ТҮРГЭНИЙ МАШИН ХҮРЭЛЦЭЭГҮЙГЭЭС БОЛЖ ТАКСИНД АМИА АЛДСАН ГЭВ


Өнгөрсөн гурав дахь өдөр /2019.05.08/ орон нутгийн нэгэн иргэн хотод ирээд төв эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй таксинд нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат 50 настай иргэн хотод ирээд бие нь өвдөж, нэгэн хувийн эмнэлэгт үзүүлсэн байна. Тухайн үедээ Улсын Нэгдүгээр эмнэлгийн ойролцоох “Өнгөт эхо”-нд зүрхээ харуулахад, тус эмнэлгийн зүгээс яаралтай хяналтад орох шаардлагатай хэмээн үзэж Нэгдүгээр эмнэлэгт харьяаллын дагуу бичиг хийж өгчээ. Өвчтөн эмчийн бичгийн дагуу Улсын Нэгдүгээр эмнэлэг дээр очиж анхан шатны тусламж авсан ч, Гуравдугаар эмнэлэг рүү үзүүл хэмээн явуулсан байна.

Өвчтөний ар гэрийнхний мэдээлснээр “Нэгдүгээр эмнэлгийн машинаар,  эмчийн хяналтад хүргүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн ч яаралтай тусламжийн машинаар хүргэх боломжгүй” гэх тайлбарыг тус эмнэлгээс өгчээ. Иймд тухайн өвчтөний ар гэрийнхэн цаг алдалгүй яаралтай Гуравдугаар эмнэлэгт хүргэхээр такси барьжээ. Гэвч тухайн өвчтөн эмнэлэг явах замд амиа алдсан байна.

Уг харамсалтай хэргийн талаар тухайн өвчтөний ар гэрийнхэн хэвлэлд тодорхой ярилцлага өгчээ. Тиймээс манай сайтын зүгээс Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эм эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Цэцэгээс болсон явдлын талаар тодрууллаа.

-Орон нутгаас ирсэн өвчтөн танай эмнэлгээс тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ сарын 8-нд Баянхонгор аймгийн иргэн  52 настай эрэгтэй, нэг хүнтэй хамт ирж манай эмнэлэгт хандсан нь үнэн. Тухайн үед эмнэлгийн зүгээс анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлээд цусны шинжилгээ авсан. Мөн зүрхний бичлэг хийлгээд, зүрхний шигдээс гэх оношийг тавьсан. Иймд зүрхний шигдээс өвчинд хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ буюу өвчин намдаах, нарийс ч байгаа судсыг тэлэх, цус шингэлэх гэсэн моно хавсарсан эмчилгээг хийсэн.  Анхан шатны үйлчилгээг үзүүлсний дараа Эрүүл мэндийн сайдын 2018 онд гарсан 485-р тушаалын дагуу  зүрхний шигдээс, тархины цус харвалттай иргэдийг Улсын Гуравдугаар Төв эмнэлэг дээр үздэг болсон учраас эмнэлэг хоорондын өвчтөн шилжүүлэх журмын дагуу явуулсан.

-Өвчтөн анх танай эмнэлэгт хандахдаа биеийн байдал нь ямар байсан бэ? Өөр эмнэлэгт шилжүүлж болохоор байсан юм уу?

-Тухайн үед өвчтөний даралт харьцангуй тогтвортой байсан. Хэрвээ даралт уначихсан, шокын байдалтай байсан бол бид явуулахгүй. Иймд цус шингэлэх, өвчин намдаах, судас тэлэх эмийг өгөөд явуулсан. Өвчтөний биеийн байдал артерийн даралтыг үзээд нас барах гэж байгаа тохиолдолд явуулж болохгүй шүү дээ. Эндээ болохоос нь болохгүйг хүртэл арга хэмжээ авна. Тухайн үед эмч ямар эмчилгээ бичиж өгснөө тайлбарлаагүйгээс үүдэн үл ойлголцох асуудал үүссэн байхыг үгүйсгэхгүй ээ.

-Эндээс явахдаа түргэний машинаар явах хүсэлт гаргасан байсан. Гэтэл яагаад түргэний машинаар хүргэж өгөөгүй вэ?

-Журам ёсоороо түргэний машинаар хүргэж өгөх ёстой. Гэтэл өнөөгийн эрүүл мэндийн салбарын байж байгаа нүүр царай энэ байна. Манайх ганцхан яаралтай тусламжийн машинтай. Нөгөө машин маань яаралтай түргэн дуудлагад явчихсан байсан. Иймд түргэний машин хүлээж цаг алдаж байхаар шууд явсан нь дээр гэж бодоод, өөрсдийнх нь унаагаар нь явуулчихсан. Зүрхний шигдээс, цус харвалт гэдэг бол хамгийн аюултай, хурдан хугацаанд үхэлд хүргэдэг өвчлөлүүдийн нэг.

-Талийгаачийн ар гэрийнхэнтэй эмнэлгийн зүгээс холбогдсон уу?

-Бид ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байна. Хэвлэл мэдээллээр л ийм мэдээлэл гарчихсан болохоос биш танай эмнэлэгт гомдолтой байна гээд хүрээд ирчихсэн хүн байхгүй. Бид завгүй ажилтай байдаг учраас нэг бүрд нь анхаарах боломжгүй байдаг.

-Иргэдийн зүгээс зүрхний шигдээс, даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?

-Яаралтай тусламжийн тасагт манайд хоногт 80-100 хүн ирж үйлчлүүлдэг. Үүний 3-4 тохиолдол нь архинаас болсон байдаг. Манайхан эрүүл мэндээ өөрсдөө хохироогоод цаг алдаад ирдэг. Урьдчилан сэргийлэх байдлаар дурандуулахаар ирдэг хүн ховор.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-05-13 ip: 66.181.176.118

    Эмнэлгүүдийн яаралтай тусламжийн хаалган дээр хувийн түргэний машинуудын утас байдаг юм билээ. Гол тэр машинууд өөр үйлчилгээний газруудад утсаа наагаасай гэж бодсон. Мөн ард иргэд лавлахтай харилцаж сурмаар байгаам. Лавлахаас асуусан бол энэ хүн амь алдахгүй байж болох бсан.