ТУРКИЙН  НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ ОСМАН ОЗТУРКИЙН “ИТГЭЛ” НЭРТЭЙ ШҮЛГИЙН ТҮҮВЭР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


Туркийн алдартай хөгжмийн зохиолчид хэд хэдэн шүлэгт нь ая зохиож, шүлгүүд нь дэлхийн 22 хэл рүү орчуулагдаж байсан яруу найрагч Осман Озтурк Турк эх орноо  төлөөлөх аянаа дэлхий дахинд амжилттай эхлүүлсний нэгэн жишээ бол түүний 9 дэх шүлгийн түүвэр болох “Итгэл” ном нь Монгол улсад монгол, англи, турк гурван хэлнээ хэвлэгдэн гарсан явдал юм.

Тэрээр “ХУВИН”, “ИНТООРЫН ЛАВРЫН МОД”, “УРАГДСАН ХУУДАС”, “НАМРЫН ГАНЦААРДАЛ”, “ЧИ НОГООНООС НОГООН БАС ЦЭНХЭР БАЙСАН” зэрэг шүлгийн түүврүүд гаргаж, улмаар хэд хэдэн оронд зарим ном нь хэвлэгдэж байжээ. Түүний “Цэнхэр зун” шүлгийн ном Германы Хамбург хотод европын 5 хэлээр, “Чи ногооноос ногоон бас цэнхэр байсан’ ном нь Сербийн нийслэл Белград хотноо, “Арал-Ада” шүлгийн ном нь Итали улсад гурван хэлнээ тус тус хэвлэгдэн гарсан.

Осман Озтурк нь Туркийн харуул хамгаалалтын салбарын тэргүүлэх байр суурьтай,  туршлагатай хүний нэг агаад сургуулийг аюулгүй орчноор хангах төсөл хөтөлбөрийг санаачлагч, бизнесмен, яруу найрагч, зохиолч хүн билээ. Тэрээр уран зохиолд дуртай монголчуудад зориулан гаргасан “Итгэл” номдоо өөрийн бодол санаа, мэдрэмжээ тусгаснаа дараах байдлаар тайлбарлажээ. “Яруу найраг бол хүн төрөлхтний хэл юм. Хэл яриа, арьс өнгө, итгэл үнэмшил, бодол санаа, амьдрах газар нутаг хэдий өөр ч бидний мэлмий, мэдрэмж солонгын долоон өнгийг нэг ижил янзаар харж, сэтгэл зүрхийг адилхан эзэмддэг билээ. Хүн төрөлхтөн бид асар олуулаа ч хязгааргүй сансар огторгуйн дунд эргэлдэх нэгэн гариг дээр нэг цаг дор хамт амьдарч байна. Тиймээс бид нэг л тэнгэрийн доорх, нэг л газрын хүүхдүүд. Энэ үнэнээс бид зугтах аргагүй. Эв хамтаар амьдрах соёлыг өргөжүүлэн баяжуулснаар, амар тайван, аюулгүй байдлыг дэлгэрүүлснээр, дэлхийн иргэншлийг тогтоосноор бид зорилгодоо хүрэх билээ. Яруу найраг биднийг нэгтгэж, хайр, хүндлэлийг түгээхийн зэрэгцээ хүнлэг энэрэнгүй, аз жаргалтай амьдрахад тусална.

Биднийг найз нөхөд, ахан дүүс, гэр бүл болгодог тив, газрууд гэж бий. Энэ нь яг л үндэснээсээ навч хүртэл түгэн дэлгэрэх мод шиг, эхээсээ ундарч эргээ халин урсах голын салаа мэт. Нийгэм бүхэн өөрийн газарт үндсээ шигтгэж, зүг бүрдээ сунан тэлж байдаг. Бид удам судар, гарал үүсэл, омог бүлгээрээ нэгдэн энэ дэлхий ертөнцийг эх орноо болгодог.

Бид орчлонд улаан буудайн түрүү шиг цэцэглэж, Анатолид Наурызын өглөөг угтсан.

Ай, сайхан Монгол орон, өвөг дээдсийн минь амьдарч асан газар нутаг!

Бидний дурсамжид гал цогтой ардын дуу, хязгааргүй тал нутгийн морин туурайн төвөргөөн хадгалагддаг.

Энэхүү номыг бичих үед надад мэдрэгдсэн дотоод дуу хоолой, эрч хүч энэ билээ.

Шүлгийн түүвэрт маань багтсан шүлэг, мэдрэмжүүд Монголтой дахин уулзаж, түүхт Орхоны хөндий, Отукенд уншигдах болно. Хайрын шүлгүүд ах дүүсийн ертөнцөд уянгална.

