БАНКНЫ ХАДГАЛАМЖААС ӨНДӨР ХҮҮТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ “СОДУН ГРУПП” САНАЛ БОЛГОЖЭЭ


Монголын хамгийн залуухан группийн ерөнхийлөгч, “Содун Групп”-ыг үүсгэн байгуулагч М.Содбилэгийг энэ удаагийн зочноор онцоллоо.  Газар тариалангийн салбараас гарааны бизнесээ амжилттай эхлүүлсэн тэрбээр  богинохон хугацаанд “Органик” хүнс үйлдвэрлэлээрээ хэрэглэгчдийн танил болжээ. Энэ эрчээ алдалгүй өөрийн сонирхдог хэд хэдэн салбарт хүч үзэхээр компаниа групп болгон өргөжүүлсэн байна. Залуу бизнесментэй компаниа хэрхэн байгуулсан хийгээд газар тариалангийн салбарт хийж буй бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Бидэнтэй ярилцах цаг зав гаргасан танд баярлалаа. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Намайг Мөнхбатын Содбилэг гэдэг. Хутганы ир шиг хорин таван настай. (инээв) Маркетер, судлаач мэргэжилтэй. Бас аялагч, мөрөөдөгч хүн байгаа юм. Органик тариалангийн бизнесээ эхлүүлээд 4 жил болох гэж байна. Одоо “Содун Групп”-ын захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байна.

-Компанийнхаа үйл ажиллагааг танилцуулаач?

-Үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цаг хугацаа болон ажилчдынхаа насны дунджаар өнөөдөр манайх хамгийн залуу бизнесийн групп гэж тодорхойлогдоод байгаа. Одоогийн байдлаар манай групп бизнесийн долоон секторт үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгийн анх 2016 онд “Sodun Organics” компаниа Монголд жилийн дөрвөн улиралд гүзээлзгэнэ тариалах, ХАА салбарт инновацийг хэрэгжүүлэхээр байгуулсан. Энэ компани маань дөрвөн аймгийн есөн суманд органик тариалалт эрхэлж байна.

-Чанартай сайн хүнсний ногоо гарган авахад бордоо хамгийн чухал байдаг шүү дээ. Танайх бордоогоо хэрхэн боловсруулдаг вэ?

-Бид бордоогоо өөрөө үйлдвэрлэдэг. ОХУ-аас авч ирсэн зориулалтын чийгийн улаан хорхойгоор Монголын 3-5 жил болсон малын хөх бууцыг идүүлж, үүнээсээ органик бордоо гаргаж авдаг.

Таны бодлоор органик хүнс гэж ямар хүнс вэ?

Органик хүнс гэдэг нь тариалалт хийж байгаа газар нутаг орчин нөхөцлөө эрүүл байлгах, хоёрдугаарт тариалсан жимс маань соорт, хөрс, бордооноосоо хамааран ургамлаа хамгаалсан байх ёстой. Монголчууд найм есөн сард л зөвхөн шинэ хүнсний ногоо хэрэглэдэг байсан. Харин Монголын эрс тэс уур амьсгалтай энэ орчинд  дөрвөн улирлын өглөө бүр шинэ хүнсний ногоо хэрэглэнэ гэдэг бол маш том иноваци болж байгаа юм. Үүнийг бид хөгжүүлэхээр ажиллаж байна.

-Давхар зөгийн аж ахуй эрхэлдэг гэж сонссон юм байна. Хэчнээн бүл зөгийтэй вэ?

Тийм. Дөрвөн улирлын тариалалтаараа дагалдах аж ахуй давхар эрхэлж байна. Одоогоор 10 бүл зөгий байгаа. Зун ажил нь эхлээд, намар зогсчихдог байсан  зөгийнүүд маань ч гэсэн өвөл зунгүй ажиллаж байна гэсэн үг. Манайд одоо 60 мянган зөгий байна. Манай компани 60 мянга гаруй ажилтантай шүү гээд л наргиан хийдэг дээ.

-Одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна?

