлын зурвасыг бетоноор барьсан бөгөөд манай улсын хамгийн том бетонон байгууламжид тооцогдож байна. Нисэх буудал онцгой объект тул бүх барилга нэмэлт генератортай юм байна. Мөн 1.5 км урт хонгилыг газар доогуур барьжээ. Цахилгаан холбоо, цэвэр бохир усны гэсэн хоёр салаатай хонгил нь манай улсын анхны газар доорх байгууламж аж. 

Шинэ нисэх буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Төслийн явцад нийт худалдан авалтын 30-аас доошгүй хувийг Японы талтай хийхээр заажээ. Японы Засгийн газрыг төлөөлөн тус улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага төслийн оролцогчоор хамтран ажиллаж байгаа юм.

Мөн энэ үеэр Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүртэлх 32,2 км хурдны замын нээлт болсон юм. Энэхүү зам нь Монгол улсын анхны хурдны зам болж байгаагаараа онцлог юм. Замын дээд хурд 100км/цаг байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: “МУ-ын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хот хоорондын орон нутгийн чанартай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг тосон замаар нийслэл хоттой холбох ажил өрнөж байна.

Сүүлийн үед Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын барилгын чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах олон улсын жишигт нийцсэн авто замыг бүтээн байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбох 32,2 км хоёр урсгал бүхий зургаан эгнээтэй  зам юм. Хэдийгээр замын дээд хурд 100 км/цаг боловч иргэд хурдалж болох зам гэж битгий бодоорой ” гэлээ. 

Замын гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын Төмөр замын IV групп ажиллажээ. Уг зам нь аваарын 10 гарц, 49 үер усны хоолойтой, хурдны зам тул автобусны зогсоол байхгүй, эргэлтийн цэггүй, гялбаанаас хамгаалсан хаалттай. Манай улсад барьсан, олон улсын стандартад нийсэн анхны зам  юм.

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.