“Итгэл” нэртэй тив хооронд аялах яруу найргийн ном минь уншигчдын зүрх, сэтгэлд хүрнэ гэдэгт найдаж байна.”

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч С.Оюун “Итгэл” номд:

“Тэнгис далайг сонсож, зүрх сэтгэлийг чагнана.

Туркийн нэрт яруу найрагч Осман Озтуркийн яруу найраг залуу орчуулагч Л. Гэрэлмаагийн орчуулгаар уншигчдад хүрч байна. Тэр төрөлх нутаг Турк орноо магтан дуулдаг найрагч юм. Ганцаардсан сэтгэл нь тэнгисийн дундах арал шиг, эсвэл зүрхээ чагнахад цахлайн хашхираан сонсогддог найрагч ажээ. Бид уулсаа, хөх тэнгэрээ бичдэг шиг тэрбээр далай тэнгис, цахлай шувуу, сэтгэл зүрхнийхээ аялгууг бичдэг. Осман Озтурк таны шүлгүүд Монголын уншигчдын сэтгэл зүрхийг догдлуулах болтугай!” хэмээн бичжээ.

 ИТГЭЛ

Итгэлээ бүү алдаарай 

Ирмүүн, бахтай өд, сөдөө бүү сэгсэрч хаяарай

Ургаж буй нялх мөчрөө битгий хугал, хүүхдүүд минь

Уяхан замбуутивд амьдрах маш олон хавар, зун та нарт бий

 

Цэцэгсийг бүү тасал, бүү тасал хүүхдүүд минь

Цаг нь ирэхэд тэд ургаад цоморлогоо нээнэ

Итгэлээ бүү эвд, бүү эвд, хүүхдүүд минь

 

Ургах, шингэх алин бай нарыг л чиглэн дэлбээлэх наран цэцгийг хар

Улаан буудайн түрүүг ус дутагдсанаас хатна гэж бүү бод

Итгэлээ бүү эвд, бүү эвд, хүүхдүүд минь

 

Наран зүгт алх

Гал тийш зорь

Итгэл өөд тэмүүл

Хэзээ ч битгий эргэж буц, хүүхдүүд минь

 

Тэнгэр харанхуйлж,

Газар цуурч,

Уулс улайрах галд автсан ч

Бүү ай, урагш алхсаар бай, хүүхдүүд минь

 

Амьдралын өнгө хар, цагаанаар тогтохгүй

Асар олон өнгө ялгаран байдаг юм

Хамгийн аугаа хүч бол бидний итгэл

Хамгийн гайхалтай хүч бол бидний мөрөөдөл юм шүү хүүхдүүд минь

 

Тариан түрүү бөхийхөөс өмнө

Бороон дусал газарт буухаас өмнө

Алгаа дэлгэн дуслыг нь цуглуул

Итгэлээ бүү эвд, хүүхдүүд минь

 

Оюун бодлоосоо итгэл үгүйг үлдэн хөө

Огт боломжгүй гэгчийг сэтгэлээсээ авч хая

Хичээх л юм бол ганц хуурай мөчрөөр гал асааж чи чадна

Итгэлээ бүү эвд, бүү эвд, хүүхдүүд минь

 

Тэд биднийг харанхуйд хорьж чадахгүй

Тэд ивээлт нарыг сөнөөж чадахгүй

Ганц бүрэнхий бүхнийг өөрчилж болох ч

Гарцаагүй нар мандах л болно, хүүхдүүд минь

 

Тэнгэрт алтан гадас гялалзан байвч

Тэнд удалгүй аянга цахилж ч болно

Шуурга биднийг гудчин чирч чадах ч

Чидун жимсний ганц мөчир, усан үзмийн ганцхан ороонго

Далайд найгалзан ус тайвшрах нь гарцаагүй

 

Чидун жимсний мод тэртээх ирээдүй рүү ургаж чадна

Чинар мод үндсээ аалзны шүлсээр цөөнгүй жил торлосон

Тэвчээртэйгээр итгэлээ тэтгэн ургуул

Тэгээд түүнийгээ маргаашид хүргэ

Нэг л өдөр бүх зүйл өөрчлөгдөж магад

Нэг л өдөр дэлхий ч бас өөрчлөгдөж болно

 