Энэ дөрөвдүгээр сарын 1-ээс “Sodun Farming-3” төслөө эхлүүлсэн байгаа. Уг төсөл нь бид тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад зах зээлээс хөрөнгө босгох юм. Нийт 180 орчим сая төгрөгийн хөрөнгө босгох төлөвлөгөөтэй эхэлсэн бөгөөд, эхний үеийн санхүүжилтээр 61 сая төгрөгийн санхүүжилт босгож бэлтгэл үйл ажиллагааг хангаж дуусаад байна. Одоо хоёр дахь үеийн санхүүжилт болох 119 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татах ажил амжилттай эхэлсэн. Хэдий тийм их мөнгө биш ч энэ төсөлдөө аль болох олон хүнийг хамруулахыг зорьж байна. Төсөлд хувь хүн тав хүртэлх сая төгрөг, ААН-үүд 10 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой. Төсөл зургаан сарын хугацаанд хэрэгжээд 30 хувийн ашиг хүртэх зарчмаар явна. “Sodun Farming” 1,2 төсөл маань энэ зарчмаар яваад хүмүүс ашгаа хүртсэн.

-Төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-“Sodun Farming” төсөл маань 2017 онд анх хэрэгжиж эхэлсэн. Бид Монголынхоо зуны хүлэмжид Голланд, Герман, Орос, Солонгос улсын шилдэг сортоор 18 төрлийн жимс ногоог тариалах зорилготойгоор энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Sodun Farming-1 төслөөрөө бид гүзээлзгэнийн сортоо сайжруулахаар 71 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч, 105 сая гаруй төгрөгийг буцаан олгож байсан. Харин Sodun Farming-2 буюу гүзээлзгэнийн үндсэн тариалан төслөөрөө нийт 288 сая төгрөгийг хөрөнгө оруулалт авч, 429 сая болгон буцаан олгосон юм.  Одоо хэрэгжүүлж байгаа Sodun Farming-3 төсөл  бол гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лоолийг органик  аргаар тариалж, нэрийн брэндийг үүсгэх төсөл юм. Энэхүү төсөл нь ХУД-ийн Туул тосгон, Түргэний гол, Төв аймгийн Баянчандмань сус, Бор нуур сумдад хэрэгжих юм.

-Гучин хувийн ашигтай хөрөнгө оруулалт гэдэг бол боломжийн санал байна шүү?

Өнөөдөр банкны нэг жилийн хадгаламжийн хүү 13,5 хувь байдаг. Харин бид үүнээс хоёр дахин бага хугацаа буюу 6 сарын хугацаанд хоёр дахин өндөр буюу 30 хувийн хүүг амласан юм. Манайх дандаа залуучууд ажилладаг компани. Бидэнд өнөөдөр оцойж овоосон их ашиг олохоос илүү үйл ажиллагааныхаа хүрээг илүү тэлж, дараагийн шатанд гарах сууриа зөв тавих нь чухал байна. Бид Монгол органик хүнсээ дэлхийд гаргахаар зорьж ажиллаж байна. 2019 оны дөрөвдүгээр улирал 2020 оны нэгдүгээр улиралдаа багтаагаад Азийн гурван орны зах зээлд Монгол органик гүзээлзгэнийг гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бас гуравхан сая хүн амтай Монгол улсдаа эрүүл чанартай хүнс хүргэе гэсэн зорилготой ажиллаж байгаа. Бид бизнесийнхээ гол зарчмыг  чанар, үнэ цэн гэж тодорхойлсон. 

-Үүнийг сонирхож байгаа хүмүүс хэрхэн бүртүүлэх вэ? 

-Манай төсөлд хөрөнгө оруулах гэж байгаа бол Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Бизнес тауэрын 19 давхарт өөрийн биеэр хүрэлцэн ирж гэрээ байгуулах юм. Мөн хөдөө орон нутаг болон, гадаадад амьдарч байгаа хүмүүс цахимаар бүртгүүлэх боломжтой.

- Хөдөө аж ахуйн салбарт ийм шинэ үе гарч ирж байгаад бид маш их баяртай байна. Сүүлийн асуултыг танд үлдээе.

Бид үйл явцынхаа мэдээллийг ил тод нээлттэй байлгана. Танай хамт олонд ч гэсэн баярлалаа. Монголоос залуучууд бид биш, бидний хийсэн бүтээл гардаг тэр цаг үеийн төлөө хамтдаа зүтгэцгээе! Баярлалаа.

 АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.