МАХ МАГНАГ БОЛЖ ИРГЭД ТУЙЛДЖЭЭ


Өнгөрсөн намраас хойш махны үнэ тогтмол өссөөр нийслэлийн иргэд  хаврын тарчиг цагт нэг килограмм махыг 10 мянга хол давсан үнээр худалдаж авч байна. Энэхүү махны үнийн өсөлтийг урд хөрш рүү мах экспортод гаргаж, малчдаас малыг нь үнэтэй худалдаж авснаас нөөцийн махгүй болсон гэж тайлбарлах болжээ. Уг нь гадагшаа мах экспортолсноор малчдын орлого нэмэгдсэн. Гэтэл дотоодынхоо махны үнийг тогтвортой барих төр засгийн бодлого алдагдаж, нийслэлийн иргэдийн нуруунд хүнд ачааг үүрүүлжээ. Үүнээс үүдэн өнөөдөр манай нийгэмд хот, хөдөөгөөрөө талцах тохиолдол эрс нэмэгджээ.

Улаанбаатар хотын махны худалдааны төвүүд ихэнх нь “Хүчит шонхор” захаас махаа бөөндөн авч иргэдэд хүргэдэг. Тус зах дээр өнөөдрийн байдлаар үхрийн цул мах 9500-11000 төгрөгийн үнэтэй, хонины цул мах мах 8500-9000 мянган төгрөгийн бөөний үнэ ханштай байна. Харин зах, худалдааны төвүүдэд энэ үнэ  1500-2000 төгрөгөөр нэмэгдэж худалдаалагдаж байна.

Гэтэл томоохон сүлжээ дэлгүүрүүдээр махны бөөний үнэ дээр 3000-5000 төгрөг нэмэгдэж зарагдаад уджээ. Тухайлбал “Миний сүлжээ” дэлгүүрт үхрийн цул мах 16,200 төгрөг үхрийн ястай мах 13,000 төгрөг, хонины цул мах 10,440 төгрөгийн ханштай байна. Гэтэл зарим мах нь хөлдөөж хадгалсан хуучин мах хирнээ зах дээр зарагдах шинэхэн махнаас өндөр үнэтэй байсан юм. Биднийг сурвалжлах явцад дэлгүүрээс мах худалдаж авч байгаа хүн байсангүй. Худалдагчийн хэлж буйгаар өглөөний 11 цаг, оройны 5 цагаас хойш ажлын цаг дууссаны дараа арай эрэлттэй байдаг гэлээ.

ЦАЛИН ТЭТГЭВЭР БУУСНЫ ДАРАА ХУДАЛДАН АВАЛТ АРАЙ ДЭЭРДЭНЭ

Харин зах дээр худалдаалагдаж байгаа шинэхэн махны үнэ ханшийг харьцуулахаар өдөр 14 цагийн үед Баянзүрх захын махны лангуун дээр очсон юм. Тус захын махны лангуун дээр шинэхэн мах төрөл төрлөөрөө өрөөстэй. Гэвч худалдан авагч бараг байсангүй. Мах худалдаж авахаар ирсэн цөөн хэдэн хүн чанартай сайн мах хайхаасаа илүү хямд мах хайж, лангуу бүрээс үнийг нь асууж тойрч явсан юм. Үхэр, хонины махыг төрөл төрлөөр нь ангилж үнийг нь тавьсан байдаг лангуунууд махныхаа үнийг ч тавихгүй амандаа орсон үнээ хэлж зогсоно.

Баянзүрх зах дээр 2019 оны тавдугаар сарын 13-ны байдлаар үхрийн ястай мах 11-12 мянган төгрөгийн үнэтэй, цул хааны мах 13 мянга, гуяны мах 14 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байлаа. Харин хонины цул мах 12 мянга, ястай мах 10-11 мянган төгрөгийн үнэтэй. Ямаа, адууны мах зарж байгаа лангуу байсангүй. Мах үнэтэй болсноос хойш их хэмжээгээр махаа худалдаж авдаг хүн ховор болчихсон гэж худалдаа эрхлэгчид хэлж байсан юм.

Баянзүрх захын махны лангуу түрээслэгч н. Болороо. “Би мах зараад 18 жил болж байна. Энэ намар идэшний үе буюу мах хямдардаг үеэр  Хятадууд мах худалдаж аваад шууд үнэ нь өсчихсөн. Үүнээс хойш ахиж буурахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Би өглөө үхрийн тарган махыг “Хүчит шонхор” захаас 10 мянган төгрөгөөр худалдаж аваад 12-13 мянган төгрөгөөр зарж байна. Бид өндөр үнэтэй бөөндөж аваад  хоногийн хоолоо залгуулах гэж яваа хүмүүст 13, 14 мянга гээд хэлээд зогсож байна гэдэг үнэхээр хэцүү. Энэ жил хүмүүсийн худалдан авалт маш их буурсан. Цалин тэтгэвэр буусны дараа худалдан авалт арай дээрдэнэ. Бусад үед иймэрхүү эл хуль л байна. Үд гэхэд зараад дуусчихдаг байсан махаа өдөртөө багтаагаад зарж чадахаа байсан. Ингээд зарж чадаагүй мах маань өнгө нь хувирна. Тэгээд л махныхаа үнийг буулгаад ямар ч ашиггүй шахуу ажиллаж байна” гэлээ.

