Ц.Нарангэрэл: Манай улс сонгодог парламентын тогтолцоотой улс биш


УИХ-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төслийг хэлэлцэж байгаа энэ үед улстөрийн нам, хүчнүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж, санал бодлоо хэлж байна. Энэ талаар Ард түмний олонхийн засаглал АТОЗ намын дарга Ц.Нарангэрэлтэй ярилцлаа.

 

УИХ-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төслийг танилцуулж байгаа энэ үед улстөрийн нам, хүчнүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж, санал бодлоо хэлж байна. Энэ талаар Ард түмний олонхийн засаглал АТОЗ намын дарга Ц.Нарангэрэлтэй ярилцлаа. Тэрээр философич, хуульч мэргэжилтэй юм.

-Саяхан улстөрийн намууд, хөдөлгөөнөөс мэдээлэл хийсэн. Та бүхэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр юуг нь эсэргүүцээд байна вэ?

-Юуны өмнө Монгол Улс 1990 оноос хойш өөрийн гэсэн төртэй болох гэж оролдож байгааг хэлэх нь зүйтэй байх. Энэ оролдлого маань улстөрийн залилан, улстөрийн луйвар болон эдийн засгийн хулгайн хэлбэрээр саатсаар байгаад өнөөдрийн байдал хүрчихээд байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж байдаг. Энэ хуульд, “Монгол Улсын Их хурал нь Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх , түүний тогтвортой байдлыг хангах онцгой үүрэгтэй байгууллага мөн” гэж заасан байдаг. Энэ хуулиас гадуур ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйдлийг Монгол Улсын Үндсэн хуульд халдсан, төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэхээр хуульчлан заасан байгаа. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон Ард түмний санал асуулгын тухай хуулиудын зөрчиж, ҮХ-д гар хүрэхээр нэг нам буюу МАН дангаараа санаархаж байгаа нь хууль бус үйлдэл, төрийн эсрэг гэмт хэрэг  юм. Үүнийг л ард иргэд ойлгох ёстой.

Тиймээс ард иргэдэд хандан хэлэхэд бид алийн болгон 1990 оноос хойш ээлжлэн төрийн эрх барьж буй МАН, АН-ын луйврыг дэмжих вэ. Түүнээс гадна Оюутолгойн асуудлыг хэлэлцүүлэхгүй, шалгалтын тайлан дүнг гаргахгүй, өөрчлөхгүй гэсэндээ ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр болж байна. Үүнийг л бид эсэргүүцээд байгаа юм. Хуулиараа бол хэрэв нэмэлт, өөрчлөлтийг нэгэнтээ хэлэлцээд эхэлсэн бол хэлэлцүүлэг нь эцсийн шийд гартал, тасралтгүй үргэлжлэн явагдах ёстой гэсэн хуультай байгаа. Тиймээс маш олон чухал асуудлыг сунжруулж, УИХ-ын чуулганы ажиллагааг ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт рүү чиглүүлж байна. Энэ нь цаанаа маш том эдийн засгийн ашиг сонирхол, гадныхны гар хөл болсон МАНАН-ынхны бамбай халхавч болж байна гэж ойлгож болно. Хэрэв ингээд Оюутолгойн болон бусад чухал асуудлыг хэлэлцэхгүйгээр эцсийн шийд гартал ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ гэсэн хуулиа баримтлаад явах юм бол энэ нь Монголын ард түмний хувьд маш хор нөлөө, үр дагавартай зүйл болно.

-Та бүхэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг мөн эсэргүүцээд байсан. Энэ чинь асуудлыг шийдэх ардчиллын зарчмыг тусгасан хууль биш гэж үү? Юу н болохгүй байна вэ?

-Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэж улстөрийн залилангийн аргаар хийсэн бас нэг хууль гэж би үзэж байгаа юм. Үүнийг МАН хүч түрэн баталсанд байгаа юм. Олонхиороо ингэж хүч түрч болохгүй бөгөөд үүний эсрэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд аливаа нэг улстөрийн хүчин нам дангаар, дур зоргоороо ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан байгаа. Энэ талаар буюу ингэж нэг нам дангаар ҮХ-ийг өөрчлөх гэж буйг эсэргүүцэж улстөрийн 20 нам, иргэний нийгмийн 100 гаруй ТББ мэдэгдэл хийж, МАН болон УИХ-д гардуулсан. Гэтэл энэ талаар ард иргэдийн болон улстөрийн намууд болон иргэний байгууллагуудын саналыг тусгасан гэж худал мэдэгдэж, иргэдийн тархийг угааж байна. Энэ бас өөрөө гэмт хэрэг, төрийн эсрэг гэмт хэргийг өөгшүүлж буй явдал гэж үзэж байна.

-Та бүхэн төөрөгдүүлсэн заалт их орохоор байна гэсэн. Яг ямар заалтуудыг хэлээд байна вэ?

