ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 22-НД ЭХЭЛНЭ


Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг иргэдэд түрээслүүлэхээр НОСК-д шилжүүлээд байгаа. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар 972 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэх тухай журмын төсөлд орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулсан аж.

Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар: Хөгжлийн банкны зээлээр барьсан “Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцыг нийслэлд шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкан дээр гэрээ хэлэлцээрийн асуудал хийгдэж байна. Хотын зүгээс түрээсийн орон сууцын хүүг бууруулах, төлөх хугацааны асуудлыг ярилцаж байна. Эхний өгсөн саналаар бид таван жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй байхаар өгсөн. Хүү буурсан тохиолдолд Түрээсийн орон сууцанд орох иргэдийн төлөх мөнгөн дүн  буурах боломжтой. Мөн түрээсийн орон сууцанд хамрагдах шинэ журмыг баталсан. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг Засгийн газар гаргасантай холбоотой шинэ журам батлах шаардлагатай болж байгаа юм. Улаанбаатар хотод түрээсийн орон сууцыг өмчлүүлэх талаар шинэ дүрэм батлах шаардлагатай гэж үзсэн. Бидний зүгээс агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа.

Иймд шинэ батлах журамд Улаанбаатар хотын харьяат иргэн байх, гэр хороололд амьдарч байгаа иргэд рүү чиглэсэн, нийгмийн даатгал төлсөн залуу гэр бүлүүд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд  байх гэсэн гол заалтыг тусгаж байна. Энэ журмыг  Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-д өргөн бариад байна. Зөвлөлийн хурлаар олон нийтээс санал асуулга авах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ бидний оруулсан энэ журам сонгон шалгаруулалт хэлбэрээр явуулахад бүрэн боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.

“Буянт-Ухаа-2” 972 айлын орон сууцыг улсын комисс одоогоор хүлээж аваагүй байгааг энэ үеэр онцолсон юм. Мөн хөгжлийн банктай хийх хэлцлийн ажил дуусаагүй учраас түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг долдугаар сарын 22-ноос цахимаар бүртгэж эхлэх юм байна.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.