Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГИЙГ ИЛ БОЛГОНО ГЭВ


ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр хорих ангийн  хорихын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай  УИХ-аас байгуулсан Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр/2019.05.31/ очиж танилцлаа.

Энэ үеэр   С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон, ял эдлэгдэж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эргэж, уулзсан байна. Тэд хорих ангийн нөхцөл байдал болон  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын биеийн байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан: "Т.Чимгээгийн биеийн байдал тааруу. Олон сар шулуун гэдэснээс нь цус алдаж байгаа гэнэ. Хүний хүүхдийг авчирч хорьчхоод аминд нь хүрвэл хүлээж авахгүй шүү гэдгийг хорих ангийн эмч, дарга нарт хатуухан хэллээ. Мөн эрүүл мэндийн нарийн шинжилгээнд оруулах саналаа ч хэллээ. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд арга хэмжээ авч ажиллана гэдгээ хорих ангийн дарга хэлж байна.

Б.Содномдаржаагийн биеийн байдал ч мөн тааруу, тамирдсан, цөхөрсөн байна. Гэм зэмгүй хүнийг авчирч цагдан хорьж болохгүй биз дээ. Энэ залуусын хилсээр хоригдож байгаа гэдгийг түр хороо олон баримтаар тогтоож байна. Түр хорооны долоон гишүүн холбогдох бүх хүмүүстэй уулзаж байна. Тэд бол хэлмэгдсэн хүмүүс, бид суллуулахын төлөө ажиллаж байна. Энэ ажилд саад учруулж байгаа шүүгч нар байна. Бид үүний төлөө тэмцэнэ” гэлээ.

УИХ гишүүн Л.Болд: “Маргааш эх, үрсийн баярын өдөр болох гэж байна. Т.Чимгээгийн хувьд гурван хүүхэдтэй байсан. Хоригдож байх үед нэг охиноо алдсан. Б.Содномдаржаа найман хүүхдийн эцэг. Түр хороо болон манай намын зүгээс хэлс хэргээр хоригдож байгаа хоёр иргэнийг чөлөөлж авах хөдөлгөөн өрнүүлж байна.

Т.Чимгээг 400 хоног хоригдохдоо 100-аад хоногийг нь богино өмдтэй, дотуур хувцсаа ч угаах боломжгүй нөхцөлд хорьсон  гэдгийг сая өөрөө нотолж байна. Хүүхдийнх нь оршуулган очуулна гэж хэлчхээд, яг тэр өдөр нь байцаалт авсан. Хэргийг нь хүлээлгэх гэж архи уулгаж, согтоод унасаны дараа хэдэн талаас нь бичлэг хийсэн гэдгийг ч мөн уйлаад хэлж байна. 

Өмнө жил бид нотолгоо байхгүй учраас шийдвэрлэж чадаагүй. Энэ жил бид бичлэгийг өөрсдөө үзсэн. Энэ бичлэгийн боломжтой хэсгийг олон нийтэд гаргахыг хоёр хүн хоёулаа зөвшөөрлөө. Энэ бичлэгийг ил болгохын саналыг түр хороонд хүргүүлнэ” гэв.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.