МАХ ИДЭХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХОНОГИЙН ХООЛОО ЗАЛГУУЛЖ БАЙНА

Харин мах худалдаж авахаар ирсэн иргэд “Өдөр ирэх бүрд үнэ нь нэмэгдчихсэн байх юм” хэмээн маш их бухимдаж байсан юм. Зарим нь махаа ихэвчлэн бөөнөөр нь худалдаад авчихдаг байсан бол энэ жил үнэхээр чадал хүрсэнгүй гэж халаглана. Бид хэчнээн үнэтэй байна гэж яриад үнэ нь буурахгүйгээс хойш яах билээ хэмээн яриа өгөхөөс татгалзах иргэд ч цөөнгүй байсан юм.  

Иргэн Ч.Нямжав: “Би урьд нь махаа авахдаа ахиухан авчихдаг байсан. Гэтэл одоо тэтгэврийн хэдэн төгрөг нь их авахад хаанаа ч хүрэлцэхгүй ганц хоёр килограммаар нь л зөөж байна. Нөөцийн мах уг нь худалдаанд гарсан гэсэн. Бидэн шиг хөгшин хүмүүс түүнд нь хүрч авч чадахгүй, дээр нь сайн шөл гардаггүй. Эм авах мөнгөөрөө эмээ ч авч чадахгүй мах авч байна шүү дээ”.

Иргэн Г.Оюунгэрэл: “Би уг нь өвөл 12 сард нэг үхрийн махыг килограммыг нь 5500 төгрөгөөр авсан. Одоо мах дуусчихсан. Тэгээд нөөцийн мах арай хямд гээд авах гэтэл олдохгүй байна. Манайх ам бүл хоёулаа нэг килограмм мах аваад хоёр хоногийн хоол хийдэг. Ер нь олигтой хоол идье гэвэл нэг килограмм махаар хийнэ шүү дээ. Гэтэл махгүй хонож байгаа хүн ч байна. Би өглөө “Хүчит шонхор” захаас 100 мянган төгрөгөөр 4-5 килограмм л мах авсан. Сонгуулийн өмнө жил л махны үнээр баахан шоу хийх байхдаа. Одоо ер нь тэгээд сонгууль өгөх хүн байгаа ч юм уу даа”.

Д.Байгальмаа: “Би сая хоёр килограмм гаруй хонины мах 23000 төгрөгөөр авлаа. Манай хүүхэд ногооны харшилтай. Тэгээд л химийн бордоотой хүнсний ногоо хэрэглэхгүй гээд мах гурилаа хэрэглэж байна. Ганц хээрийн өвс ногоо идэж байгаа гээд л махаа авах юм. Гэтэл ингээд үнэ нь хүчрэгдэхгүй. Өнөөдөр гэхэд таньдаг хүнээсээ зээлээр аваад дараа нь мөнгийг нь өгнө гээд бичүүлээд л зогсож байна.

Иргэн Г.Болорцогт: “Мах гэдэг тансаг хэрэглээ болчихсон гэтэл бид чинь мах идэхгүй байж чадахгүйгээс хойш дайвар бүтээгдэхүүнээр хоногийн хоолоо залгуулж байна. Мөнгөтэй чадалтай хүмүүс махаа аваад идчихнэ. Гэтэл бидэн шиг хүмүүс хоёр хоног идэх мах авч байснаас жижиглэнгийн гэдэс цувдай аваад олон хоног идсэн нь дээр шүү дээ. Гэдэс цувдай иднэ гэдэг нь эрүүл мэндэд  муу  биш л дээ гэхдээ хэдэн мянган малтай байж махандаа хүрч чадахгүй Монгол хүн байна гэдэг харамсалтай байна. Мах үнэд орсон гээд хоосон хонохгүй л дээ. Гэхдээ л иргэд саван, саалиа авдаг хэрэглээнийхээ мөнгөнөөс хасаад махаа авч байна.  

Мах магнаг болсон энэ үед дайвар бүтээгдэхүүний эрэлт ихэсжээ. Энэ жил дайвар бүтээгдэхүүн 1000-1500 төгрөгөөр нэмэгджээ. Дайвар бүтээгдэхүүн худалдаалагчдын хэлж буйгаар махны үнэ өссөн учраас дайвар бүтээгдэхүүний үнэ ч  нэмэгдсэн гэлээ. Баянзүрх зах дээр элэг 2000, зүрх 6500, үхрийн гүзээ 6000, адууны умс, кита 5000, хонины толгой 4000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байсан юм.

Ийнхүү өнөөдрийг хүртэл магнаг болсон махны талаар өнөө муу хэлүүлдэг ченжүүдээс өөр хэн ч ам нээгээгүй байв. Тодруулбал өчигдөр "Хүчит шонхор" захын  махны худалдаа эрхлэгчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр махны үнийн өсөлтийг хэн ч ойлгохоор тодорхой тайлбарласан.

Гэтэл өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэс хөндлөн, салбарын сайдын амнаас гарахааргүй, бодит амьдралаас тасарсан тайлбар хийжээ. Сайд хэлэхдээ "Өнгөрсөн өдрүүдэд орон нутгаар цаг агаар хүндэрсэн нь махны нийлүүлэлтэд нөлөөлсөн. Мөн шатахууны үнийн өсөлт, гарал үүслийн баталгаажилт хангагдаагүй гэх мэт шалтгаануудаас үүдээд зах зээл рүү нийлүүлдэг махны хангамжийн байдал 30-50 хувиар тасалдсан нь махны нийлүүлэлтэд нөлөөлж, үнэ савлахад хүргэсэн" гэх тайлбарыг хийгээд сууж байна. 

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.