ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ЦАРЦААХ ТЭМБҮҮТЭЙ ТЭМЦЭХ АЯН


Тэмбүүтэй, сүрьеэтэй, шүлхийтэйгээ зарласан Монголд жуулчид ирэх үү?.  Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл  монголчууд тэмбүүндээ баригдаад байгаа тухай зарласнаас болж Монголын аялал жуулчлалын салбарт орж ирэх мөнгө царцаж, алдагдалд орж магадгүй байна. Учир нь, энэ талаар гадаадын хэвлэлүүдээр анхааруулга мэдээлэл нийтлэгдээд гадаад ертөнцөд Монгол Улс элэг доог болж байна.

Аялал жуулчлалын улирал ид эхэлж оператор компаниуд жуулчдаа татдаг оргил цагаар тэмбүү өвчний эсрэг “Улаан тариа-2” аян эхлүүлснээ зарласан нь дипломатуудын үйлдсэн хар тамхины хэргээс дутахааргүй дэлхийн чихийг дэлдийлгэж байна.

Олгой хагаравч тогоон дотроо гэж үг бий. Гэвч Монголд өнөөдөр энэ зарчим  алдагдаж, нэгийг хийх гээд нөгөөгөө хорлодог болсон. Цаад үр дагаврыг ер тооцдоггүй. Ойворгон шийдвэрүүд нь эцсийн дүндээ хувийн хэвшлээ чирдэг тэрхүү алдаа энэ жил аялал жуулчлалын салбарыг онилох боллоо. Үнэхээр харамсалтай.

Уг нь үе, үеийн Засгийн газар 2020 онд нэг сая жуулчин хүлээн авдаг болохын тулд чамгүй зүйл хийсэн. Олон улсын нислэгийн тоогоо нэмэгдүүлж, авиакомпаниудыг шинээр оруулж ирснээс эхлээд үзэж харах эвентүүдийнхээ тоог олшруулахаар аймгуудаа бүсчилж, Хэнтий зэрэг зүүн аймагт түүхийн аялал жуулчлал, Хөвсгөл зэрэг аймагт байгалийн аялал жуулчлал, төвийн бүсдээ иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэхээр болж, бодлогоо тодорхойлон ажлаа эхлүүлсэн. Түүний хүчинд өнгөрсөн жил аялал жуулчлалын салбарын орлого 569 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгт хүрчээ. Бусад улс орнуудтай харьцуулахад бага ч Монголдоо бол чамлахааргүй орлого.  Ирэх жилд нэг сая жуулчин хүлээн авснаар аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэнэ гэж тооцоолж байв. Гэвч “Тэмбүү-2” аян энэ зорилтод хүрэхэд амаргүй болголоо. Учир нь хүн төрөлхтний түүхэнд устчихаад байсан эл өвчин Монголын гамшиг болж байхад тийм орон руу аялал хийхээр хуримтлуулснаа үрдэг жуулчин гэж байхгүй. Ямар ч сайхан үзмэр, онгон дагшин байгаль санал болголоо ч зүглэхгүй. Яагаад гэвэл аль ч улсын жуулчдын нэн тэргүүнд тавьдаг шаардлага нь аюулгүй байдал юм.

Монголд энэ дархлаа алга. Өсвөр үе нь сүрьеэ өвчнөөр халдварласан, өвчилсөн. Залуу үе нь тэмбүүтэй. Хөдөөгийн иргэд нь тарваганы эд эрхтнийг түүхийгээр нь идэж, өөрсдийгөө төдийгүй бусдыг эрсдэлд оруулдаг. Хүнснийх нь гол хэрэгцээ болсон малд нь гоц халдварт шүлхий өвчин дэгддэг.

Улсынх нь төв нийслэл Улаанбаатарын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухад л төв цэвэрлэх байгууламжийнх нь өмхий үнэр хамар сэтлэх шахам тасхийнэ. Сүрьеэ өвчинтэй байтлаа нус цэрээ гудамжаар нэг нийнэ.  Ийм л нэг зэрлэг болхи улсад хэн тоож ирэх вэ дээ.

Мөнгөтэй баян нь байтугай үүргэвч үүрсэн ядуу нь ч тоож ирэхгүй.

Уг нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадвал дэд бүтэц нь бий болсон. Эдүгээ улсын хэмжээнд энэ салбарт 270 орчим тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 34 мянга орчим ажлын байр бий болгожээ.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулах салбар юм. Тэр дундаа хоёр том хөршийн дунд орших Монгол Улсад жуулчдыг татах бүрэн боломж бий. Газар зүйн байршил нь нэг саяар тогтохгүй жуулчин татах боломж бийг харуулдаг. Учир нь Өмнөд хөршийн Өвөр Монголын Ордос хот жилдээ гурван сая жуулчин хүлээн авч байна. Зөвхөн нэг хошуу нь Хятадаас жилдээ нэг сая жуулчин хүлээн авч байна гэдэг нь хил залгаа Монгол Улсад Хятадаас дор хаяж 500 мянган жуулчин татах боломжтойг харуулсан үзүүлэлт юм.

Мөн НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан статистик мэдээллээр 2017 онд олон улсад 1,3 тэрбум жуулчин аялж,  1,4 их наяд ам.долларыг зарцуулсан бөгөөд үүнээс 323 сая жуулчин Ази, номхон далайн орнуудад аялж, 390 орчим тэрбум ам.долларыг зарцуулжээ. Цаашид 2030 он гэхэд олон улсын аялагчдын тоо 1,8 тэрбумд хүрэх төлөвтэй байна.  Үүнээс хамгийн өндөр өсөлтийг Ази, Номхон далайн орнуудыг зорих жуулчдын тоо эзлэх төлөвтэй байгаа юм.

Харин Монгол Улс өнөө жилээс энэ боломжоо алдлаа. Нэг тэрбум ам.доллар орж ирэх урсгалаа хаалаа.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.