Б.ЯВУУХУЛАНГИЙН НЭРЭМЖИТ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛНО


Төрийн шагналт,  Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэний түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Их зохиолчийн тэгш ойд зориулан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн уралдаан зарлагдлаа.  Энэхүү наадмыг түүний 80 насны ойд зориулан анх Завхан аймагт байгуулж байсан бол 85 насны ойд зориулан Улаанбаатар хотноо явуулж байсан. Түүхт 90 жилийн ойд зориулсан энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн засаг дарга, Тамгийн газар, Монголын  Зохиолчдын эвлэл, Завхан аймгийн Утга Зохиолын нэгдэл, Алдархаан сумын Засаг даргын Тамгийн Газар ажиллаж байгаа аж.

Уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа наадам хоёр үе шаттай явагдах юм. Уралдаанд шүлэг, яруу найрагч сонирхон бичдэг хүн бүр оролцох боломжтой.

Эхний шалгаруулалтад оролцогчид өөрийн сүүлийн таван жилд хэвлүүлсэн яруу найргийн номоо Отгонтэнгэр-Очирваанийн орон, Хутагт хувилгаадын тухай бичсэн шүлэг, чөлөөт сэдвээр бичсэн нэгээс доошгүй шүлгийн хамт энэ сарын 24-ны дотор Монголын Зохиолчдын Эвлэлийн байранд ирүүлэх юм. Нэгдүгээр шатанд ирүүлсэн бүтээлээс шүүгчдийн бүрэлдэхүүн 36 шилдэг яруу найргийг шалгаруулна. Шилдгээр шалгарсан 36 найрагч зургадугаар сарын 6,7-нд Л.Ванганы нэрэмжит Хөгжимт Жүжгийн Театрын тайзнаа шүлгээ уншиж  шилдгүүдийг тодруулах аж. Ийнхүү наадмын эцсийн шалгаруулалтыг түүний төрсөн нутаг Завхан аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү наадам нь “Жалханз хутагт Дамдинбазарын хишигт яруу найрагч”, “Дилаво хутагт Жамсранжавын хишигт яруу найрагч”  “Ялгуусан гэгээн Чимэдцэрэн хутагтын хишигт найрагч”, “Наробанчэн Гэгээний хишигт яруу найрагч” “Арь гэгээн Чанаравхутагтын хишигт найрагч”, “Хамба хутагтын хишигт яруу найрагч”, “Билэгт ламын хувилгаан  Дашдорж хутагтын хишигт найрагч”, “Ачит ламын хувилгаан Вандандорж хутагтын хишигт найрагч”, “Буурал багшийн хувилгаан Аажаа гэгээн Г.Гэндэнжамц хутагтын хишигт найрагч”, “Буурал багшийн Хувилгааны хишигт яруу найрагч” “ Андиа Гэгээний хишигт яруу найрагч” гэсэн нийт арван яруу найрагчийг  шалгаруулж, тэргүүн байрын эзнийг Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Хутагтын хишигт” яруу найрагчаар өргөмжилдөг яруу найргийн томоохон наадмын нэг билээ.

Б.Бадралмаа

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.