А.СОЛОНГО: МОНГОЛЫН САВАН ҮЙЛДВЭРЛЭЛ ДОТООДЫНХОО ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ


Хүчит шонхор” захын мах худалдаалах цэгээс шууд хогийн цэгт хаягдаж байсан өөх, тосонд харамсан сэтгэлээс саван үйлдвэрлэх санаагаа олж,  үйлдвэрлэлээ эхлүүлсэн “Чоёо саван” ХХК-ийг үүсгэн байгуулагч А.Солонгыг “Содон зочин” буландаа онцоллоо. Тус компани  эдийн саван үйлдвэрлээд 2 жил, худалдаанд гаргаад 1 жил гаруйхан болж байгаач Монгол орны өнцөг булан бүрд бүтээгдэхүүн нь хүрч чаджээ.

БИЗНЕСИЙН НЭР: “ЧОЁО САВАН”

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:  ЭДИЙН САВАН ҮЙЛДВЭРЛЭЛ

ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ОН: 2017 ОН

БАЙРШИЛ: УЛААНБААТАР ХОТ СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ

СОШИАЛ ХУУДАС: ЧОЁО МОНГОЛ САВАН

-Сайн байна уу? Ярилцах цаг зав гаргасан танд баярлалаа.

-Баярлалаа. Уншигчдад энэ өдрийн мэнд хүргье.

-Үйлдвэрлэлээ эхлүүлээд хэдэн жил болж байна?

-Манай компани байгуулагдаад хоёр жил болох гэж байна. 2017 оны наймдугаар сарын 17-нд компани байгуулж байсан.  Бид шинээр бүтээгдэхүүн хийсэн юм  биш дээ. 1923 онд Нийслэл хүрээнд саванг гар аргаар анх үйлдвэрлэж эхэлсэн байдаг бөгөөд 1952 онд “Мах комбинат”-ын  дэргэд анхны савангийн үйлдвэр байгуулагдаж байв.  Энэ үйлдвэрийн ашиглаж байсан технологи дээр бид өнөөдөр савангаа үйлдвэрлэж байгаа юм. Анх эдийн саван хийх санаа гаргаж байхад миний танилууд “эдийн саванг хүмүүс бараг хэрэглэхээ больчихсон шүү дээ ямар тэнэг санаа вэ” гэж байсан. Би өөрөө саван, угаалгын нунтагаас харшилтай учраас өрхийнхөө хэрэглээнд зориулаад эдийн саванг малын өөх тос ашиглан хийсэн минь их амжилттай болсон. Ингээд би нөхөртэйгөө ярилцаад үүнийгээ үйлдвэр болгож, олон нийтийн хэрэгцээнд зориулан гаргая гэж шийдсэн.

-Танай бүтээгдэхүүний гол түүхий эд нь малын гаралтай тос болдог юм байна шүү дээ. Түүхий эдээ хаанаас ханган нийлүүлдэг вэ?

- Манайх Эмээлтийн мах бэлтгэлийн газраас зуны улиралд өөх тосоо их хэмжээгээр бэлтгэдэг.  Намайг бага байхад өвөө, эмээ минь малын өөхнөөс ялгасан хашин тосоор боорцог хайрдаг, тэр нь их амттай байдаг байлаа. Гэтэл одоо зээ охин нь тэр тосоор нь саван хийж суудаг, сонирхолтой л санагддаг. Юутай ч хүнсэнд хэрэглэдэг тос манай савангийн гол түүхий эд  учраас хүний биед харшлахгүй эко бүтээгдэхүүн болж байгаа юм.

-“Чоёо” гэдэг нэр нь ямар учиртай юм бэ?  

            Маш олон хүн энэ нэрний талаар асуудаг. Нарантуулын өргөтгөлийн бөөний худалдааны эгч нар манай савангийн нэрийг  Хятад эсвэл Солонгос нэр шиг сонсогддог гэсэн. Гэтэл энэ нэр жилийн дөрвөн улиралд тасралтгүй цэцэглэдэг азжаргалын цэцэг буюу “Катарантус розе” гэдэг цэцэгний Монгол нэр юм. Маш сайхан бэлгэдэлтэй цэцэг учраас “Чоёо” цэцэгний нэрээр компаниа нэрлэсэн.

- Монголд эдийн саван үйлдвэрлэдэг хэд хэдэн компани байдаг вэ? Эдгээр үйлдвэрүүдээс танай үйлдвэрийн саван юугаараа онцлог вэ? 

