Ленинградын бүслэлт


Аугаа их Эх орны дайны ялалтын баярыг 5-р сарын 09 өдөр Оросын ард түмэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.  

Энэ өдөр зөвхөн Зөвлөлт Холбоот Улс дайнд ялсны баярын өдөр бус маш олон хүний амь нас эрстэсэн, асар их гарз хохирол, гай зовлон дагуулсан дэлхийн дайн дуусаж, энх тайван цаг эргэн ирсэн баярт өдөр. Дайны хор хөнөөлийг амссан, хохирсон зовсон бүх ард түмний “Баярын өдөр” дэлхий нийтээрээ тэмдэглэдэг тэр дундаа Монголчууд бид ч зохих хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.  

Дайны хүнд жилүүдэд Монголчуудаас өгсөн тусламж, сэтгэл санааны дэмжлэгт талархаж Оросууд монгол морьдын хөшөөг Москва хотод байгуулсаныг бид мэднэ.

Оросын олон хотуудад ялалтын баяраар цэргийн парад, үхэшгүй мөнхийн хороо нэртэй дурсгалын жагсаал болж, гадаа гудамжанд концерт тоглодог, дайнд амь үрэгдэгсдийгээ хүндэтгэн дурсаж тэдний хөшөө дурсгалд цэцэг өргөх гээд олон арга хэмжээ зохион байгуулж  өндөр дээд хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

 

Орчин үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн бүслэлтэнд байж, өлсөглөн зовлон, үхэл хагцал гээд олон хүнд бэрхийг даван туулж төрлөх хотоо баатарлагаар хамгаалсан аугаа түүхтэй хот бол Ленинград (одоогийн Санкт-Петербург) юм.  Орос орны соёлын шинжлэх ухааны нүүр царай болсон тансаг сайхан хотод Санкт-Петербург хот зүй ёсоор тооцогддог.

Тэр сайхан хотод сурч амьдарч байсны хувьд Санкт-Петербурги хот Оросын бусад хотуудаас өөр гэдгийг мэдэхийн хувьд энэ баярын өдөр миний хувьд энгийн биш өдөр.

 

Дэлхийн 2-р дайны үед фашист Германууд Ленинград хотыг эзлэн авах нь стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байсан. Германы цэргүүд 1941 оны 7 сарын 10-нд Ленинград хотыг эзлэн авах дайралтаа эхлүүлсэн. Дайны фронтын шугам таслагдсан тэр цаг үед 1941 оны 9-р сарын 9-нөөс 1944 оны 1-р сарын 27 хүртэл 872 хоногийн турш  Ленинград хот бүслэлтэнд байсан бөгөөд түүхэнд Ленинградын бүслэлт гэдэг нэрээр мөнхрөн үлджээ.

Бүхэл бүтэн 872 хоног бүслэлтэд байсан энэ хотын амиа алдсан 1,5 сая иргэний ердөө гурван хувь нь л их бууны буудлага, бөмбөгдөлтийн үед амь алдсан бол үлдсэн 97 хувь нь өлсгөлөн, өвчнөөр өөд болсон гэдэг.  Тиймдээ ч энэхүү бүслэлт орчин үеийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, хамгийн их эвдрэл сүйрэл авчирсан, харгис хэрцгий бүслэлтийн тоонд ордог юм.

 

Гитлерийн төлөвлөгөөний дагуу хотыг газрын хөрснөөс арчих ёстой байлаа. Харин Ленинград хотод байсан зөвлөлтийн цэргүүд, хотын оршин суугчид Германчуудын довтолгоонд няцаалт өгч, хотоо баатарлагаар хамгаалсаар байсан юм. Иймээс Германчууд бүслэлтээ үргэлжлүүлэн хотын хүн амыг өлсгөлөнгөөр буулган авахаар шийдсэн. Дайснууд хотын томоохон хүнсний агуулахуудыг хамгийн эхэнд дэлбэлсэн нь харгис хэрцгий бодлого байсан юм.

Бүслэлт эхлэнгүүт хүнсний нөөц дуусч, талоноор олгож эхэлжээ. Жирийн иргэд өдөрт 125 гр, ажилчид 250 гр хар талхны нормтой. Эргэн тойрны бүх хуурай газрыг бүсэлж, хот руу орох гарах авто зам, төмөр замыг бүгдийг хаажээ. Бүслэлт эхэлснээс 3 сарын дараагаас гудамжинд өлсгөлөнгөөс болж нас барсан хүмүүсийн цогцос харагдаж эхэлсэн байна.

 

Агаараар, усаар гэсэн хоёр аргаар хүнс залгуулах боломжтойгоос онгоцоор хүнс тогтмол зөөгөөд байх аргагүй тул хотын зүүн хэсгээр Ладога нуурын ус хөлдөнгүүт хот руу маш бага хэмжээгээр хүнс нууцаар оруулдаг, эргээд хүүхдүүдийг бүслэлтээс зөөж гаргадаг байсан. Гэхдээ нацистуудыг Ладог нуурын орчмыг тасралтгүй бөмбөгдөж, өлсгөлөнг давж зугтсан иргэд зам зууртаа амиа алдаж байсан юм.

Олон хүний амьдралыг залгуулж “гадна” ертөнцтэй харьцах ганц жим болж байсан болохоор түүнийгээ “амьдралын зам” гэж нэрлэж байсан.  

Хүнд хатуу үеийг даван туулахын тулд хүмүүс идэж болох бүх л зүйлийг иддэг байж, муур нохойг идэж, сүүлдээ хулгана харх ч харагдахаа больсон гэдэг. Түүнээс гадна цавуу, мод, холтос, арьсан гутал, ширэн бүсийг буцалгаж шөл болгоно , ханын цаасаа уран зажилж байсан талаарх гашуун түүх өнөөг хэрнээ хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсээр байдаг.

 

Өвлийн хүйтэн, тог цахилгаангүй, түлэх түлээгүй, идэх хоолгүй, олон хоног сарын өлсгөлөнт тарчлаанд юу ч хийхээс сийхгүй мэт санагдавч тэд оюунт хүн хэвээрээ байсан юм.

Фашистууд хортой хоол хүнс, өвчтэй мал амьтан онгоцоор хаяж хотын  оршин суугчидыг хордуулах ,өвчин тахал тараах гэх мэтийн хамгийн бузар харгис хэрцгий арга хэрэглэж байсан ч тэд баатарлагаар тэмцээр байсан юм.

Зарим эх сурвалжуудад гудамжинд хүн нас барахад тэдний цогцос дорхноо алга болдог байсан. Хүний махаар хооллодог хэд хэдэн бүлгэм илрүүлж, тэдгээр хүмүүсийг газар дээр нь буудан алдаг байсан талаар бичсэн байдаг.  

Ленинградын газар тариалангийн хүрээлэнд Зөвлөлтөд төдийгүй дэлхийд цор ганц байх үр тарианы фондод олон тонн үр тариа, төмс, будаа бүтнээрээ үлдсэн байдаг. Өлссөн хотынхон ширхэг ч төмс, атга будаанд гар хүрсэнгүй, хүрээлэнгийн 28 ажилтан өлсгөлөнгөөс болж нас барсан байдаг. Дайны дараа чухам энэ фондын ачаар газар тариалан, хөдөө аж ахуй эргэн сэргэж олон сая хүнийг хүнстэй залгуулж, амьдрал бэлэглэсэн ачтай газар гэдэг.

 Бидний өнөөдрийн идэж буй төмс, ногоо, гурил ч энэ фондоос эхтэй болов уу хэмээн боддог.

 

Д.Отгонбаатар

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.