ИРГЭД: УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ӨӨРИЙН ЖОЛООЧ БАЙСАН ХҮНД УГАЛЗ АГНАХ ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР ӨГСӨН


Увс аймгийн Сагил, Бөхмөрөн сумын иргэд ТББ-ууд нэгдэн аргаль, угалз их хэмжээгээр үхэж байгаа талаар өнөөдөр /2019.06.17/ мэдээлэл хийлээ.

Энэ жил гэхэд тус сумдын нутгаар тархан суурьшсан 60-70 аргаль үхэж, үрэгджээ. Аргаль, угалз ингэж их хэмжээгээр үхэж байгаа нь сум орон нутгаас явуулж байгаа бодлоготой шууд холбоотой хэмээн нутгийн иргэд тайлбарлалаа.

Энэ талаар “Гулзатын санаачилга” ТББ-ын тэргүүн Даваасамбуу: Увс аймгаас 28 хүний төлөөлөл Хууль зүйн сайд, Байгаль орчны сайд, Увс аймгаас сонгогдсон УИХ гишүүн Б.Чойжилсүрэн нарт шаардлага хүргүүлэхээр ирлээ. Байгаль орчноо хамгаалахаар бид Увс аймагт жагсаал зохион байгуулсан хэдий ч Аймгийн Засаг дарга бидний шаардлагыг хүлээж авсангүй.

Иймд Улаанбаатар хотод ирж, холбогдох албан тушаалтнуудад хандаж байна. 2016 онд Увс аймгийн Засаг даргаар сонгогдсон Д.Батсайхан нь өөрийн жолоочоор найман жил ажиллаж байсан иргэнд угалз агнах эрхийг хууль бусаар өгч, бидний 10 жил эрхэлсэн ангийн менежментийг булаан авсан. Хууль бусаар өгсөн гэдгийг нь гурван шатны шүүх тогтоосон. Ингэж хууль бусаар эрхийг олгосноор сүүлийн гурван жилийн хугацаанд аргаль, угалз 60-80 тоогоор хорогдох боллоо.

Гэтэл Улсын Дээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө Засаг дарга маань хууль бус шийдвэрээ цуцалсан захирамж гаргаад шүүхийн маргааныг зогсоодог. Зогсмогц нь дахин нөгөө хууль бус шийдвэрээ гаргаж хугацаа хожин, доромжилж байна” гэлээ.

“Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Хүрэлбаатар: Манай байгууллага 12  нөхөрлөлтэй 570 гишүүнтэй, 150 өрхтэй 12 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулсан. Гэтэл 2016 онд З.Барсүрэн гэдэг хүнийг манай байгууллагын тэргүүнээр тавь гэсэн албан бичгийг аймгийн орлогч дарга ирүүлсэн.  Харин манай дотоод дүрэмд удирдлагаа шууд солих боломж байдаггүй. Үүнийг нь зөвшөөрөөгүйн төлөө манай байгууллагын үйл ажиллагааг цуцалж, З.Барсүрэнд холбоо байгуулан өгсөн. Бид хууль дүрмийн дагуу ан агнах зөвшөөрлөө авч орсон орлогынхоо 50 хувийг байгаль хамгаалах, аргаль, угалзанд өвс тэжээл бэлтгэж өгөхөд зориулдаг байсан. Гэтэл энэ эрхийг нь өөр хүнд олгосноор  байгаль орчинд нөхөн сэргээлт хийхгүй, аргаль угалз их хэмжээгээр үхсэн. Энэ үхсэн амьтдын толгойг ачиж авчраад байна.

Манай байгууллага 2008 оноос эхлэн улсаас ямар ч цалин хөлс авахгүйгээр байгаль хамгаалах, хулгайн анчдад хяналт тавих сэргийлэх ажлыг тасралтгүй хийсээр ирсэн. Бид жилд 2-4 угалзыг хууль журмынх нь дагуу агнуулсны эцэст тоо толгойг арайхийн 1000 хүргэж, 1000 угалзны баяр хүртэл хийж байсан. Гэтэл эд бидний хийж байгаа ажлыг дур мэдэн булаан авч, аргаль угалзны тоо эрс багаслаа. Иймд бид тэмцлээ илэрхийлж талбай дээр жагсаал зохион байгуулна” гэлээ.

Б.Бадралмаа

Ардчилал.мн 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.