- “Монхими” ХХК-ийн Дашзэвэг ахын хийдэг “Тана” бренд, “Дорнод импекс” ХХК-ийн “Сайн саван” бренд, “Атимос” ХХК-ийн “Цэвэрхэн”, бас айхтар ажиллсаг эмэгтэйн хийдэг “Эко” гээд эдийн савангууд зах зээлд нийлүүлэгдэж байна.  Эдгээр савангын үйлдвэрүүд бүгд л чанартай  саван үйлдвэрлэдэг тул бид нэгнээсээ нэг их ялгарахгүй байх. Савангын гол түүхий эд болсон өөх тос нь жинхэнэ байгалийн гаралтай байгаад л хамаг учир нь байгаа юм. Манай үйлдвэрийн зорилго бол хамгийн хямд, хамгийн чанартай саванг хэрэглэгчдэд  хүргэх. Бидний үйлдвэрлэж байгаа саван ямар нэгэн нэмэлт химийн бодисгүй учраас харшилтай хүмүүс ихэвчлэн хэрэглэж байна. Манай савангийн найрлагад малын гаралтай тос, далдуу модны тос, глицерин, давс, ус орсон. Үүнээс өөрөөр үнэр, өнгө, дүүргэгч зэрэг химийн нэмэлт бодис ороогүй. Манай саванг нярай хүүхэдтэй ээжүүд их авч хэрэглэдэг. Тэгэхлээр анх зорьсон зорилгодоо хүрэхэд дөхөж явна уу даа гэж бид боддог. Харин гар нүүрний саван хийдэг хувь хүн, компаниуд их болсон. Эдгээрээс Батцэцэгийн “Гилгэрэм”, Хулангын “Лхамор” брендийн савангууд дотоод, гадаадын зах зээлд  их амжилттай байгаад баяртай байдаг шүү.

-Ямар нэгэн химийн нэмэлт бодисгүйгээр  саван үйлдвэрлэхдээ  малын гаралтай тосны үнэрийг нь яаж дарсан бэ?

-“Чоёо эдийн саван”-ын  хөгжүүлэлт дээр бараг 1 жил гаруй хугацаанд  ажиллаж, чаналгын явцад малын өөх тосны үнэрийг багасгах, тос цэвэршүүлэх гээд олон асуудлыг бид шийдсэн. Монгол саванг хүмүүс малын өөх тос үнэртдэг, муу хөөсөрдөг гээд байдаг. Манай саванг хэрэглэж үзсэн хэрэглэгчид чанарыг нь мэднэ. Анх гаргаж байхдаа маш их туршилт судалгаа явуулж хими биологийн олон эрдэмтэдтэй уулзсан. Эдгээрээс адууны яснаас кальци бүтээгдэхүүн гаргаж авсан “Монхимо” ХХК-ийн удирдлага, энэ компанийн технологич Баасансүрэн агсан, ШУА-ын Химийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн Ганбаатар багш нар саванг үйлдвэрийн аргаар, олноор хийх технологийн талаар их үнэтэй зөвлөгөө, бодит дэмжлэг үзүүлсэн. Эдгээр буянтай хүмүүсийн зөвлөмж, заавараар  бид  савангийн илүүдэл шүлтийг угаах, урвалыг удирдах зэрэгт суралцсан.  Харин үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ёстой л нэг Туулын мөсийг долоох шахаж байж цуглуулсан, бас их цаг орсон тайлбар болох байх энэ сэдэв.

-Хоёр жилийн өмнө үйлдвэрээ байгуулсан гэсэн. Үүнээс хэдий хэр хугацааны дараа бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд хүрч эхэлсэн бэ?

-Манай компани  2017 оны 8 дугаар сард үүсгэн байгуулаад, 2018 оны 7 дугаар  сард анхны эдийн саванг МХЕГ-ын лаборторийн шинжилгээгээр баталгаажуулагдсаны дараа хэрэглэгчдийн гар дээр хүрч эхэлсэн. Анхны бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд үнэгүй тарааж хэрэглэж үзэхийг санал болгосон. Байгалийн гаралтай, химийн нэмэлт бодисгүй гэхээр ихэвчлэн харшилтай хүмүүс сонирхож эхэлсэн. Гэхдээ харшилтай хүмүүс бүх төрлийн бүтээгдэхүүн дээр болгоомжилж хандаж байгаа нь ажиглагдсан. Мэдрэмтгий арьстай хүмүүст үр дүн нь харагдсан учраас шалгарч гарч ирсэн болов уу гэж бодож байна. Хэрэглээд үзчихсэн хүмүүс маш сайшаалтай хүлээж авсан, ерөнхийдөө хэрэглэгчдийн тоо өсч байгаа.

- Хаагуур худалдаалж байна вэ?

“Нарантуул” худалдааны төв болон “Хархорин” захын бөөний худалдааны цэгүүдээр дамжуулан худалдаалдаг. Байнгын хэрэглэгчид маань гэрээрээ захиалчихдаг,  хөдөө орон нутгаас ч  захиалга ирнэ. Мөн Сонгино хайрхан дүүргийн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эмнэлгүүдэд, авто угаалгын газар, ХХЕГ-ын ангиудад нийлүүлдэг.  “Миний дэлгүүр” ХХК, “Номин тав” ХХК-д үнийн санал, бүтээгдэхүүний дээжийг өгсөн байгаа, удалгүй эдгээр компаниудын сүлжээ дэлгүүрээр худалдаалагдах байх.

- Үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэлтэй асуудал тулгарч байна уу?

- Монголд ямар нэгэн үйлдвэрлэл  эрхлэх, тэр дундаа хувийн санхүүжилтэйгээр үйлдвэрлэл эрхлэх ихээхэн төвөгтэй. Заримдаа дотоодын үйлдвэрлэгчдийг Төрөөс дэмждэггүй шахаж, хавчих тал руугаа бодлого нь чиглэсэн мэт санагдах үе байдаг ч эцэсийн эцэст үр минь үлдэх эх орон тул юундаа ч гомдох билээ.  Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан нэн хөнгөлттэй зээл нь “буруу гараар”  орсон гэдгийг Монгол даяараа яриад л байдаг, засаж залруулах оролдлого одоохондоо алга л байна,  энэ яахав цаг зуурын бэрхшээл биз. Нөгөө талаас нэг сэдвийг дурсахгүй байхын арга алга.  Төрийн хөрөнгөөр худалдан авалт хийж буй тендерт ялахаас илүүлтэй оролцох нь их хүндрэлтэй. Саяхан манай компани ШШГЕГ-ын эдийн саван худалдан авах тендерт ороод ялагдчихсан. Шалтгаан нь үүсгэн байгуулагдаад 3 жил болсон байх ёстой, дотоодод үйлдвэрлэгдэх боломжтой эдийн саванг, гаднаас импортолдог угаалгын нунтаг, гар нүүрний савантай нийлүүлж нэг багц болгон заралсантай холбоотой. Хэрэв шударга ёс гэж байдаг бол, хуулийг хэлбэрэлтгүй дагадаг байсан бол ШШГЕГ-ын ажилтнууд дотоодод үйлдвэрлэх боломжтой 50.000 эдийн саванг тусад нь багц болгоод сонгон шалгаруулалт явуулаад нэг бүрийг нь 450 төгрөгөөр худалдан авах байсан юм. Гэтэл тэд авто ломбард ажиллуулдаг компанид давуу байдал үүсгэн тендерт ялуулж, ОХУ-ын үйлдвэрлэсэн эдийн саванг 520 төгрөгөөр худалдан авсан.

Энэ байдлыг салбарын сайд болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдүүлж годмол гаргасан ч энэ газрын мэргэжилтэн нь  Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, материал худалдан авах тухай хууль, Засгийн газрын 336-р тогтоол, Сангийн сайдын тушаалыг зөрчөөгүй гэж үзсэн. Уг нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ жил үндэсний үйлдвэрлэлээ дэмжих жил болгож зарласан байдаг. Саван үйлдвэрлэлээрээ манай улс   дотоодынхоо хэрэгцээг хангалттай хангах боломжтой. Манай үйлдвэр л гэхэд өдөрт 10000 саван үйлдвэрлэх хүчин чадалтай ч дөнгөж 10% хүрэхгүй хувийг л ашиглаж байна. Манайд импортын барааг орлох чанартай саван үйлдвэрлэж байгаа олон компани байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр компанийг би ердөөсөө өрсөлдөгч гэж хардаггүй. Дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд оролдож байна гэдэг нь маш сайн хэрэг. Харин бид хамтарч ажиллаад импортлогч бус үйлдвэрлэгч байж чадвал улс эх орондоо том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Бид Монгол бүтээгдэхүүнээ муу байсан ч аваад хэрэглэж л байх хэрэгтэй. Импортын бараа бүтээгдэхүүнийг  их хэрэглэх тусмаа бидний нүүрс, алтаа зарж олж ирсэн хатуу валют гадагшаа урсаж байгаа гэсэн үг шүү дээ. Ийм ч учраас “Импортоос татгалзаж,  эх орноо хөгжүүлье” гэсэн уриалгыг бид эдийн савангийн боодол дээр хэвлүүлж, уриалж ажиллаж байгаа юм.

- Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн импортын бараанаас үнэтэй байдаг. Танай саван импортын савангаас үнийн хувьд хямд байж чадаж байгаа юу?

- Манайх Монголдоо хямд үнэтэй бүтээгдэхүүндээ орж чадаж байгаа. Бөөний үнэ нь 400 төгрөгийн үнэтэй, жижиглэнгийн үнэ нь 450 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа. Харин хөдөө орон нутгуудад үнэ нь бага зэрэг нэмэгдэж, худалдаалагдаж байна.

- Цаашдаа үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

Манайх үйлдвэрээ өргөжүүлэхээр ажиллаж байна. Бид цаашдаа шингэн саван, гар нүүрийн саван үйлдвэрлэх төлөвлөгөөтэй, судлаж байгаа. Саван нь хүний биед шууд хүрэлцэж байдаг бүтээгдэхүүн учраас маш нарийн туршилт судалгаа хийж байж эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчидийн гарт очих ёстой. Тухайлбал малын гаралтай бүтээгдэхүүнээс харшилдаг хүн байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

Ардчилал.мн

Б.Бадралмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.