ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ”-НЫ ЖУРАМ БАТЛАГДААГҮЙ БАЙНА


Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөр юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууц”-ыг өмчлүүлэх шинэ журмыг баталсан. Ингэхдээ Төрийн орон сууцны корпорацын захиалгаар нийтдээ 110 тэрбум төгрөгөөр 1,542 айлын орон сууцыг  барьж ашиглалтад оруулж байгаа. Үүнээс 972 айлын орон сууц нь Улаанбаатар хотод,  570 нь Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад баригдсан.

Нийслэл хотод баригдсан Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутагт байрлах “Буянт-Ухаа-II” хорооллын 972 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болж зөвхөн эзнээ хүлээж байгаа юм. Тэрчлэн тус орон сууцанд наадмаас өмнө иргэдийг оруулна гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн.

Гэтэл өнөөдөр орон сууцыг хэрхэн яаж, ямар журмаар иргэдэд түрээслэх нь тодорхойгүй байна. Уг хотхоныг ТОСК-аас НОСК-д шилжүүлэх Засгийн Газрын шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл НОСК-д шилжээгүй гэгдэж, иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн хэвээр байгаа.

Энэ талаар НОСК-аас тодруулахаар очсон боловч нэрээс хэлэхээс татгалзсан, холбогдох ажилтан нь “манайд шилжиж ирээгүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй, хэзээ шилжиж ирэх талаар мэдээлэл ирээгүй байна. Хэрэв шилжээд ирчихвэл зургадугаар сарын сүүл, долоон сарын эхээр ИТХ-аар журмаа батална” гэх хариултыг өглөө.

Түүнчлэн “Түрээсийн орон сууц”-ны сургаар НОСК-ыг зорих иргэд нэлээдгүй байлаа. Тэдэнд мөн адил орон сууцны  журам батлагдаагүй тул мэдээлэл өгөх боломжгүй. Журам батлагдсаны дараа цахим бүртгэлээр бүртгүүлэх боломжтой гэх тайлбарыг өгч байсан юм.

Иргэн Б.Хишигдэлгэр: /зураг авахуулахаас татгалзсан/ “Түрээсийн орон сууц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа нь маш сайн байна.. Би өөрөө төрийн албанд ажилладаг хүн. Эндээс тодруулга мэдээлэл авахаар ирсэн. Гэтэл журам батлагдаагүй гээд ямар ч мэдээлэл авч чадсангүй. Энэ орон сууцанд хамрагдаад өмчлөх боломжтой болчихвол амьжиргааны төвшин дээшилнэ, утаа багасна. Энэ хөтөлбөрөө сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.  Наанадаж бид байрны урьдчилгаанд өгөх мөнгөтэй байвал өөр орон сууц түрээслээд хуримтлуулж чадахгүй байгаа мөнгөө хэрэгтэй зүйлдээ зарцуулчихна шүү дээ. Журмаа батлахдаа гэр хорооллын иргэд рүү чиглэсэн  аль болох боломжтой нөхцөлтэйгөөр батлаасай гэж бодож байна. Дээр нь төрийн албанд ажилладаг иргэдээ түлхүү хамруулбал зүгээр байна” гэсэн юм.

Иргэн Г.Намсрай: /зураг авахуулахаас татгалзсан/ “Засгийн Газраас түрээсийн орон сууцыг өмчлөх журмыг баталсан. Иймд түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахаар ирсэн. Гэхдээ бүртгэх болоогүй юм шиг байна. Бүртгэл эхлэхээр мэдээллийн хэрэгслээр тодорхой мэдээлэл өгнө гэж байна. Түрээсийн орон сууцанд аль болох олон хүнийг хамруулж, гэр хорооллыг багасгах хэрэгтэй. Залуучуудад дэмжлэгтэй зүгээр хөтөлбөр гэж бодож байна” гэж хэмээлээ.

Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг хэрэгжүүлэхдээ хоёр шаардлагыг  хангасан байх ёстой хэмээн өмнө нь БХБ-ын сайд Х.Баделхан танилцуулж байсан юм. Тэрбээр хэлэхдээ “Тухайн орон сууцыг өмчлөх хүсэлт гаргаж байгаа бол, байрныхаа үнийн дүнгийн гучин хувийг төлөөд үүний дараа ипотекийн зээлд хамрагдах журмаар тухайн байрыг өмчилж авч болно. Хоёрдугаарт төлбөрийн боломжтой хүмүүс таван жилийн хугацаанд байраа түрээслээд байраа өмчлөх боломжтойУлаанбаатар хотын захиргаа, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн захиргаа эдгээр байрнуудыг түрээсээр олгоод, цаашдаа өмчлүүлнэ. Нийслэлийн хувьд орон сууцны асуудлыг хотын захирагч мэднэ. Өмнөх түрээсийн журам үйлчлэхгүй. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар таван жилийн хугацаанд өр төлөх гэрээг иргэдтэй байгуулаад өөрсдийн журмаар явна” гэсэн  юм.

Тиймээс нийслэлд түрээслэх орон сууцнууд Нийслэлийн дарга нарын ажлын хурднаас шалтгаалж, журам нь батлагдаж, хугацаа нь тодорхой болж, айлуудаа оруулах нь ээ.

Б.Бадралмаа

АРДЧИЛАЛ.МН

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.