Өглөөний салхи илбэчихээд үүрд одно гэж бүү бодоорой

Өгч, авдаг хорвоод хүн бүр тарьснаа хураадаг юм

Ахиад нэг үзээд алдах маргааш гэж өдөр бий

Алдсан газраас чинь амьдрал дахин эхэлдгийг сана

Итгэлээ бүү алдаарай, бүү алдаарай, хүүхдүүд минь

 

Цаасан шувуу нисэж буйгаа мэддэггүй

Далай догшин давлагаа болон хувирч чаддагийг бүү март

Амьдралд түг түмэн асуудлууд байдгийг

Битгий мартаарай, битгий мартаарай, хүүхдүүд минь

Итгэлээ бүү алдаарай, бүү алдаарай, хүүхдүүд минь

 

АЙ, САЙХАН МОНГОЛ ОРОН

Нумаа би эцэст нь тултал эгшээгээд

Нүд алдам хээр талын хаяа уруу сумаа би тавилаа

Бай минь тэнгэр газар нь нийлсэн

Гал улаан үүлсийн орон байлаа

 

Сум минь туссан бут сөөгтэй зэлүүд талыг би нутаг минь, эх орон гэнэ

Наран хөх тэнгэрийн өнгөтэй нь сүлэлдэн уулсын цаанаас мандан, жаргах 

Энэ л эзгүй хээр талыг эх орон минь гэж би мэднэ

 

Мориныхоо жолоог бахархалтайгаар атгах монгол хүмүүн шиг

Хязгааргүй уудам хээр талын гүнрүү эрэмгийлэн давхихад минь

Унаж яваа агтны минь туурайгаас оч маналцан үсэрнэ

 

Аянгын гэрэл цээжин дээр нь цахилахад

Харанхуй шөнийн салхиар алгадуулсан

Хөрсөн дээр чинь хоноглох гэрээ би барина

Нүүдэлчний эсгий гэр, энэ бол миний мэдэх орон гэр минь, эх орон минь билээ

 

Алтайн өндөр уулс зүрхэн дээр минь гал улаан үнсээр хур буулгана

Хээрийн зэврүүн салхи эзгүй цөлийн хүйтнийг эрчилж, би дагжин чичирнэ

Чоно улих  нь уулсын их ганцаардалд цуурайтуулна

 

Үндэсгүй мод үгүйн адил угсаагүй улс гэж үгүй

Угсаа өөр байсан ч хэн биднээс хэрхэн асууж зүрхлэх билээ

Эх нутгаасаа салаалан ургасан мөчир мэт

Алс холын нутаг уруу цөлөгдсөн хүүхдүүд билээ бид

 

Бид эрин цагийн нэвтэршгүй тэр л газарт сэтгэлийн бас эх орны майхнаа босгосон

Бид баганаас бэхлэлтрүү тараагдсан шигээ харьяа газрууд тийш давхисан

Бид жихүүн салхи, хөрст газар, хүйтэн жаврыг цээжээрээ хаасан

 

Хүчирхэг удирдагч дайчин Чингис хаан

Хар мориндоо ташуур өгөн

Ази, Европыг дамнаж, олон үндэстнийг хөөн зайлуулсан

 

Ай сайхан Монгол минь ээ, сайхан өвөг дээдсийн минь сайхан нутаг минь ээ

Нутгийн тэргүүн уул мэт тэнгэрт тэмүүлж

Үүлст хүрэн байдаг

 

Орхоны бичээсийг энгийн нэг дурсгалын хөшөө мэт бүү авч хая

Туркийн зан заншил энэ бичээсэн дээр арилшгүй үсгээр сийлэгдсэн

Өгүүлбэр бүрт Түрэг, язгууртнуудтайгаа газар нутагтайгаа, Отугентайгаа шингэсэн

Сонороо нээ, үүнийг сонс

Одот шөнийг дагаж, өвөг дээдсийн морин туурай сонсогдоно

Нар гарахад тэнгэр хүрэн улаан өнгөөр хувирна

Ус нь хавраас амилж, үр хүүхэд нь өвөг дээдсээсээ дэлхийд ирдэг

Хөлдсөн нуурын эрэг дээр ганцаардал үзэгдэхэд

Зэрлэг адуу, нуурын шувуу, ганцаардлын мэдрэмж хүслийг дагна

 

Хүйтэн шөнөөр чамайг өлгийдөж, зэлүүд газрын зам дээр хүлээдэг

Сүүн зам, тэргэл сар, оддын мөр тэргүүн дээр минь анивчдаг

Ай өвөг дээдсийн минь нутаг Монгол 

Хөх цэнхэр уулсын үзэсгэлэнт орон

АЙ, САЙХАН МОНГОЛ ОРОН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.