ХҮНСНИЙ НОГОО ЗӨГИЙН ЛАВААР ХИЙСЭН ЭКО ХАРАНДААГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА


Эх үрсийн баяраар хүүхдэдээ ямар бэлэг сонгохоо мэдэхгүй байгаа эцэг эхчүүдэд зориулан энэ удаагийн “Содон зочин” буланийн шинэ дугаараа бэлтгэлээ. “Сарана Гүүдс” компани нь зөгийн аж ахуйд тулгуурласан байгалийн гаралтай, хүнсний болон гэр ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Тус компани хүүхдийн баярт зориулан шинэхэн бүтээгдэхүүнээ танилцуулаад байгаа юм. Шинэ бүтээгдэхүүн хийгээд компанийн үйл ажиллагааны талаар “Сарана Гүүдс” компанийг үүсгэн байгуулагч Л.Наранзултай цөөн хором ярилцлаа.

БИЗНЕСИЙН НЭР: “САРАНА ГҮҮДС”

ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ОН: 2017 ОН

БАЙРШИЛ: УЛААНБААТАР ХОТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

СОШИАЛ ХУУДАС: SARANA GOODS

Ярилцах цаг зав гаргасан танд баярлалаа

-Баярлалаа. Уншигчдад өдрийн мэнд хүргэе.

Компани байгуулах санааг хэрхэн гаргасан бэ?

"Сарана Гүүдс" компани 2017 оны дөрвөн сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай компани байгалийн гаралтай түүхий эдээр хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Манай компанийг үүсгэн байгуулагчид ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Агаарын бохирдол, орчны бохирдолтой энэ нийгэмд хоол хүнсний эрүүл ахуйн байдал маш чухал хэмээн үзсэн.

Монгол оронд байгалийн гаралтай маш олон түүхий эд байдаг. Гэтэл манайд импортоор энэ бүтээгдэхүүнүүд орж ирсээр л байгаа. Иймд бид ХАА-ын чиглэлээр манай улсад ямар бүтээгдэхүүн хамгийн их импортоор орж ирж байна, үүнийг Монголд үйлдвэрлэх боломж байна уу, яагаад хэрэглэж чадахгүй байна гээд судалгаа хийж эхэлсэн. Үүнээс манай оронд хамгийн боломжтой нь зөгийн аж ахуй байсан. Өөрөөр хэлбэл манай улс маш сайхан балт ургамлуудтай хэдий ч улсынхаа хэрэгцээг хангаж чадахаар хэмжээний үйлдвэрлэж чадахгүй байгаа нь ажиглагдсан. Иймд зөгийн аж ахуйг хөгжүүлэхээр шийдэж, эхний ээлжид зөгийн балыг төрөл бүрээр савлаж эхэлсэн. Одоогийн байдлаар зөгийн бал болон гар урлалаар хийсэн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаад явж байна.

“Сарана Гүүдс” гэдэг нэрийг компанидаа яагаад өгөх болсон бэ?

Сарана гэдэг нь цэцгийн овогны хамгийн их балтай сайхан цэцгийн нэр. Харин “Сарана Гүүдс” болгосон нь зөвхөн зөгийн балны үйлдвэрлэл эрхлэхгүй, маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргана гэсэн үүднээс групп болгон өргөжүүлсэн.

Хорин нэр төрлийн бүтээгдэхүүн гэхээр ямар бүтээгдэхүүн гаргаж байна вэ?

Зөгийн аж ахуйгаас 11-13 төрлийн түүхий эд гардаг. Зөвхөн нэг нь зөгийн бал юм. Үүнээс гадна зөгийн лав, зөгийн жилий цэцгийн тоосонцрыг ашиглан хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Монгол оронд “Рапс”, “олон цэцэгс”, “бор будаа” гэсэн гурван төрлийн зөгийн бал түгээмэл байдаг. Бор будаа буюу бидний хүнсэндээ хэрэглэдэг гурвалжин будааны цагаан цэцэгний бал, рапс тосны ургамлын бал, монгол оронд ургадаг мангир, морины уруул зэрэг олон цэцэгсээс гарган авсан амин дэм ихтэй зөгийн бал байна.  Манайх эдгээр гурван төрлийн зөгийн балыг  5-460 граммаар савлаад хэрэглэгчдэд хүргэдэг.

 Дараагийн нэрийн бүтээгдэхүүн нь гэр ахуй бүтээгдэхүүн. Зөгийн лаван түрхлэгтэй  царс модон гамбанз гаргасан. Зөгийн лав гэдэг нь зөгийн үүрнээс гаргадаг түүхий эд юм. Бид модны үйлдвэрт ганбанзынхаа загвар, хэмжээг өгөөд бэлэн болсон бүтээгдэхүүнээ зөгийн лав, майлангын үрээр арчаад эко бүтээгдэхүүн болгон гаргадаг. 

Зөгийн балгүйгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг төсөөлөх аргагүй шүү дээ. Сарана косметикийн бүтээгдэхүүнд хоёр төрлийн саван, нохой хошуу болон чацарганатай уруулын вальзам багтаж байна.. Манай хамгийн сүүлд гаргасан бүтээгдэхүүн “Сарана Кидс” буюу хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн байгаа юм. Зөгийн балны лав болон хүнсний ногоо ашиглан өнгөнд оруулсан органик  тосон харандаа гаргасан.

Зөгийн аж ахуй эрхлэдэг гэсэн үг үү? Хэдэн бүл зөгийтэй вэ?

Манай зөгийн аж ахуй Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байрлах зөгийн аж ахуйтай хамтран ажиддадаг. 150 гаран бүл зөгийтэй. 

Бусад зөгийн балны үйлдвэрээс танай компани юугаараа онцлог вэ?

Бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр ажиллахдаа загвар дизайн дээрээ нэлээд анхаарч ажилласан. Хэрэглэгчид үүнийг хараад мэдрэнэ. Гэхдээ зөвхөн сав баглаа боодол гэлтгүй доторх бүтээгдэхүүнээ хүртэл байгалийн гаралтай байлгах үүднээс нэмэлт бүтээгдэхүүн  холиогүй. Мөн бор будааны зөгийн бал нь бор будаагаараа, олон цэцэгс нь олон цэцэгсээрээ гэх мэт хоорондоо ч холилдоогүй. Савалгааны хувьд хэрэглэгчдэд аль болох хялбар сонголттой байхаар үйлдвэрлэсэн. Зөгийн балыг ажил сургуульдаа хаа ч хэрэглээд явахад тохиромжтойгоор шийдсэн. Хамгийн жижиг нь нэг халбаганы хэмжээтэй буюу таван граммтай, бор будааны зөгийн бал байгаа юм. Үүний дараа зөгийн балаа хүмүүс хооронд харьцуулж үзээд томоор авч хэрэглэхэд аль нь илүү тохиромжтой байх вэ гэдэг сонголттой байлгах үүднээс 35 граммаар савласан. Мөн 280, 460 грамм гэсэн савалгаатай байна. Гаднаас ирсэн жуулчид Монголд ирээд ноолууран бүтээгдэхүүнээс өөр үндэсний бүтээгдэхүүн юу байна вэ гээд асуудаг. Бид ч гэсэн Орос ч юм уу гадаадын өөр улс руу яваад тухайн улсын брэнд бүтээгдэхүүнийг илүү сонирохдог шүү дээ. Үүн шиг гаднаас ирсэн зочид төлөөлөгчид манай бүтээгдэхүүнийг маш их сонирхож худалдаж авдаг болсон.

“Сарана гүүдс” компани хүүхдэд зориулсан эко будгийн харандааг хамгийн сүүлд гаргасан гэлээ. Эко хэмээн тодорхойлсны учир?

Манай компанийн хамгийн сүүлд гаргасан бүтээгдэхүүн бол зөгийн лаваар хийсэн тосон  харандаа юм. Бид тосон харандааг хэрэглэж л байснаас биш өөрсдөө үйлдвэрлэдэггүй байсан шүү дээ. Үүнийг хэрхэн хийдэг, түүхий эд нь юу  гэдгийг мэдэхгүй явж байлаа. Гэтэл бидэнд нөөц бололцоо нь байсан байна. Зөгийн лаваар хийсэн харандааны орцод хонины сүүл, хүнсний ногоо орсон. Жишээлбэл хүрэн манжингаар хүрэн өнгийг, бууцайгаар ногоон өнгө, луувангаар улаан өнгө, нүүрсэн эмээр хар өнгө, шоколадаар бор өнгийг гаргасан. Бид эдгээр түүхий эдийг ашиглан гар аргаар үйлдвэрлэлээ явуулдаг. Одоогийн байдлаар нийт зургаан өнгийн харандаа гаргаж байна. Цаашдаа өнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоо бидний хүүхдүүдийн хэрэглэж байгаа өнгийн харандаанууд үйлдвэрийн аргаар гаргаж байгаа учраас тодорхой хэмжээний химийн нэмэлт бүтээгдэхүүн оролцож байгаа гэсэн үг. Манай харандааг хэрэглэхэд тодорхой хэмжээний үртэс гарна,  хоёр өнгө нь тод биш. Энэ нь цэвэр органик бүтээгдэхүүн гаргаж байгаагийн илэрхийлэл болж байгаа. Энэ харандаагаа гаргаад 14 хоног болж байна. Тун удахгүй болох гэж байгаа эх үрсийн баярт зориулан гаргасан. Мөн хүүхдийн баярт зориулан бэлгийн багцийг гаргаад байна Энэхүү бэлгийн багцад даавуун уут, буддаг ном, наадаг зураг, эко өнгийн харандаа багтсан. Бид хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан буддаг номынхоо үлгэрийг “Зөгийн амьдрал” гэсэн сэдвээр өөрсдөө зохиосон.

Tree house - Family Café-н зураг.

 

Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?

Манай компани нийгэм рүү чиглэсэн нийгмийн хариуцлагатай компани байхыг зорьж үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлага гэдгийг төсөвт суулгачхаад  төсөл болгон хэрэгжүүлэх биш нийгэм рүү чиглэсэн бодит үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Иймд манай компанийн үйлдвэрлэгч, ажилчид ихэвчлэн гэртээ сууж байгаа ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд байдаг. Тухайлбал манай косметикийн бүтээгдэхүүнийг гэртээ суудаг ээж хийдэг, номыг маань бас нэгэн эмэгтэй зурж өгдөг, даавуун торыг маань бас оёдлын үйлдвэртэй гурван хүүхэдтэй ээж оёж өгдөг.

-Үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэлтэй тал юу байна вэ?

-Үйлдвэрлэл эрхлэхэд асуудал гарахгүй байна гэж байхгүй. Гэсэн хэдий ч нэрийн бүтээгдэхүүнээ хөгжүүлээд явж байна. Хүмүүс маш сайхан урам өгдөг учраас энэ бүхнийг асуудал болгож харахгүйгээр ажиллахыг хичээж байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлээд явахад хамгийн түрүүнд тулгардаг асуудлын нэг  нь татварын орчин байдаг. Мөн хөрөнгө оруулалт буюу жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого маш дутмаг байна.

Ярилцсанд баярлалаа.

Б.Бадралмаа

АРДЧИЛАЛ.МН

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.