-Ер нь бол ҮХ-ийг өөрчлөх буюу шинэчлэн найруулж боловсруулан батлах нийгмийн хэрэгцээ, шаардлага бий юу гэвэл байгаа. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй байх. Гэтэл нэг нам олонхиороо түрүү барьж, ҮХ-ийн үзэл баримтлалыг нэг хүн боловсруулж, хууль бус нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь өөрөө төрийн эсрэг гэмт хэрэг юм. Энд хүний нас заах ч юм уу г.м-ээр толгой эргүүлсэн зүйлүүд бий. Энэ бол улстөрийн залилангийн хэлбэрээр санал авах заалтууд юм. Жишээ нь, би улстөрийн намын даргын хувьд хэлэхэд, улстөрийн намуудын санхүүжилтийн асуудал байна.

Энэ заалтад тухайлбал, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй намыг төрөөс санхүүжүүлнэ гэсэн нь намуудыг хоёр ангилж ялгаварлан гадуурхаж байна. Жишээ нь, хөрөнгө мөнгөтэй намуудыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гэж үзээд төрөөс санхүүжүүлэх нь. Хөрөнгө, мөнгө тааруу, зөвхөн нийслэлд байж, бодлогын чанартай ажиллаж буй санхүү, хүн хүчний хувьд бэхжиж төлөвшөөгүй намд боломж олгохгүй байх санаархал явж байна. Ерөнхийдөө ҮХ-д орж буй заалтуудыг нэг бүрчлэн аваад үзэхэд аль нэг намын дарга нь маш их хэмжээний эрх мэдэлтэй, өөрөө томилдог байх заалтуудыг оруулсан байна. Аймаг, хотын даргыг томилох, Засгийн газрын кабинетаа өөрөө бүрдүүлэх г.м-ээр явж байгаа нь маш том эрх мэдэл юм. Сонгодог парламентын хувьд Ерөнхий сайд нь хүчтэй эрх мэдэлтэй байх нь байдаг ч Монголын нөхцөлд, манай төрийн тогтолцооны хувьд манайх сонгодог парламентын тогтолцоотой улс биш. Эрх баригч хоёр намын буюу нэг намын эрх ашгийг хамгаалсан энэ мэт заалтууд нь нөгөө дордуулсан 7 өөрчлөлтөөс давж бүр дордуулахаар байгаа юм. Үүнийг л улстөрийн намууд эсэргүүцэж мэдээлэл хийгээд байгаа юм.

-Өөр ямар заалт байна?

-Тухайлбал, УИХ-ын гишүүдэд хувь хүнийхээ хувьд төлөвшсөн байх ёстой гм-ээр нас заасан байна. Үүнийг хүмүүс хараад өнгөрсөн хугацаанд хэрэгт холбогдоод байсан УИХ-ын гишүүн асан Гантулгаар жишээ татаад, нээрээ ингэж нас заах нь зөв юм байна шүү гэж бодоод улстөрийн цаад утга учрыг нь олж харахгүйгээр дэмжих жишээний. Тэгвэл дэлхий нийтийн жишгийг харахад ҮХ-иа хэн өөрчилдөг, хэзээ өөрчилдөг гэхээр ҮХ-ийг өөрчлөх итгэл  даасан, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн тийм бүтэцтэй байж өөрчилдөг байна. Гэтэл манай өнөөдрийн УИХ нь 60 тэрбумын, оффшорын, ЖДҮ-гийн, хүчингийн, хар тамхины гм-ээр бүх есөн шид нь бүрдсэн, ард иргэддээ хараан зүхэгдсэн, иргэдийн бухимдлын бай болсон ийм байгууллага, гишүүдээр ҮХ-д гар хүрэх нь боломжгүй юм.

-Тэгээд ямар замаар, яаж шинэчилдэг юм?

-Би сая хэллээ, дэлхий нийтийн жишгээр бол ард нийтээс санал асуулга авсан, ард түмнээсээ мандат авсан бүтэц бүхий байгууллагын тусгайлан байгуулаад ҮХ-ийг боловсруулах комисс гаргаж шийддэг. Тэгээд хоёр парламент дамжин шийддэг байна. Жишээ нь, энэ удаагийн парламент баталсан бол дараагийнх нь мөн давхар дахиж баталдаг, ийм практикууд байна. Бельги, Финлянд зэрэг улсад баталсныхаа дараа дахиад гурван сарын дараа баталдаг жишигтэй.

-Тэгвэл ҮХ-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүлээн зөвшөөрөхөөр ямар заалтууд байна вэ?

-Яг нарийвчлан, дундаас нь сугалж аваад ярьмааргүй байна. Олон санаан дотор авахаар ганц нэг санаа мэдээж байж л таараа. Ерөнхийд нь ингэж дур зоргоороо, нэг нам дангаараа шийдэхгүй л гэж үзэж байгаа юм.

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.