Г.АМАРТҮВШИН: "ЭРЭЛ" ГРУПП ХӨГЖЛИЙН БАНКАНД 132 ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ


Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин  тус банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өнөөдөр /2019.07.04/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Миний бие сарын өмнө Засгийн Газрын урилгаар уг албан тушаалд томилогдсон. Ингэж томилогдохдоо нэгдүгээрт “Хөгжлийн банк”-ыг зөв зохистой удирдаж, зөв бодлогоор хангах, хоёрдугаарт Монгол улсын улсын ирээдүйн үе шатанд шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй ажиллаж байна. Би ажлаа авсан даруйдаа Ерөнхий сайд болон Монгол банкны ерөнхийлөгчтэй уулзсан. Энэ үеэр Сангийн яам болон Монгол банкны зүгээс манай банкийг дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Ажил үүргээ хүлээж авсныхаа дараа зээлийн багцын чанар дээр ажиллаж эхэлсэн. "Хөгжлийн банк"-ийг тойрч байгаа гурван том асуудал байгаа. Нэгдүгээрт Засгийн Газрын шалгалтаар илэрсэн чанаргүй том зээлийн асуудал. Хоёрдугаарт Хөгжлийн банкны санхүүжилтийн төсөл, хөтөлбөрт  тавигдах шаардлагын өөрчлөлт, гуравдугаарт зээлийн багцын чанарыг сайжруулах асуудал байна.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар Хөгжлийн банкны санхүүгийн нөхцөл нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг, зээлийн багц, 2 их наяд 577 тэрбум, эрсдэлийн сан 336 тэрбум, чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум байна. Үүнээс өөрийн хөрөнгө нь нэг их наяд 138 тэрбум төгрөг байгаа.

"Хөгжлийн банк" чанаргүй зээлийг шийдвэрлэхээр ажиллаж байнаТухайлбал “Эрэл” ХХК 2015 оноос хойш зээлийн төлбөрөө хийгээгүй. Засгийн Газар болон Хөгжлийн банкнаас хамтарсан ажлын хэсэг гарч, чанаргүй зээлийг хэрхэн  төлүүлэх вэ? төрийн өмчит хамтарсан компани байгуулахуу? гэх асуудал дээр  судалгаа хийж байгаа. Хамтарсан компани байгуулахгүй бол уг асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ гэж үзэж байна. Мөн Мон Лаа ХХК-тай шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулаад эхний төлбөрүүд хийгдээд явж байгаа. Хөтөл ХХК-д улсын комисс ажиллаад үйлдвэрийг албан ёсоор хүлээж авсан. Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөхгүй байж болно гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд байна. Үүнийг бид өөрчлөнө. Хөгжлийн банкны зээл бол татвар төлөгчдийн эх үүсвэрээр олгогдсон зээл” гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Эрэл ХХК-тай хамтарсан компани байгуулах гэж байгаа шалтгаан нь юу вэ?

-Эрэл ХХК-тай бид хамтарсан компани заавал байгуулах үүрэг даалгавар аваагүй. Энэ хувилбарыг судлах болсон шалтгаан нь Герман технологид суурилсан чанартай үйлдвэртэй.  Мөн 24 цагт ханын материал үйлдвэрлах хүчин чадалтай ийм үйлдвэр манайд хэрэгтэй байгаа. Зөвхөн санхүүгийн тал дээр ирээдүй байгаа юу гэдэг дээр асуудалтай байна. Одоо тус компани "Хөгжлийн банк"-нд 132  тэрбумын зээлийн үлдэгдэлтэй байгаа.  

-ОУВС-аас арилжааны банкнуудыг өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Энэ хүрээнд нэр бүхий гурван нэмсэн байдаг. Гэтэл нэг банк Хөгжлийн банкнаас өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх хөрөнгө авсан гэх мэдээлэл байгаа. Энэ асуудалд тайлбар өгнө үү?

-Хөгжлийн банкнаас эх үүсвэр аваад арилжааны банканд оруулсан асуудал байхгүй. Миний өмнө уг зээл батлагдсан үгүйг мэдэхгүй. Гэхдээ одоогоор том хэмжээний хугацаа хэтэрсэн зээл байхгүй байна.

-ЗГХЭГ-ын дарга долоон компани зээлээ төлөөгүй гэж мэдэгдсэн. Дээр дурдсан компаниас бусдыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Бусад компанийн хувьд өмнө нь зээлээ төлж байгаад төлөхөө больсон байна. Зээлийн бүтэц нь богино байсан учраас хугацааг нь сунгасан байсан. Үйл ажиллагаа явуулж байгаа компани дээр зээлийг нь төлүүлэх ажлыг явуулж байгаа.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.