АРВАН САЯ АМ.ДОЛЛАРЫН АВЛИГЫН УЧИР НАЧИР БА ЭЗЭД


Өнгөрсөн долоо хоногийн хамгийн дуулиант мэдээг "Зууны мэдээ" сонины сурвалжлагч Б.Дамдин-Очир гэгч цацав. Тэрээр “Засгийн газрын нэг сайд авлигын хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Тэр сайд 10 сая ам.долларыг авлига болгон авсан байж болзошгүй байна. Энэ нь одоогийн ханшаар 26 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм” хэмээн мэдээлснээр авлигын эзнийг тодруулах сонирхлыг өдөөж орхижээ. Нийгмийн сүлжээгээр тодорхой нэр заасан постууд ч гарч эхлэв.

Хэдийгээр Хууль зүйн сайд нь “дуулаагүй юм байна” гэж гүрийсэн ч монголд нууц гэж байдаггүйн жишгээр 10 сая долларын авлигын учир начир тодорч эхэллээ.

Авилга авахад хүргэсэн объект нь Дорнодын ДЦС ажээ. Тус станц 36 МВт-ын хүчин чадалтай, хоногт 1600 тонн нүүрс хэрэглэдэг. Бүрэн хүчин чадлаараа ажиллаад Сүхбаатар аймгийг эрчим хүчээр хангах боломжгүй, Дорнод аймгаа л хангах болжээ. Зүүн бүсийн эрчим хүчний өсөлтийг хангаж хүчрэхгүй болсон учир Дорнодын ДЦС-ын хүчин чадлыг яаралтай нэмэгдүүлэх болж концессын гэрээгээр өргөтгөл хийх шийдвэр анх гарчээ. Өргөтгөлийн эхний ээлж 50 МВт тоноглолыг 2015 онд, үлдсэн тоноглолыг 2016 онд ашиглалтад өгөх нөхцлөөр концессын гэрээ хийх компани олдоогүй гэнэ. Ахин зарлал явуулж ялагч нь тодорсон ч, хэсэг хугацааны дараа өнөө компани нь гэрээ хийхээс татгалзжээ. Хоёрдугаарт жагссан компанид санал хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй.

2018 оны 7 дугаар сарын 4-нд Засгийн газрын хуралдаанаар “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл”-ийг Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлж, “түлхүүр гардуулах” нөхцлөөр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан 2021 онд ашиглалтад оруулах шийдвэр гарав. Үүний дагуу 2019 оны 3 дугаар сарын 13-нд Эрчим хүчний яамнаас “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх ТЕНДЕР-ийг зарласан ажээ.

Тендерийн шалгаруулалтын комисс ажлаа хийх гэтэл орон нутгаас сонгогдсон гишүүн, Засгийн газрын гишүүн гэсэн хоёр эрх мэдэлтэн тэдэнд нөлөөлөх, өөрсдийнх нь нэр заасан компанийг тодруулах ажиллагааг тасралтгүй явуулж эхлэсэн байна. 4 дүгээр сарын 29-ны өдрийн 12 цаг 00 минутад тендерийн материалыг нээх ёстой байсан нь хойшлогдов.

Энэ бүхний учир шалтгаан нь нэр бүхий хоёр гишүүн гадаадын оролцогчоос 10 сая долларын авлига авсанд байжээ. Эрхэм хоёр гишүүн дотно найзууд агаад 2012 оноос шударгаараа гайхагдан нөхөрлөж ирсэн хүмүүс аж.

10 сая долларын авлигыг оны өмнө арабын нэгэн улсад тэднийг ажлаар явах үед тохиролцсон агаад тендер зарлагдсны дараа 10 сая долларыг хүлээн авсан нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар тодорхой болжээ. Одоо Ерөнхий сайд авлигач гишүүн, сайд хоёрын хүзүүн дээр шудрага ёсны сэлмээ буулгах эсэхийг харах л үлдлээ.

Ц.Отгонсүрэн

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-05-14 ip: 202.179.31.242

    Дээрх нийтлэлийг уншсан хэнд ч болов ДАВААСҮРЭН САЙД, БОЛОРЧУЛУУН ГИШҮҮН гэсэн бодол шууд толгойд орж ирэх ажээ.